Э.Пүрэвжаргал: “Бүтэн амьдрал’ олон ангит киноны Цэнгэлмаагийн дүрийг нэлээд судалга хийж байж бүтээсэн
Жүжигчин хүн дүрээ бүтээх бүрдээ өөр ертөнцөд амьдарч болдог нь гайхалтай. Баян, ядуу, гэнэн цайлган, хорон муу санаатай гээд хүний бүхий л "өнгө”-нд хувирч чаддаг хүнийг жүжигчин хүн гэж миний хувьд боддог.
Энэхүү хүмүүний гайхалтай нэгэн мэргэжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, Монголын ард түмэнд танигдаад байгаа залуу жүжигчин Пунтик буюу Э.Пүрэвжаргалтай ярилцлаа. Тэрээр "Сүүлчийн шөнө”, "Ороолон”, "37-р точка”, "Бүтэн амьдрал” зэрэг нэлээд шуугиан тарьсан уран бүтээлүүдэд тоглож, өөрийгөө эсрэг дүрийг шаггүй сайн бүтээдэг гэдгээ харуулаад амжсан юм.
Таныг жүжигчин мэргэжлийг сонгоход юу нөлөөлсөн бэ?
-Би ер нь аливаа зүйлээс амархан уйддаг хүн. Өөрөөр хэлбэл миний сонгосон мэргэжлийн онцлог нь бүх төрлийн хүмүүст болон мэргэжилд хувирч ажилладаг болохоор дээр хэлсэнчлэн унаган зан араншинтай минь хамгийн сайн тохирч болох юм гэж бодсоноос энэхүү мэргэжлийг эзэмших хүсэл төрсөн.
Үлгэр дуурайл, урам зориг авдаг жүжигчин байдаг уу?
-Тэгэлгүй яах вэ, жүжигчин ч гэлтгүй хүн бүрд өөрийн гэсэн үлгэр дуурайл авч, түүн шиг болох юм сан гэж бодож явдаг хүн бий гэхэд эргэлзэхгүй байна. Миний хувьд МУГЖ Г.Урнаа эгч шигээ жүжигчин болохыг хичээдэг. Бүх зүйлд дайчин, зоримог, тууштай, түүний зан чанараас би эрч хүчийг олж авдаг. Сонгосон мэргэжилдээ авьяас, чадвар, амьдралынхаа бүхий л зүйлийг харамгүй зориулж ажилладаг хүн гэх үү дээ. Мөн залуу уран бүтээлчдийг дэмждэг гэдэг утгаар нь хүндэлдэг.
Таныг хилийн чанадад жүжигчнээр ажиллаж байсан гэж сонссон. Монголд жүжигчин байх гадаадад жүжигчнээр ажиллах хоорондын ялгаа юу вэ?
-Огт өөр. Монгол Улсад жүжигчид бид чинь бүхнийг өөрсдөө хийнэ шүү дээ. Орлон тоглогчтой дүр бүтээх нь ховор. Өөрсдийнхөө авьяас, чадвар, урлагийн төлөө гэсэн чин сэтгэлээрээ тухайн уран бүтээлийг бий болгох бүхий л зүйлд нь ханцуй шамлан оролцож байж сая нэг ард нь гардаг. Ингэхээс ч өөр аргагүй. Харин гадаадад бүх зүйлийг тус тусад нь багууд хариуцаад, даагаад авчихсан байдаг. Жүжигчдийнхээ төлөө илүү ажиллаж, тэднийг сайн уран бүтээл гаргахад нь саад болохооргүй байх талаас нь бүх зүйлийг бодолцсон байдаг нь сайхан. Гэхдээ манай улсын кино урлаг өдөр ирэх тусам хөгжиж, дэлхийн жишиг рүү ойртож байна.
Танд эсрэг болон эерэг дүр бүтээх хоёрын аль нь илүү ойр тусдаг вэ?
-Мэдээж эсрэг дүр. Хүн өөрийгөө бусдын нүдээр харж чаддаггүй шүү дээ. Харин бид амьдралд өдөр бүр бусдыг сонжиж, өөчилж байдаг нь үнэн. Өөрөөр хэлбэл, хүний гаргаж байгаа муу зан, муухай үйлдлийг хүн хамгийн түрүүнд соргогоор анзаардаг. Миний хувьд ч мөн тийм.
Эсрэг дүр бүтээх бүрдээ хэн нэгний гаргаж байсан муухай үйлдэл, зан чанар нь надад зурвас ороод ирэх шиг болдог. Тиймээс л эсрэг дүр надад илүү амар санагддаг.
Харин ч эсрэгээрээ би яг өөрийнхөө зан, чанараар дүр бүтээвэл төдийлөн хүнд хүрэх эсэхийг нь сайн хэлж мэдэхгүй. Тогловол хүнд хүрэх үгүйг сайн мэдэхгүй, үзэгчдэд хүрэх үгүйг хэлэхэд хэцүү.
Удаан судалгаатай дүр авч байсан уу?
-"Бүтэн амьдрал” олон ангит киноны Цэнгэлмаагийн дүрийг гэж хэлнэ. Өмнөх амьдралаасаа хүн яагаад сургамж авах хэрэгтэй байдаг вэ, гэр бүл салахад эмэгтэй хүний оролцоо хэрхэн нөлөөлдөг гэх зэрэг гэр бүлийн харилцаанд тулгардаг асуудлуудад хүмүүс хэрхэн ханддаг талаар нэлээд судалгаа хийж байж тухайн дүрийг бүтээсэн.
Дүрдээ хэт орох үе байдаг уу?
-Жүжигчин хүн хэт дүрдээ орж, сэтгэлийн хөөрөлдөө автаж, хяналтаа алдаж хэзээ ч болдоггүй. Энэ бол байж болохгүй алдаа юм.
Түүхэн болон цэргийн албатай холбогдолтой кинонд дүр бүтээх санал ирвэл та хэр нааштай хүлээж авах вэ?
-Надад ихэнхдээ эсрэг дүрийн санал ирдэг. Би нэгэнт өөрийгөө эсрэг дүрээр сориод, түүгээрээ тодорхой амжилт гаргасан учир одоо өөрийн ажиллаж үзээгүй дүр дээр тоглож үзэх сонирхолтой байна. Тэгээд ч дахиад нууц амрагийн дүрийн санал авахгүй гэж бодож байгаа. Саяхан "Хилгүй жим” хэмээх хилийн цэргийн бодит түүхээс сэдэвлэсэн кинонд цэргийн ангийн даргын эхнэрийн дүр дээр ажилласан. Их гоё кино болох байх гэж найдаж байна. Эх орныхоо тусгаар тогтнол, дархан хилийн аюулгүй байдал, хүн ардынхаа амгалан тайван байдал, аливаа осол, гэмтэл, байгалийн гамшиг бүрд хүмүүний болон бусдын эд хөрөнгийг авран хамгаалж байдаг тэдгээр мөрдэст албаны дайчдын дүрд тоглуулах санал ирвэл би бэлэн.
Таны хувьд эх оронч гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Эх оронч байна гэдэг нь хувь хүнээс шалтгаална гэж боддог. Өөрийгөө хөгжүүлээд сурч, боловсорч явах нь эх оронч байхын нэр гэж бодож байна. Түүнээс биш өөрөө юу ч сурч мэдээгүй, боловсроогүй байж эх орныхоо төлөө юм хийчихлээ гэж ярих нь буруу юм.
Миний хувьд хүмүүсийг сайн сайхан зүйл хийхэд нь уриалж, урлагаараа дамжуулан тэдэнд эрч хүч, бодрол, ухаарал хайрлах нь миний эх орныхоо төлөө оруулж байгаа өчүүхэн хувь нэмэр юм болов уу гэж боддог.
Цэргийн хүмүүсийн талаарх таны бодол …
-Би дүрэмт хувцсанд дуртай. Манай эгч цагдаагийн байгууллагад ажилладаг байсан. Надтай адилхан хэмжээтэй хувцас өмсдөг болохоор нь цагдаагийн дүрэмт хувцсыг нь гуйсаар байгаад авчихсан. Яах вэ, хэзээ нэгэн цагт дүр бүтээхэд минь хэрэг болно гэж бодсоных юм. Төрийн тусгай албанд ажиллаж байгаа хүмүүс үргэлж тушаал, үүрэг даалгавар авч ажлаа явуулдаг гэдгийг иргэд төдийлөн ойлгодоггүй юм шиг санагддаг. Тиймээс хүмүүс тэднийг янз бүрээр хэлж, муулж, доромжилдог. Үүнийгээ болиосой гэж бодож байна.
Таны хамгийн сүүлийн уран бүтээл …
-Олон ангит уран сайхны кинонд тоглох санал аваад дүрийн судалгаанд ороод удаагүй байна. Удахгүй зураг авалт эхэлнэ. Орчин үеийн залуусын хайр дурлал, тэдэнд тулгамдаж байгаа асуудал зэргийг тун сонирхолтойгоор харуулсан уран бүтээл юм.
Цаг гаргаж, ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Ахлах ахлагч Г.Бат-Эрдэнэ
Эх сурвалж: "Соёмбо сонин
Сэтгэгдэл байхгүй байна.