Б.Жонсон, түүний сүйт бүсгүй нар хүүтэй боллоо
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны сүйт бүсгүй Кэрри Симондс Лондон хотын эмнэлэгт өнөөдөр амаржлаа. Эх, нярайн биеийн байдал сайн байна гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.
К.Симондсыг зуны эхээр төрнө хэмээн таамаглаж байсан боловч хугацаанаасаа арай эрт амаржсан ажээ. "Б.Жонсон, С.Симондс нар Үндэсний эрүүл мэндийн газрын гайхалтай баг хамт олонд талархал илэрхийлсэн” гэж хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Өдгөө 55 настай Б.Жонсон, 32 настай К.Симондс нар хүүхэдтэй болох гэж байгаа талаараа өнгөрсөн гуравдугаар сард олон нийтэд дэлгэжээ. Хос өнгөрсөн оны сүүлээр сүй тавьсан бөгөөд тэд Даунинг-Стритэд нүүж ирсэн анхны гэрлээгүй хос болсон юм.
К.Симондсын хувьд анхны хүүхдээ өлгийдөн авч буй нь энэ бол Б.Жонсоны тав дахь хүүхэд юм. Коронавирусний халдвар авсны улмаас эмнэлэгт хүргэгдэж, эрчимт эмчилгээний тасагт гурван хоног хэвтсэн Б.Жонсон үүрэгт ажилдаа даваа гарагт эргэн орсон билээ.
Б.Жонсонд гадаадын орнуудын удирдагчдаас Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нар хамгийн эхэнд баяр хүргэжээ. Мөн Консерватив намын хамтран зүтгэгчид нь түүнд нийгмийн сүлжээгээр дамжуулан баяр хүргэсэн байна. Үүний зэрэгцээ Лейборист намын удирдагч Кейр Стармер, Шотланд, Умард Ирландын тэргүүн сайд нар мөн хосод баяр хүргэжээ.
Б.Жонсон хүүхдээ асран халамжлах амралт авна хэмээн өмнө нь ярьж байсан боловч коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед тэрбээр ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй байна.