Тарьсан модоо хөрөнгө болгоё, түүнийг нь ТӨР ДЭМЖ

0

Тарьсан модоо хөрөнгө болгоё, түүнийг нь ТӨР ДЭМЖ

 

Тун удахгүй бүх нийтээр мод тарих өдөр тохионо. Тодруулбал, жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь БЯМБА гарагийг бүх нийтээр мод тарих өдөр болгон хуульчилсан.

 

Энэ хууль болон Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд монголчууд шар шороон шуурганаасаа салчихвал хичнээн сайхан.

Ерөнхийлөгчийн "Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжинэ хэмээн хот, хөдөөгүй шуурч, төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүд ч үйл ажиллагаанд оролцож бүр батламж зэрэгтэй болоод байгаа.

Харин мод тарьчихлаа гэж зураг, хөргөө авахуулаад хэдэн суулгац зоогоод орхих уу, тарьснаа ургуулахын тулд хүмүүс цалинжуулж, нэмэлт төсөв нэхэж хэвтэх үү гэдгийг тооцоолох хэрэгтэй биз ээ.

Үүний тулд нэг сумаар 2 , бүр цаашлаад 3-4 туулай ч буудах боломж байгааг бид харж, хамтран ажиллавал ирээдүйд ногоон байгальтай, эрүүл эко орчныг бүрдүүлнэ.

Угаасаа мэргэжлийнхэн ч нэг удаагийн бус хэдэн жилдээ хүчилтөрөгчөөр хангачих хэмжээний мод тариад түүнийгээ арчилж, ургуулбал үр дүн, өгөөж нь харагдана гэдгийг хэлдэг.

Тэгвэл өвөлдөө ад болж, агаар орчны бохирдол үүсгэдэг, зундаа хөрсний бохирдлын уурхай болсон хотынхоо хойморт заларсан гэр хорооллыг мод тарих ажилдаа татан оролцуулах нь хамгийн үр дүнтэй голч, холч бодлого болох вий.

Гэр хорооллын өрх бүр хашаандаа 5 мод тариад арчилж ургуудахад л хэдхээн жилийн дараа нийслэл хүчилтөрөгчөөр хангагдана. Гэр хорооллын 200 мянган өрх 5 мод тарихад 1 сая болно.

Үүнийг нь харин улс буцаагаад мөнгөжүүлээд, хөрөнгө болгоход анхаарчихвал аятайхан санаачилга гэж харагдаж байгаа юм.

Хэрвээ хот хойноосоо тарьмал модон ойтой болоод ирвэл нийслэлийн хүчилтөрөгч, хойд бүсээсээ чийгшилээр хангагдаад ирнэ гэдгийг мэргэжлийнхэн ч тайлбарлаад өгнө дөө.

Яах вэ, "Тэрбум мод” хөтөлбөр хүссэн, хүсээгүй төсвөөс мөнгө, олон нийтээс хөрөнгө босгож байгаа. Тэгэхээр тэрхүү хөрөнгөө гэр хорооллыг барилгажуулах ажилдаа зориулж, 5 мод тарьсан өрхүүдэд урьдчилгаа төлбөр болгон орон сууцжуулвал ойрын ирээдүйд давхар сумаар байгаа оносон хөтөлбөр болох ч биз.

Товчхондоо бол өрх бүр 5 мод тарьж, ургуулбал түүнийг нь төр үнэлээд орон сууцны хөтөлбөрт хамруулдаг болчихвол илүү үр дүнтэй хөтбөрүүд бий болох гээд байна.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.