Энэ сонгууль засаг ноёдын сонгууль болж байна. Тодруулбал, хотоос БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, ЧД-ийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай, СБД-ийн Засаг дарга Х.Болормаа, ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, хөдөөгөөс Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Говь-Сүмбэр аймгийн ЗАсаг дарга Г.Батсуурь, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нарын 14 засаг дарга нэр дэвшээд буй.
Тэгвэл тэднээс хамгийн удаан засаглаж буй нь Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн энэ удаад танилцуулж байна. Тэр анх "НИК” болон "Магнай трейд”-ийн Дорнод дахь колонкийн түгээгч байсан. Улмаар 2008 онд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2013 онд Дорнод аймгийн Засаг даргын орлогч болж, 2015 онд Засаг даргаар хэл ам, хэрүүл шуугиантай томилогдсон. Түүнээс хойш Засаг даргын зөөлөн сэнтийгээсээ босоогүй. Үндсэндээ, орлогч байсан хоёр жилийг нь оруулж тооцвол, М.Бадамсүрэн Дорнод аймагт 11 жил засаглаж буй нэгэн.
Нэр дэвшигч, зүүн хязгаарын засаг ноён М.Бадамсүрэн сая АТГ-т хөрөнгө, орлогоо тайлагнахдаа 228 сая төгрөгийн нэг орон сууц, нэг хашаа байшинтай, 33 сая төгрөгийн "Prius”-тэй, 138 толгой малтай, банканд 55 сая төгрөгийн хадгаламжтай, хувьцаа эзэмшдэг компанигүй, хувьдаа бизнесгүй гэж мэдүүлжээ. Харин нэр дээрээ нэлээд олон газартай буюу 1га нэг газар, 699м2 нэг газар, 700м2 долоон газар, 750м2 хоёр газартай гэж тайлагнасан байна. Газрыг нь эс тооцвол М.Бадамсүрэн ямба эдлээд 11 жил болж буй ч тун ядуу гэж харагдахыг зорьжээ. Тэгвэл М.Бадамсүрэн АТГ-т тайлагнасан шигээ, ард түмэнд харагдаж буй шигээ "ядуу” нэгэн биш ажээ.
Нэр дэвшигч, засаг ноён М.Бадамсүрэнгийн нэр дээр "Их ташгай” ХХК гэж компани бий. М.Бадамсүрэн "Иш ташгай” ХХК-ийг 2005 онд өөрийнхөө нэр дээр байгуулж, төрсөн эгч М.Наранжаргалынхаа нөхөр Д.Мягмарсүрэнг гүйцэтгэх захирлаар нь ажиллуулж байсан. Улмаар 2021 онд эхнэр Б.Одгэрэлийгээ гүйцэтгэх захирлаар нь томилжээ. Тэгвэл "Их ташгай” ХХК нь Дорнод аймгийн Булган сумаас зүүн урагшаа Өндөр хошуу багийн нутагт 2,310,000м2 буюу 231 га газрыг газар тариалангийн зориулалтаар эзэмшдэг. Мөн Дорнод аймгийн Халх гол сумын Ташгай багийн нутаг буюу Буйр нуурын зүүн эрэг дээр 5000м2 газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшдэг ажээ.
Жишээ болгож, М.Бадамсүрэнгийн "Иш ташгай” ХХК-ийн Дорнод аймгийн Булган сумын нутагт эзэмшдэг 231 га газрыг кадастрын сан болон сансрын зургаас тулгалт хийж үзэхэд доорх байдлаар харагдаж байна.
Ноцтой нэг баримт байгаа нь, М.Бадамсүрэн "Иш ташгай” ХХК-аараа Дорнод аймгийн Халхгол суманд өнөө алдарт дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг түүх төсөл боловсруулж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлж байсан баримт байна. Дорнод аймгийн алт, нүүрснээс дутахааргүй урд хөршийнхөнд үнэлэгддэг бас нэгэн баялаг нь ховор ургамлын жагсаалтад орсон дэрвэгэр жиргэрүү ургамлын үндэс гэдгийг дурдах нь зүйтэй байх. Товчхондоо, нэр дэвшигч М.Бадамсүрэн гол бизнесээ буюу Буйр нуурын эрэгт 5000м2, Булганы талд 230 га газартай "Иш ташгай” ХХК-аа АТГ-аас ч, ард түмнээс ч нуужээ.
Нэр дэвшигч, зүүн хязгаарын засаг ноён М.Бадамсүрэн төрлийнхнөөсөө ганцаараа төрд тухалж буй нэгэн биш ажээ. Заримаас нь танилцуулъя.
Аав Л.Мягмарсүрэн нь М.Бадамсүрэнг ИТХ-ын төлөөлөгч болсноос хойш буюу 2008 оноос хойш Дорнод аймгийн "Ялалт” музейн захирлаар ажиллаж байгаад саяхан тэтгэвэртээ суусан.
Төрсөн эгч М.Наранжаргал нь М.Бадамсүрэнг Засаг даргын орлогч болсны дараахнаас буюу 2014 оноос хойш Дорнод аймгийн Чойбалсан хотын ЕБ-ын VIII сургуулийн захирлаар ажиллаж байгаа. М.Наранжаргалын нөхөр Д.Мягмарсүрэн нь М.Бадамсүрэнгийн "Иш ташгай” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсныг дээр дурдсан.
Төрсөн дүү М.Бадамжав нь М.Бадамсүрэнг Засаг дарга болсны дараа жилээс буюу 2016 оноос хойш Дорнод аймгийн Халх гол сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Мөн М.Бадамжав нь "Халхын то ван” уяачдын холбооны тэргүүн, "Талын амт” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилладаг. Сонирхуулахад, М.Бадамсүрэн "Талын амт” ХХК-аараа Халх гол сумынхаа ЗДТГ-т малын вакцин тарилгын хашаа, угааврын ванн нийлүүлэх тендерийг авч байсан. Халх гол сумынхаа ЗДТГ-т нүүрс нийлүүлэх тендерүүдэд оролцдог ажээ.
Төрсөн дүү М.Нарангэрэл нь АНУ-д эдийн засагчаар магистр хамгаалж, Калифорнид амьдарч байгаа. Энд дурдахын учир нь, М.Бадамсүрэнгийн охин Б.Мишээл нь АНУ-ын Калифорнийн их сургуульд бизнесийн удирдлагаар дөрвөн жил сураад иржээ.
Харин эхнэр Бибишийн Одгэрэлийнх нь талаас төрийн албанд:
Бибишийн Одбаатар нь Дотоод хэргийн их сургуулийн профессор, цагдаагийн хурандаа
Бибишийн Одбаяр Дорнодын хил хамгаалахын дэд хурандаа
Бибишийн Одхүү нь Багануур дүүргийн прокурорын газрын Ахлах прокуророор тус тус ажилладаг ажээ.
Шинэ мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.