Хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгаар хөрөнгийн биржийн өрийг барагдуулна
Засгийн газраас өнгөрсөн сарын 18-нд 292 тоот тогтоолыг гаргажээ. Энэ нь Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв хэмээх цогц байгууллагыг хоёр хуваах тухай юм. Тодруулбал, энэ төвийн нэг хэсэг Бүртгэл хадгаламжийн төвийг Сангийн яаманд хариуцуулж, нөгөө хэсэг болон Төлбөр, тооцооны төвийг Хөрөнгийн биржийн охин компани болгохоор эрх баригчид шийджээ. Үүнийг хууль зөрчсөн үйлдэл хэмээн Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос эсэргүүцэж байна. Үнэт цаасны зах зээлийн хуулиар Хөрөнгийн бирж нь төлбөр, тооцоог хавсран эрхлэхийг хориглосон байдаг. Тэгээд ч хууль ёсны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос ямар ч зөвшөөрөл аваагүй байж ийм шийдвэрийг гаргасан хэмээн тэд Засгийн газрыг буруушааж байгаа юм. Нөгөөтэйгүүр, Төлбөр, тооцооны төвийг 100 хувь Хөрөнгийн биржийн охин компани болгож, тийшээ хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны төлбөр, ногдол ашгийн 11 тэрбум төгрөгийг шилжүүлэх гэж байна. Гэтэл Хөрөнгийн бирж удахгүй хувьчлагдах байгууллагуудын жагсаалтад орчихсон. Дээрээс нь үйл ажиллагаа нь суларчихсан, санхүүгийн чадавхи дорой, Лондонгийн Хөрөнгийн бирж болон Хөгжлийн банкинд өртэй аж ахуйн нэгж юм.
Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд хувьцаа эзэмшдэг хүмүүсийн ногдол ашиг хадгалагдаж байдаг. Иргэд анх энэ төвд үнэт цаасны дансаа нээлгээд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хувьцаа эзэмшсэн түүхтэй. Тэднээс зарим нь одоо нас барсан. Зарим нь хувьцаа эзэмшигч гэдгээ ч мэдэхгүй явж буй юм. Гэтэл одоо энэхүү ногдол ашгийг нь төр 11 сая ам.долларын өртэй байгаа Хөрөнгийн бирж рүү шилжүүлэх гэж байгаа аж. Одоогоор Хөрөнгийн бирж өрийнхөө хоёр саяыг л төлжээ.
Тиймээс Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоог үүсгэн байгуулагч Э.Алтаншагай "Иргэд Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв дээр очоод өөрийнхөө дансны дэлгэрэнгүй хуулгыг авах хэрэгтэй. Дэлгэрэнгүй хуулган дээрээ иргэн танд ногдол ашиг тэдэн төгрөг гээд дансанд чинь байршуулчихсан мөнгө байгаа шүү. Түүнийгээ авах хэрэгтэй. Нас барчихсан хүнийх алга болчихсон гэж хүмүүс боддог. Үгүй, өвлүүлэн авах боломжтой. Нас барсны гэрчилгээг нь авчирч үзүүлээд хуулгаа авч, ногдол ашиг байвал авах эрхтэй юм. Мөн өнөөдөр үнэт цаас цахимд шилжиж сонгодог хэлбэртээ орсон тул таны дансанд ямар компанийн хэдэн ширхэг хувьцаа байгааг баталгаажуулах шаардлагатай. Учрыг нь сайн ойлгохгүй байвал манай төвд хандаарай. Өнөөдөр дансанд нь байршчихаад байхад 20 жил ногдол ашгаа аваагүй хувьцаа эзэмшигч байна шүү дээ” хэмээн сэрэмжлүүлэв.
Өмнө нь 1996 онд Хөрөнгийн бирж хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийн нэг тэрбум 37 сая төгрөгийг эрсдэлд оруулан зах зээлээ доголдуулж байжээ. Ийм учраас 2002 онд Засгийн газрын тогтоолоор Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн үйл ажиллагааг Хөрөнгийн биржээс салган тусгаарласан юм. Гэтэл одоо энэ хоёр байгууллагыг эргүүлэн нэгтгэх тухай ярьж байгаа нь хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын дургүйцлийг төрүүлж байна.
Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ж.Цэдэнрагчаа "Мэргэжлийн байгууллагууд хөрөнгийн зах зээлийн болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг шүүмжилж, ил тод, шударга байх гэхээр торгууль, шийтгэлээр дарамталж байна. Компаниуд хувьцааныхаа ханш, үнэ цэнийг өсгөх гэж л арилжаанд оролцдог. Гэтэл хэн нэгний захиалгаар хувьцааныхаа ханшийг өсгөлөө хэмээн торгож, "сэжигтэй гүйлгээ” нэрээр арилжаанд оролцох эрхийг нь цуцалж байна. Ханш бууруулж яах гээд байна вэ. Хямд үнээр авч, ХХК болгох гээд байгаа юм биш үү” гэж хардах эрхтэйгээ сануулав.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин