“Монголын хамгийн том их сургууль” гэсэн МҮИС-ийн сурталчилгааг хууль бус гэж ₮5 саяын торгууль ногдуулж, шүүхэд ханджээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монголын үндэсний их сургууль "Монголын хамгийн том их сургууль” гэсэн зар сурталчилгааг өөрийн сургуулийн фэйсбүүк хуудас болон хот доторх зарим чиглэлийн нийтийн тээврийн автобусанд байршуулсан зөрчлийг илрүүлжээ.
Ийнхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т "хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан.” гэж заасныг зөрчсөн тул "Монголын үндэсний их сургууль” НҮТББ-д Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 5,000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Монголын үндэсний их сургууль уг шийтгэлийг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Монголын үндэсний их сургуулийг эрх бүхий байгууллагаас "Монголын хамгийн том их сургууль” гэж тодорхойлоогүй байх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын оногдуулсан шийтгэл үндэслэлтэй, тус сургуулийг Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн зар сурталчилгаа явуулсан гэж захиргааны хэргийн шүүхээс үзжээ.
Монголын үндэсний их сургууль шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, шийтгэл оногдуулсан торгууль 5,000,000 төгрөгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Төрийн сан банк дахь дансанд 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх журмаар төлж барагдуулсан байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас дээрх хууль зөрчсөн зар сурталчилгааг өөрийн фэйсбүүк хуудас болон бусад хэлбэрээр түгээхгүй байх, зар сурталчилгааг зогсоох, нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй зурагт хуудсыг авах зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байгаа аж.
Иймээс Монголын үндэсний их сургуульд хүргүүлсэн албан даалгаврыг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэх хүсэлтийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.