ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АСАН Б.ДҮГЭРЖАВЫГ ТЕНДЕР ТОНОЖ, ГАЗРЫН НАЙМАА ЦЭЦЭГЛҮҮЛЖ, УЛСЫН ХӨРӨНГИЙГ ЗАВШСАН ҮНДЭСЛЭЛЭЭР ЯЛЛАГЧААР ТАТАХААР БОЛЖЭЭ

0

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АСАН Б.ДҮГЭРЖАВЫГ ТЕНДЕР ТОНОЖ, ГАЗРЫН НАЙМАА ЦЭЦЭГЛҮҮЛЖ, УЛСЫН ХӨРӨНГИЙГ ЗАВШСАН ҮНДЭСЛЭЛЭЭР ЯЛЛАГЧААР ТАТАХААР БОЛЖЭЭ

Ховд аймгийн Засаг дарга асан Б.Дүгэржавыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Б.Дүгэржавыг Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, тендер тоносон, газрын наймааг "цэцэглүүлсэн” гэх хэд хэдэн ноцтой үндэслэлээр шалгаж байгаа ажээ.

 Б.Дүгэржавыг өнгөрсөн 2022 оны наймдугаар сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн байдаг.Тодруулбал, түүнийг Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын төслийн ажлыг удаашруулсан гэж үзэж, уг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн гэдэг мэдээлэл тухайн үед цацагдаж байлаа. Бид тухайн үед Ховд аймгийн Засаг дарга асан Б.Дүгэржавтай холбогдож, энэ талаар тодруулахад "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлыг удаашруулсан гэх үндэслэлд тайлбар өгмөөргүй байна. Харин би улс төрийн албан тушаалтан, намынхаа удирдах байгууллага өөрийнхөө хүсэлтийг өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл, өөр ажил хийх хүсэлтэй байгаагаа хэлж, чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэсэн үг. Шийдвэр гарч байх шиг байна. Өөр тодорхой хэлэх мэдээлэл алга байна” гэсэн байдаг. Тэгвэл үнэндээ тэрбээр Засгийн газрын эсрэг ажиллаж байсан ноцтой сэжүүрүүд илэрч, Засаг даргын албан тушаалаас нь чөлөөлсөн байж болзошгүй байна.

Тэгвэл албан тушаалаасаа буугаад жил өнгөрсөн ч албан тушаалд томилогдоогүй. Хууль хяналтын байгууллагад өнгөрсөн хавраас хойш ээрэгдэж, шалгагдаж байгаа Ховд аймгийн Засаг дарга асан Б.Дүгэржавын хууль бус баримтуудыг хүргэж байна. Түүнийг уг үндэслэлээр, дараах баримтын дагуу хууль хяналтын байгууллагаас шалгаж, яллах дүгнэлт үйлдэх санал гаргажээ.

НЭГ: ТЕНДЕР БУДИЛААНТУУЛЖ, БУСДАД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОГЧ Б.ДҮГЭРЖАВ

Б.Дүгэржавыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа нэгдүгээр үндэслэл.

   Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер тоносон, бусдад давуу байдал олгосон үндэслэлээр шалгаж байгаа гэнэ. Б.Дүгэржав нь Ховд аймгийн Жаргалант суманд баригдах Хүнс, хөдөө аж ахуйн газрын лабораторийн барилгын тендерт будилаан үүсгэж, бусдад давуу байдал олгожээ. Тэрбээр тендерт оролцсон компанид давуу байдал олгож, эрх мэдлээ ашиглан хуурамч бичиг баримт гаргаж өгсөн гэнэ. Тодруулбал, улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгөөр Хүнс, хөдөө аж ахуйн газрын лабораторийн барилга барих тендер зарласан байна. Уг тендерт оролцох компаниуд давхар ажил гүйцэтгээгүй, гүйцэтгэж байгаа тохиолдолд ажлын явц 90-95 хувь байх ёстой гэж заасан аж. Гэтэл уг тендерт оролцсон "Саруул цамхаг” ХХК нь Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багт Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн барилгыг барьж байжээ. Ингээд давхар тендерт хуурамч бичиг баримтаар оролцсон байна.

Энэ талаар эх сурвалжийн өгсөн мэдээллээр "Саруул цамхаг” ХХК-нд Б.Дүгэржав эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуурамч бичиг үйлдэж өгсөн нь үнэн. Угтаа тус компанийн Бичигт багт гүйцэтгэж байсан ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байсан юм билээ. Гэтэл Б.Дүгэржав эрх мэдлээ ашиглаж, хахууль аваад, "Саруул цамхаг” ХХК нь Ховд аймгийн Жаргалант сумын Биичгт багийн Элсэн толгойд Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг 90 хувьтай гүйцэтгэж байгаа нь үнэн” гэсэн албан бичгийг Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанд хуурамчаар үйлдэж өгсөн. Ингээд бусдад давуу байдал олгоод, тендерт оролцуулж байгаа юм. Тэгээд "Саруул цамхаг” ХХК нь улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгөөр баригдах Хүнс, хөдөө аж ахуйн газрын лабораторийн барилгын тендерт ялсан. Үүнд Засаг дарга асан Б.Дүгэржав ихээхэн оролцоотой бөгөөд эрх мэдлээ ашиглаж, давуу байдал олгосон гэсэн үг” гэлээ.

Засаг дарга асан Б.Дүгэржавын дэмжлэг, давуу байдлаар 1.9 тэрбум төгрөгийн тендерт хууль бусаар ялсан гэх "Саруул цамхаг” ХХК-ийг судалж үзвэл Батхүүгийн Бадрах гэдэг хүний нэр дээр байдаг ажээ. Улаанбаатар, Сүхбаатар, 10-р хороо, 7 хороолол, 3, 2 тоот хаяг дээр 2008 оны аравдугаар сарын 27-нд үүсгэн байгуулагдаж байсан аж. Үйл ажиллаганы чиглэл нь гадаад худалдаа, хатуу хучилттай авто зам барих. Хорь гаруй тендерт оролцож, ажил гүйцэтгэж байсан түүхтэй аж.

 

ХОЁР: ГАЗРЫН "НАЙМААЧИН” Б.ДҮГЭРЖАВ

Б.Дүгэржавыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа хоёрдугаар үндэслэл.

Тэрбээр мөн л эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын хууль тогтоолыг ноцтой зөрчиж, газрын наймааг "цэцэглүүлсэн” хэрэгт холбогдож, шалгагдаж байна. Б.Дүгэржав Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-аар баталсан 2022 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг ноцтой зөрчжээ. Тодруулбал, Монгол Улсын Газрын тухай хуулийн хэд хэдэн үндэслэл, зүйл заалтыг зөрчиж, газар олгожээ.

         Энэ талаар эх сурвалжийн өгсөн баримтыг хүргэе. Тэрбээр "Б.Дүгэржав иргэн О.Нэргүйд худалдаа үйлчилгээний зориулалтаар газар олгохдоо эрх мэдлээ ашиглаж, 10 жилийн хугацаатай эзэмших эрхийн газар олгосон байдаг. Ингэхдээ төлөвлөгөөнд тусгагдаагүй хэмжээгээр газар олгож, хууль тогтоолыг ноцтой зөрчсөн. Тодруулбал, аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн бүртгэлд байсан агуулахын байрны доорх газрын хэмжээг нэмж, төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас иргэн О.Нэргүйд олгосон байдаг юм билээ. Мөн үүнээс гадна газрын наймааг Ховдод "цэцэглүүлсэн” хүн бол Б.Дүгэржав. Тэрбээр баримт, нотолгоотойгоо газрын асуудлаар шалгагдаж байгаа нь үнэн. Мөн л бусдад давуу байдал олгосон байгаа юм. Уг хууль бус үйлдлийнхээ хариуд хахууль авдаг байсан нь тодохой” гэлээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.