Эргэн санавал, хоёр жил хагасын өмнө "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг "сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн "савар”-аас төрд буцаан авч буйгаа Засгийн газраас сүр дуулиантай зарлаж байв. Төрд авсан даруйдаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэд даргаар ажиллаж асан А.Ариунболдыг гүйцэтгэх захирлаар нь томилсон. А.Ариунболд нь "Г.Занданшатарын хүн” гэх "шошго”-тойгоор "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т очиж байв. Гэвч зургаан сарын дараа буюу 2022 оны аравдугаар сард А.Ариунболдыг чөлөөлж, түүний оронд одоогийн Шадар сайд Т.Доржхандын "хамсаатан” Г.Дугаржавыг томилсон байдаг. Ноцтой нь, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг жил хагас удирдсан Г.Дугаржавыг өнгөрсөн тавдугаар сард буюу УИХ-ын сонгуулийн өмнөхөн АТГ-аас баривчилсан. Гэхдээ хэчнээн төгрөг хэрхэн "идсэн”-ийг нь тас нууцалсан бөгөөд хэрэг нь хэрхсэн нь одоог хүртэл тодорхойгүй, хав дарагдчихаад буй.
Ингээд өнгөрсөн долдугаар сард "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн шинэ захирлаар Батхуягийн Чагнаадорж гэх 30 гарч яваа залууг томилсон. Өмнөх захирал Г.Дугаржав нь АТГ-ынханд ачигдсан учраас орыг нь залгасан Б.Чагнаадорж гэгч хэн болохыг ч эртнээс таньж байх нь зөв болов уу.
Б.Чагнаадоржийн тухайд, удмыг нь хөөвөл Говь-Алтай аймгаас угшилтай. "Сант” сургууль болон МУИС-ийг төгссөн. Их сургуулиа төгсөөд буюу одоогоос 10-аадхан жилийн өмнө ээж Ц.Нарангэрэлийнхээ "Чаг” эмийн сангийн эм, тариаг Солонгосоос зөөдөг байсан. Гэтэл гэнэт төрийн албанд орж ирж, улмаар "Монголын цахилгаан холбоо” ТӨХК-ийн дэд захирал, "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн газрын захирал, "Монголросцветмет” ТӨХК-ийн харьяа "Шижир алт” алтны үйлдвэрийн захирлаар ажилласан. Ингээд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирлын суудалд залраад буй.
Тэгвэл Б.Чагнаадорж нь "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлаар цаашид ажиллахад ашиг сонирхлын асар ноцтой зөрчил үүсэх буюу түүнийг АТГ-ын хаалга татуулж болзошгүй хоёр ноцтой эрсдэл байна.
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадоржийн төрсөн дүү, 2021 онд СЭЗИС-ийг төгссөн Б.Номун нь ""Ворлд энтри транспорт” ХХК-ийг эзэмшдэг. Ноцтой нь, "Ворлд энтри транспорт” ХХК нь 200 гаруй вагонтой, төмөр замаар нүүрс, төмрийн хүдэр, жонш тээвэрлэдэг. Ачааны галт тэрэгний нэг цуваа 50 вагонтой байдаг гэхээр "Ворлд энтри транспорт” ХХК нь 4-5 цуваагаар зэрэг ачаа тээвэрлэдэг гэсэн үг.
Тухайлбал, Төмөр замын тээврийн цахим сангаас ачааны галт тэрэгний цуваанууд аль өртөөн дээр зогсож байгаа, хаанаас хаашаа ачаа ачиж байгаад цаг, минутаар нь шүүж болдог. Яг одоогоор "Ворлд энтри транспорт” ХХК-ийн 1-р цуваа нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгон буюу УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайханы "Болд төмөр ерөө гол” ХХК-ийн "Баянгол”-ын уурхайн төмрийн хүдрийг ачдаг Цагаан хаалга өртөөн дээр байна. 2-р цуваа нь Дорноговь аймгийн Даланжаргал сумын "Олон-Овоо” өртнөөс атаманы дүрээр ард олноо танигдсан алдарт "Цагаан шонхор”-ын Ч.Энхтайваны "Билэгт баялаг” ХХК-ийн нүүрсийг ачиж, Эрээн өртөө рүү хөдөлжээ. 3-р цуваа нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөрийн өртөөнөөс УИХ-ын гишүүн Г.Очирбатын "Цахиргаан цагаан гол” ХХК-ийн уурхайн төмрийн хүдрийг ачиж, өчигдөр Эрээн өртөөнд очжээ. Харин 4-р цуваа нь Замын-Үүд өртөөнөөс Бор-өндөр өртөө рүү явж байна. 5-р цуваа нь Замын-Үүд өртөөн дээр зогсож буй ажээ.
Товчхондоо, "Ворлд энтри транспорт” ХХК нь 200 гаруй вагоноороо улс төр, бизнесийн бүхий л томчуудын уурхайнуудын нүүрс, төмрийн хүдэрийг хятад руу төмөр замаар тээвэрлэж өгдөг нь тодорхой харагдаж буй байх. Гол нь, их сургуулиа төгсөөд хоёр жил гаруйхан болж буй Б.Номун 200 гаруй вагонтой "Ворлд энтри транспорт” ХХК-ийг өөрөө удирдаж, улс төр, бизнесийн томчуудын уурхайнуудын тээвэрлэлтийг гүйцэтгэх гэрээг өөрөө үзэглэдэг эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, Б.Номуны ард түүний төрсөн ах "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж байж болзошгүй гэсэн үг. Ингэж харвал Б.Чагнаадорж ашиг сонирхлын асар ноцтой зөрчилтэй нэгэн байж болзошгүй болж хувирна. Учир нь, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” нь төмрийн хүдрээ төмөр замаар хятад руу зөөдөг. Тэгэхээр Б.Чагнаадорж төрсөн дүүгийнхээ эзэмшдэг "Ворлд энтри транспорт” ХХК-ийг ашиглаад эхэлбэл яах вэ гэдэг асуудал үүснэ гэсэн үг юм.
Дурдахгүй өнгөрч болохгүй бас нэг баримт бий. Тодруулбал, Б.Чагнаадорж, Б.Номун хоёрын ээж Ц.Нарангэрэлийн төрсөн дүү Ц.Наранчимэг нь ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газар Шинжээчээр ажилладаг. Магад, "Ворлд энтри транспорт” ХХК-ийн төмөр замын тээвэрт тус болдог байхыг ч үгүйсгэхгүй юм.
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж БНХАУ-ын иргэн Бао Чинггэлэ гэгчтэй "Чойрын богд ложистик” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн. Мөн Б.Чагнаадорж нь БНХАУ-ын иргэн Бао Чинггэлэ гэгчтэй "Өргөн үлэмж майнинг” ХХК-ийг хамтран эзэмшиж байсан. Одоо "Өргөн үлэмж майнинг” ХХК-ийг БНХАУ-ын иргэн Бао Чинггэлэ болон Б.Чагнаадоржийн ээжийнх нь төрсөн дүү Ц.Алтангэрэл хоёр хамтран эзэмшдэг. Мөн Б.Чагнаадорж "Стандарт алт монгол” ХХК-ийг 2017 онд үүсгэн байгуулж, эзэмшиж байгаад БНХАУ-ын иргэн Бао Чинггэлэгийн "Иннер монголиа Жи Юунлай” ХХК-д 2022 онд шилжүүлсэн.
Судлаад үзвэл, Б.Чагнаадоржийн бизнесийн хамтрагч БНХАУ-ын иргэн Бао Чинггэлэ гэгч нь монголд уул уурхай, төмөр замын тээврийн бизнест асар хурдацтай дээшилж буй нэгэн ажээ. Тодруулбал, Б.Чагнаадорж, Бао Чинггэлэ хоёрын хамтран эзэмшиж ирсэн "Чойрын богд ложистик” ХХК нь төмөр замын тээврийн компани бөгөөд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо өртөөн дээр 538.784м2 буюу 53.8 га газар эзэмшдэг. Мөн Бао Чинггэлэг нэр дээрх "ГААС” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овооны өртөөнд 207.078м2 буюу 20.7 га газар, "Тэгштэрмис” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо өртөөнд 141.433м2 буюу 14.1 га газар тус тус эзэмшдэг. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг байх Олон-Овоо өртөө нь уул уурхайн бүх баялаг хятад руу цувдаг төмөр замын гол зангилаа. Өөрөөр хэлбэл, Б.Чагнаадоржийн хамтрагч БНХАУ-ын иргэн Боа Чинггэлэ гэгч нь гурван компаниар Олон-Овоо өртөөнд ийм их хэмжээний газрууд авсан нь төмөр замын тээврийн бизнесээ илүү өргөжүүлэх төлөвлөгөөнийх нь нэг хэсэг ажээ.
Цаашилбал, БНХАУ-ын Бао Чинггэлэ гэгч нь уул уурхайн лицензүүдийг ч эрчимтэй түүж буй нэгэн ажээ. Тухайлбал, түүний "Церкон геологи” ХХК нь Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд Хөөт нэртэй хайгуулын зөвшөөрөл, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт Дэлгэрцогт нэртэй хайгуулын зөвшөөрөл, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт Бурхант нэртэй хайгуулын зөвшөөрөл тус тус эзэмшдэг. Харин "Иннер монголиа жи юунлай” ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт Толгод нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөлтэй ажээ.
Гол асуудал нь, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” нь төмрийн хүдрээ төмөр замаар тээвэрлэж, хятадад аваачиж худалддаг. Хэрвээ "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирал Б.Чагнаадорж халаас нэгтэй хятад хамтрагчидтай хуйвалдаж, төмрийн хүдрээ наа хятадуудад хямдаар худалдаад, хилийн цаана дамлаж үнэ хүргээд, дундаас нь ашиг хүртээд эхэлбэл яах вэ гэдэг асуудал гарч ирнэ гэсэн үг юм. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн өмнөх захирал Г.Дугаржав иймэрхүү арга ашиглаж, асар их мөнгө завшсан байж болзошгүй гэх мэдээлэл бий. Тэгэхээр энэ бол тохиохгүй эрсдэл, хоосон хардлага биш гэсэн үг.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.