Б.БАЯРЦЭНГЭЛ: Орчин үеийн онцлох зургаан уран бүтээлч

0

Б.БАЯРЦЭНГЭЛ: Орчин үеийн онцлох зургаан уран бүтээлч


Энэ удаагийн "Оюунт Монгол" буландаа "Өнөөдөр", Самади" зэрэг үзэсгэлэнгээ олонд дэлгэсэн контемпорари зураач Б.Баярцэнгэлийг урилаа. Тэрбээр өдгөө уран бүтээлээ туурвиж буй гадаадын онцлох зургаан уран бүтээлчийг нэрлэлээ.


1.Nila

Коллаж, иллюстрашныг хослуулж визуал арт бүтээдэг сонирхолтой уран бүтээлч билээ."Сicadaa" хэмээх инстаграмаар өөрийн уран бүтээлээ туурвидаг визуал артист Нилаг онцолж байна.  Түүний бүтээлүүд контемпорари уур амьсгалтай төдийгүй гол дүрүүдээ анхаарал татахуйц ойрхон байрлуулж, туслах дүрүүдтэй холбож, санаанд багтамгүй орчинд авчирдгаараа онцлог. Үүгээрээ ч үзэгчдийг  сонирхолтой аялалд уриалан дууддаг гэхэд болно.

2. Kiki Smith

Кики Смит бол баруунд нэр нь түгсэн алдартай эмэгтэй уран бүтээлч. Түүний бүтээлүүдээр барууны баячууд гангарч, мөн кино, зохиол, рекламд Кики смит хэмээх нэр дурдагдах нь олонтаа. Кикигийн бүтээлүүд олон зуун жилийн түүхтэй суурин соёлоос байгаль дэлхий, ан амьтдыг санагалзсан, хүмүүний дотоод дуудлага мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн график болон баримал, хавтгай баримлуудад нь эмэгтэй хүний зөөлөн мэдрэмжүүд гүн гүнзгий шингэсэн байдаг. Маш хөдөлмөрч, уйгагүй хүчирхэг энэхүү уран бүтээлчийг санал болгож байна.

3. Victoria Villasana

Мексикийн уран бүтээлч Викториа Вилласана холимог техник, текстураар амин сүнсээ олж, сонирхолтой туршилтыг бүтээдэг уран бүтээлч юм. Хуучны гэрэл зургууд дээр өнгийн утсаар ажиллах нь ийм поп уур амьсгал авчирна гэж хэн санах билээ. Мексик төдийгүй дэлхий дахинаа эмэгтэй уран бүтээлчдийн муза болсон алдарт зураач Фрида Карлогийн зурган дээр олонтаа ажилласан нь анзаарагддаг. Түүнийг энэхүү арга барилаа трэнд болгож, мексик эмэгтэйн оргилуун хүчийг мэдэрч, бүтээлүүддээ нэмэлт шийдэл өгнө гэдэгт нь найдсаар байна.

4. Damien Hirst

Английн артист Дэмьен Херст. Энэ уран бүтээлч бол миний хувьд хамгийн галзуу хүн. Яаж урлаглаг галзуурч болдгийг, яаж эр зоригтой галзуу байхыг, эмнэлгийн эм хэрэгслийг бүгдийг нь үзэсгэлэнгийн зааланд нүүлгэчихсэн гавьяаг нь гайхахад багадна.Тэрбээр Английн нүүр царай болсон уран бүтээлч бөгөөд тасралтгүй ажиллаж, урлагаар спорт шиг л  хичээллэдэг нэгэн. Бүтээлүүд нь хүчтэй мөртлөө хөндүүр, зоригтой атлаа эмзэг, хачин мэдрэмжүүдийг халуун, хүйтний туйл шиг цацаж байдаг юм.

5. Ernesto Canovas

Энэхүү уран бүтээлч Испани гаралтай ч Англид амьдарч, уран бүтээлээ туурвидаг. 2019 онд Английн Вестминстер гудамжны нэгэн жижиг галлерейд орсноор түүний гайхалтай давтагдашгүй бүтээлүүдтэй учирсан юм. Түүний модон дээрх хэвлэлүүд үнэхээр гайхалтай.

Модон дээр дахин давтагдашгүй агшин, хором, уур амьсгал, гоо сайхныг сэтгэл булаам үлдээж чаддаг, маш чадварлаг уран бүтээлч юм. Тэр бол гоо сайхан юм.

6. Mila Milena Bini

Баруун гэлтгүй Азид ч урлагийг амьдралд маш дөхөм, өдөр тутамдаа хэрэглэдэг болсон гэвэл болхи сонсогдохгүй байх. Яагаад гэвэл амьдралын сүнс нь урлаг, хайр хоёр мөн гэдэгт бат итгэдэг болжээ. Тиймээс ч хайрлах, урлах эрдэмд бид суралцсаар л байна. Энэхүү уран бүтээлчийн бүтээлийнх нь гол баатар зүгээр л "алим" гээд бод доо .Нэг алимаар юуг ч илэрхийлж болдог. Мөн хэчнээн тансаг гоо сайхныг төлөөлүүлж болдог, алиманд бүхнийг шингээж эсвэл бүхнээс салгаж харах гэх мэтээр олон талаас нь түүний бүтээлийг "уншиж" болно. Нүсэр биш атлаа жинтэй, мөн поп хэллэгүүд нь жингэнэсээр л, орчин үе ээ гэж....

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.