СЕХ: УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл учраас хаана ажиллахыг хязгаарлах боломжгүй
СЕХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир "Хуулийн дагуу сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлаа хийж байна. Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэлээ. Өчигдөр сонгуулийн саналын хуудасны загварыг баталлаа. Ирэх долоо хоногт нэр дэвшигчид тодорхой болно.
Сонгуулийн хууль бус сурталчилгаа газар авч байгаа талаар мэдээлэл ирж байна. Үүнтэй холбоотойгоор СЕХ-ноос мэдэгдэл гаргасан. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллана.
Хууль бус сурталчилгаа гэдэг нь найман төрлийн үйл ажиллагааг хориглоно. Мөнгө эд зүйл тараах, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зэргийг хуулиар хориглодог. Хууль бус сурталчилгаа явуулбал, бүртгэхээс татгалзах, бүртгэлээс хасах зэрэг арга хэмжээ авна" гэсэн юм.
Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.
-УИХ-ын гишүүд сонгогдоогүй тойрогтоо ажиллаж байгаа нь далд сурталчилгаанд хамаарах уу. Өмнө нь УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо л ажилладаг байсан шүү дээ.
-УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл гэдэг утгаараа хаана ажиллахыг нь хязгаарлах боломж байхгүй. Хэрвээ энэ асуудлаар хуулийн байгууллагад гомдол гаргаад, тогтоогдвол бид авч үзнэ.
-Ажлын тайлангаа танилцуулахын зэрэгцээ дараагийн дөрвөн жилд хийх ажлаа ярьж байна. Энэ хууль зөрчих үү. Ямар үед далд сурталчилгаа гэж үзэх вэ?
-Төр засгийн ажил тасралтгүй явах ёстой. Засаг дарга хүн орон нутагтаа ажлаа танилцуулаад явж болно. Хэрвээ ажлаа өгсөн хүмүүс, горилогчид Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулбал хууль бус сурталчилгаа болно. Хууль зөрчиж байна гэсэн үг.
-Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа болон БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат нар бүсчилсэн хөгжлийн тухай ярьж байна. Хууль зөрчсөн үйлдэл мөн үү?
-Э.Болормаа Засаг даргын хувьд Баруун бүсийн хөгжлийн төвийн дарга гэсэн статустай явж байгаа юм билээ. Засаг даргын хувьд тухайн хувьд орон нутагтаа ажлаа тайлагнана. Бүсийн дарга гэхээр өөрт аймагт ажиллах нь бусад зохицуулалттай нийцэж буй эсэхийг би мэдэхгүй байна. Харин сайд байсан хүний хувьд Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл.
Мөн энэ үеэр СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ "Нэр дэвшихээр горилж буй хүмүүс нийтлэл нэвтрүүлэг, хурал уулзалтад оролцохдоо ирээдүйд хийх ажлын амлалт, сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө тусгасан зүйлийг ярихгүй. Өөрөөр хэлбэл, хуулийн нэг л хязгаар байгаа. Сурталчилгаа эхлэхээс өмнө амлалтын шинжтэй зүйлийг ярихгүй. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээр мөрийн хөтөлбөр, амлалтаа ярьж болно" гэсэн юм.
vv
Сэтгэгдэл байхгүй байна.