МУГЖ Т.Ариунаагийн НҮБ-ын Хүүхдийн сантай байгуулсан гэрээ дууслаа
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элч, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн тус сантай байгуулсан гэрээ дуусгавар болж, Элчийн үүргээ ийнхүү дуусгаж байна.
Дуучин Т.Ариунаа 2001 онд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элчээр томилогдсон бөгөөд энэ хугацаанд тус сантай хамтран хүүхдийн олон асуудлаар нөлөөллийн ажил хийж байсан. Тухайлбал, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх, хөгжих, хамгаалуулах эрхийг хангах хэд хэдэн ажлуудад оролцож байсан. Тэр дундаа хүүхдэд ээлтэй аймаг нэртэй хөдөлгөөнийг Хэнтий аймагт эхлүүлж байв.
2002 онд "Хүүхдийн төлөө за гэж хэлье” нэртэй дэлхий нийтийг хамарсан хөдөлгөөн өрнөж, тус хөдөлгөөнд Монгол Улс нэгдэж, "Хүүхдийн төлөө за гэж хэлье” ажлын нээлтийг үндэсний хэмжээнд хийж байсан түүхтэй. Энэ арга хэмжээнд зориулж Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарын үг, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ая зохиогч Л.Балхжавын аялгуу "Нарны хаан хүүхэд” дууг НҮБ-ын Хүүхдийн Сангийн элч дуучин Т.Ариунаа дуулж, олны хүртээл болгож байсан билээ. Тэрээр АНУ-ын Нью-Йорк хотноо хүүхдийн эрхийн асуудлаар болсон НҮБ-ын тусгай чуулганд зориулсан гала тоглолт дээр "Нарны хаан хүүхэд” дуугаа дуулж байсан юм.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн үйл ажиллагаанаас шалтгаалан хэсэг хугацаанд завсарласны дараа дуучин Т.Ариунаа 2015 онд НҮБ-ын Хүүхдийн Сантай харилцаагаа албан ёсоор шинэ шатанд гарган үргэлжлүүлэхээр болж, хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Ингэхдээ тус сангийн хүсэлтээр нярай хүүхдийн эрүүл мэнд, тэр дундаа нярайн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг дэмжин ажиллажээ.
Энэ хүрээнд "Анхны тэврэлт” мэдээлэл харилцааны аянд оролцож байснаас гадна Налайх дүүрэгт болсон дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөрт зориулсан олон нийтийн арга хэмжээнд оролцож, Монголд нярайн эндэгдлийг бууруулахын төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаагаа илэрхийлж байсан.
2019 онд тус сангаас ЦЕГ-тай хамтран зохион байгуулсан "Зөв тусгал” хүүхэд хамгааллын үндэсний аянд нэгдэж, ая дуугаа өргөж байсан. Мөн тус сангийн 70 жилийн ойн арга хэмжээ болон бусад тэмдэглэлт арга хэмжээнүүдэд оролцож байсан юм.
"Бидний ажлыг өнгөрсөн хугацаанд байнга дэмжин ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулж байсан дуучин Т.Ариунаад НҮБ-ын Хүүхдийн Сангийн үе үеийн удирдлага, хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Хувь хүн, эх хүн, уран бүтээлчийн хувиар Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө дуу хоолойгоо цаашид ч өргөсөөр байх болно гэдэгт итгэж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлэв.
Сэтгэгдэл байхгүй байна.