Бид өнгөрөгч УИХ-ын сонгуулиар АН, МАН-ын жагсаалтыг тэргүүлж, Төрийн ордонд заларсан түшээдийг цувралаар танилцуулж буй. Өмнө нь бид, МАН-ын жагсаалтыг тэргүүлсэн, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын Найрамдалын аманд барьж худалдсан хотхон болон эхнэрийнх нь бизнесийн сүлжээг танилцуулсан. Мөн МАН-ын жагсаалтын гуравт бичигдсэн УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Ч.Анар болон түүний эхнэр, хадмуудын Улаанбаатарт монопол тогтоосон оршуулгын бизнесүүдийг танилцуулсан.
Харин энэ удаад МАН-ын жагсаалтыг хоёрт бичигдсэн УИХ-ын гишүүн М.Энхцэцэг болон төсвийн тендер түүдэг компаниудыг нь танилцуулж байна.
МАН-ын жагсаалтыг толгойлж, Төрийн ордонд түшээгээр заларсан Мөнхчулууны Энхцэцэг Архангай аймгийн Тариат суманд төрсөн. Эрдэнэт хотод өссөн. 2000 онд ШУТИС-ийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Тэр цагаас хойш 2015 оныг хүртэл 14 жил "Эрдэнэт Булганы цахилгаан түшээх сүлжээ” ТӨХК, "Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д тус тус цахилгааны инженерээр ажилласан. Улмаар Австралийн Засгийн газрын тэтгэлгээр Австрали улсын RMIT их сургуульд цахилгааны иженерээр 2015-2017 онд магистр, 2018-2021 онд доткор хамгаалсан. 2021 оноос хойш Австралийн "Middleton group”-д ахлах инженерээр ажиллаж байгаа. Эрчим хүчний салбарын эмэгтэй доктор гэх "имиж”-ээр эрх баригч МАН-ын жагсаалтыг хоёрт бичигдэж, ийнхүү УИХ-ын гишүүн болсон. Намтар нь товчхондоо ийм.
Хувийн амьдралын тухайд, нөхөр Сундуйн Батхүрэлийн хамт "Бодит чадал” ХХК, "Хүчит зүтгүүр” ХХК, "Эрчим хэмнэлтийн төв” ХХК гэх гурван компанийг эзэмшдэг. 2.6 тэрбум төгрөгийн үнэтэй хоёр орон сууц, нэг хаустай. Монголд 15 сая төгрөгийн, Австралид 248 сая төгрөгийн хадгаламжтай. Австралийн хамтын нөхөрлөлийн банканд 1.6 тэрбум төгрөгийн зээлтэй. Энэ мөнгөөр Австралид амьдрах хугацаандаа тус улсын Викториа мужид байр худалдан авсан ажээ.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, түүний нөхөр С.Батхүрэл хоёрын "Бодит чадал” ХХК, "Хүчит хөтлүүр” ХХК-ууд нь эрчим хүчний салбарын эд анги, сэлбэг хэрэгслийн гол нийлүүлэгчдийн нэг бөгөөд тендерийн асар арвин түүхтэй ажээ. Хамгийн олон тендер авсан "Бодит чадал" ХХК-ийг нь онцлон танилцуулъя.
Тайлбар: УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, "Бодит чадал" ХХК-ийн Ерөнхий захирал С.Батхүрэл
Тодруулбал, "Бодит чадал” ХХК нь 2011 онд байгуулагдсан, 2017 оны хоёрдугаар сард М.Энхцэцэгийн нөхөр С.Батхүрэлийн нэр дээр бүртгэгдсэн. Тэр цагаас хойш "Бодит чадал” ХХК-ийн Ерөнхий захирлаар С.Батхүрэл, дэд захирлаар нь УИХ-ын гишүүн М.Энхцэцэг өөрөө ажиллаж байгаа. Мөн М.Энхцэцэг өөрийн ах, дүү нарынхаа хүүхдүүдийг "Бодит чадал” ХХК-даа ерөнхий инженер, ерөнхий менежер, нягтлан бодогчоор ажиллуулдаг. Өөрөөр хэлбэл, М.Энхцэцэг 2017 онд Австралид тэтгэлгээр магистр хамгаалж, монголд ирмэгцээ нөхөр С.Батхүрэлтэйгээ болон ах дүү нарынхаа хүүхдүүдтэй хамт эрчим хүчний салбарын тендерийн бизнест эргэлт буцалтгүй орсон "Бодит чадал" ХХК гэсэн үг.
Ноцтой нь, УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн "Бодит чадал” ХХК нь 2017 зургадугаар сараас хойш одоог хүртэл төсвийн 94 тендерт шалгарсан. Ихэнх нь "Эрдэнэт үйлдвэр” ТӨХК, "ДЦС-3” ТӨХК, "ДЦС-4” ТӨХК, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иудын тендер байна. Жишээ нь, "Бодит чадал” ХХК нь зөвхөн "Эрдэнэт үйлдвэр”-ээс л гэхэд Цахилгаан хөдөлгүүр- 1.3 тэрбум төгрөг, Дамтамж хувиргагч- 3.5 тэрбумын төгрөг гэх мэтээр 13 тендер авч чадсан байна. Мөн "Бодит чадал" ХХК-ийн шалгарсан хамгийн өндөр дүнтэй тендер нь, 2020 онд Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан "Дулааны тоолуур худалдан авах” 23.3 тэрбум төгрөгийн тендерт УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн "Бодит чадал” ХХК ганцаараа шалгарсан байдаг ажээ.
Эргэн сануулбал, өнгөрсөн наймдугаар сард Тендерийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж, нийгмийн шүүмжлэлийн нэг сэдэв болж байв. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Энхбаяр нар энэ хуулийг эсэргүүцэж, эцэст нь буцаалгаж байв. Тэгвэл тухайн үед УИХ-ын гишүүн М.Энхцэцэг анх удаа шахуу ам нээж "Тендерийн хуулийн өөрчлөлт дотоодын компаниудад ямар нэг байдлаар харшлахгүй биз дээ” гэж аминчхан асууж байв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг өөрийнхөө "Бодит чадал” ХХК, "Хүчит хөтлүүр” ХХК гэх тендер түүдэг компаниудынхаа ирээдүйд зовинож, ийнхүү асууж байжээ гэсэн үг.
Уг нь өнгөрсөн онд УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайдууд, цаашлаад аймаг, дүүргийн Засаг дарга нар, тэдний эхнэр, нөхөр, хүүхдүүд нь төрөөс төсөл, тендер авах, зээл авах, хөнгөлөлт, хандивт хамрагдахыг хориглосон. Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санаачилж, Хууль зүйн сайд Х.Нямбаатар өргөн барьснаар, өнгөрсөн оны долдугаар сард УИХ-аас баталсан Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн заалт. Тухайн үед "Төрийн түшээд тендер авч хөлждөг ужгирсан тогтолцоо үүгээр эцэслэгдлээ. Одоо тендерчид төрд орж ирэхгүй” гэцгээж байлаа. Хоржоонтой нь, хууль чангарсан ч өнгөрөгч сонгуулиар олон тендерчин ордонд орж ирсэн. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн М.Энхцэцэг юм.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.