Тусгаарлан ажиглах байр дотроо 3 бүсэд хуваагддаг
"COVID-19"-ийн халдварын дотоодын хавьтал болон гадаадын орнуудаас ирж буй иргэдээ тусгаарлан байрлуулдаг тусгаарлан ажиглах байрыг хэрхэн зохион байгуулж ажилладаг талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээллээ.
Тусгаарлан ажиглах байр дотроо ногоо, улаан, шар гэсэн 3 бүсээс бүрдэн хуваагддаг байна. Үүнээс ногоон бүсэд ихэвчлэн хоол үйлдвэрлэл явагдаж энэ бүсийг тусгаарлан ажиглах байрыг ашиглуулж буй тухайн ААН хариуцдаг байна.
Шар нь улаан бүсээс дамжин ногоон бүс рүү шилжих үеийн завсарын бүс юм. Энэ нь улаан бүсэд ажилласан алба хаагчид ногоон бүс рүү шилжихийн өмнө халдвар хамгааллын дэглэмийг сахиж, халдваргүйжүүлэлтийг хийдэг байна. Улаан бүсэд ажиглалтад байгаа иргэд, тэнд үүрэг гүйцэтгэж буй онцгой байдлын болон эрүүл мэндийн эмч ажилтнууд ажилладаг.
Тэгвэл тусгаарлан ажиглах байранд ажиллаж буй ажилтнууд ямар үүрэгтэй байдаг гэвэл резидент эмч нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Дээр нь хоол түгээх ажлыг зохион байгуулдаг аж.
Онцгой байдлын алба хаагч нь тусгаарлан ажиглах байрны дотоод аюулгүй байдлыг сахиулахын дээр резидент эмчид дэмжлэг үзүүлэх чиглэлээ үүрэг гүйцэтгэдэг талаар мэдээллээ.
Харин цагдаагийн байгууллагын ажилтнууд нь бүхэлдээ аюулгүй байдлыг хангуулан, харуул хамгаалалтыг зохион байгуулан ажиллаж байна. Гарах зөрчлийг арилгуулах үүргийг мөн гүйцэтгэдэг аж.
Нийслэл Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 29 тусгаарлан ажиглах байранд онцгой байдал, эрүүл мэнд, цагдаагийн нийт 258 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тэрээр, тусгаарлах байранд дэглэм сахиж байгаа эсэхийг тагнуулын байгууллага камераар хянаж буйг мэдээлэв.
Сэтгэгдэл байхгүй байна.