Коронавирусын хөл хорионы үеэр гэрээсээ үр бүтээлтэй ажиллах 4 зөвлөмж Зөвлөгөө 2020/04/06 0 Коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор дэлхийн улс орнууд хөл хорио тогтоогоод байгаа энэ үед олон байгууллагууд ажилчиддаа гэрээс ажиллах үүрэг өгч, уулзалт, хэлэлцээрүүд онлайн хувилбар луу шилжээд байгаа билээ. Гэрээс ажиллах нь эхэндээ түгжрэлд цаг алдахгүй, албаны хувцас өмсөхгүй зэрэг олон давуу талтай, ажлын хажуугаар хувийн амьдралаа зохицуулах сайхан боломж мэт санагдах ч энэ байдал олон хоног үргэлжлэх үед ажлын бүтээлч байдлаа хадгалж үлдэх нь сахилга бат шаардсан хүнд үүрэг болж хувирах магадлалтай. Мэдээж хүн бүрт өөрийн гэсэн цагийн хуваарь, бүтээмжээ нэмэхэд тусалдаг тусгай арга барилууд байдаг ч бид танд ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд туслах дөрвөн зөвлөмжийг бэлтгэлээ. Гэртээ тусгай ажлын талбар гарга Гэртээ ажлын талбар гаргана гэдэг нь заавал тусдаа өрөөнд, хаалгаа хаах боломжтой орон зайг хэлж байгаа юм биш. Харин оюун санааг тань ажлын горимд ороход туслах тусгай булан, ширээ байхад л хангалттай. Ингэхдээ болж өгвөл амарч, тухалдаг унтлагын өрөө, зочны өрөөний буйдан зэрэг тав тух мэдрүүлсэн байршлуудаас өөр булан, эсвэл өрөө сонгоорой. Тогтсон дүрэм, хэвшил бий болго Дэвшилтэт технологийн тусламжтай бид цаг ямагт хоорондоо холбогдон ямар ч төвөггүйгээр ажлаа онлайнаар явуулах боломжтой байгаа ч заримдаа энэ нь зогсолтгүй 24/7 ажиллаад байгаа мэт мэдрэмж төрүүлдэг сул талтай. Иймээс гэрээс ажиллаж байгаа нөхцөлд өдөр бүр ажлаа тогтсон нэг цагт эхлүүлж, мөн дуусгаж, өдрийн туршид авах завсарлагаануудаа ч тодорхой цагийн хуваарьт оруулан, тэрхүү хуваариа өдөр бүр мөрдөх нь үр бүтээмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ таны оюун санаанд амрах боломжийг олгоно. Цагийн хуваарь гаргахаас гадна гэртээ бий болгосон ажлын талбар дээрээ хоол идэхгүй байх, өдрийн туршид дор хаяж нэг удаа гадаа гаран тархиа сэргээх, ажлын хамт олноосоо тусгаарлагдахгүй холбоотой байх, ажлын бус цагаар ирсэн и-мэйлд өглөө ажлаа эхлүүлэхдээ хариулах зэрэг хэвшлүүдийг тогтоохыг зөвлөж байна. Хувцсандаа анхаар Мэдээж гэрээс ажиллахын хамгийн том давуу тал нь хөдөлгөөн хорьсон албаны хувцас өмсөх шаардлагагүй, хүсвэл унтлагын хувцастайгаа ч ажлаа хийж болох тэрхүү эрх чөлөөнд оршдог хэдий ч дээр дурдсан ажлын дүрэм, хэвшлээ алдагдуулахгүйн тулд өглөө бүр ажлаа эхлүүлэхдээ гэрээс гарч буй мэт хувцаслаарай. Гэрийн хувцасны оронд биед эвтэйхэн жийнсэн өмд, даавуун цамц гээд тав тух алдагдуулахгүй атлаа хэт амралтын төлөв рүү оруулахгүй энгийн хувцас байхад л болно. Мөн хачирхалтай санагдаж болзошгүй ч гэрийн шаахайн оронд гэрээс гадуур өмсөхөд зориулагдсан цэвэрхэн кет, эсвэл өөр хөлд эвтэйхэн гутал өмсөх нь оффис дээрээ очсон мэт мэдрэмж төрүүлж, анхаарал төвлөрөхөд тусалж болзошгүй. Бюро 24/7 Нуруунд эвтэйхэн сандал ол Орон дээрээ хэвтэж, эсвэл буйдангаа налж ажлаа хиймээр санагдсан ч нуруугаа хайрлан сандал дээр зөв байрлалтай суухыг чухалчлаарай. Яг л оффис дээрээ байгаа мэт эвтэйхэн сандал дээр суун ажлаа хийхийн хажуугаар ойр, ойрхон завсарлага аван сандлаасаа өндийж сунгалтын дасгал хийх, мэргэжилтнүүдийн зөвлөдгөөр 20 минут тутам компьютерын дэлгэцээс нүдээ салган хол байгаа объект дээр харцаа 20 секунд төвлөрүүлэх зэрэг дадлуудыг хэрэгжүүлээрэй. 0
Сэтгэгдэл байхгүй байна.