Америк хөлбөмбөгийн шинэ төрөл олимпийн хөтөлбөрт багтах уу?
NFL буюу АНУ-ын үндэсний хөлбөмбөгийн лигээс дарцагт хөлбөмбөгийг ирэх 2028 оны Лос Анжелесийн олимпийн хөтөлбөрт оруулахаар зорьж байна. NFL-ийн олон улсын үйл ажиллагаа хариуцсан захирал Дамиани Лич "Reuters" агентлагт өгсөн ярилцлагадаа "Олон улсын дарцагт хөлбөмбөгийн холбоо болон Америк хөлбөмбөгийн холбоо дарцагт хөлбөмбөгийг олимпийн спорт болгохыг зорьж байна. Олон улсын дарцагт хөлбөмбөгийн холбоо энэ ажлыг удирдан чиглүүлэх болно. Манай холбооноос тус холбоонд бүхий л талаараа туслахаа илэрхийлсэн” гэв.
Дарцагт хөлбөмбөг нь дүрэм, тоглолтын хувьд Америк хөлбөмбөгтэй ижил боловч гол ялгаа нь өрсөлдөгчийнхөө бэлхүүснээс унжиж буй дарцагийг авснаар тоглолт зогсоно.
IFAF буюу Олон улсын дарцагт хөлбөмбөгийн холбоо 72 гишүүн оронтой бөгөөд эдгээр гишүүн холбоодын бараг 70 хувь нь дотоодын лигээ зохион байгуулдаг аж. Мөн тус холбоо нь олимпийн наадамд зориулж, тавын эсрэг тав хувилбараа илүү боловсронгуй болгож буй юм байна.
АНУ-аас гадна Япон, Энэтхэг, Бразил зэрэг улсуудад дарцагт хөлбөмбөгийн спорт ихээхэн хөгжжээ.
IFAF-ээс гадна NFL нь өөрсдийн дарцагт хөлбөмбөгийн хөтөлбөрөө боловсруулж, арга хэмжээнүүд зохион байгуулдаг. Саяхан NFL-ийн сангаас 1.5 сая ам.долларыг дарцагт хөлбөмбөгийг Америк даяар сурталчлан таниулахад зориулжээ. Тэд 2014 оноос хойш Америк, Мексикт нийтдээ 13 сая сурагчийг өөрсдийн хөтөлбөртөө хамруулсан байна.
Олон улсын дарцагт хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ричард Маклин "Reuters" агентлагт өгсөн ярилцлагадаа "Зөв дэмжлэг, зөв хандлагын тусламжтайгаар бид олимпийн хөтөлбөрт багтаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Дэлхий даяарх дарцагт хөлбөмбөгийн холбоод маань улс орон бүртээ дотоодын лигээ зохион байгуулж, үндэсний шигшээ багуудаа бүрдүүлж байна. Ямар ч асуудал байхгүй. Ганц сул тал нь бидэнд төсөв мөнгө болон энэхүү спортоо дэлхийн түвшинд гаргах төлөвлөгөө дутмаг байна” гэв.
Дарцагт хөлбөмбөг нь сонирхогчийн болон мэргэжлийн түвшин гэсэн хоёр ангилалтай бөгөөд ирэх 2022 оны Бирмингемд зохион байгуулагдах 11 дэх удаагийн дэлхийн наадмын хөтөлбөрт багтжээ.
Олон улсын олимпийн хорооны шинэ дүрмийн дагуу олимпийг зохион байгуулж буй улс орнууд цөөн тооны шинэ спортуудыг сонгон авч, дэлхий дахинд сурталчлан, дэмжлэг туслалцаа үзүүлж болох аж. Япон л гэхэд энэ удаагийн олимпийн хөтөлбөртөө карате, сөрфинг, скейтборд, спорт авиралт зэрэг төрлүүдийг багтаажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.