Цагаан ордны эргэн тойрон дахь гудамж талбайг зургадугаар сарын 10 хүртэл хаана
АНУ-ын нийслэл Вашингтон хотод эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байгаа тул Цагаан ордны цогцолборын эргэн тойрон дахь гудамж талбай зургадугаар сарын 10 хүртэл олон нийтэд хаалттай хэвээр байна гэж АНУ-ын Нууц албаны төлөөлөгч пүрэв гарагт мэдэгдэв.
"АНУ-ын Нууц алба хотын цагдаагийн газартай хамтран Цагаан ордны цогцолбор болон түүний эргэн тойрон дахь дүүргүүдийг хаасныг мэдэгдэж байна. Энэ нь Цагаан ордны цогцолборын эргэн тойронд аюулгүй байдлыг хангах, мөн тайван жагсаал явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн” гэж Нууц албаны хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдэгдэлд дурджээ.
Цагаан ордны урд талын Эллипс цэцэрлэгт хүрээлэн, E Street болон түүний 15, 17-р гудамжнуудын хоорондох явган хүний зам, Пенсильваны өргөн чөлөө, Цагаан ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнгүүдийг дахин нэг долоо хоног хаахаар болсон байна.
Жагсагчдыг хол байлгах үүднээс сүүлийн өдрүүдэд Цагаан ордны эргэн тойронд хашаа, хаалт тавьжээ. АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотод өнгөт арьст эрэгтэй Жорж Флойд цагдаа нарын гарт амиа алдсаны дараа өрнөсөн эсэргүүцлийн жагсаал Вашингтонд долоо хоног үргэлжилж байгаа юм.
АНУ-ын маш олон хотод тайван жагсаал үймээн самуун болж хувирч, жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон билээ. Харин сүүлийн өдрүүдэд байдал хэвийн болж эхэлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.