Албадлагаар ирсэн авлигын "шувуу, шувуухайнууд"
Одоогоос хоёр жилийн өмнө авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "Шувуу” ажиллагааг зарлаж, олон улсын хэмжээнд 92 этгээдийг эрэн сурвалжилж эхэлсэн. Эхний жилдээ тун ч идэвхтэй байсан "Ш" ажиллагааны эрч сонгуулийн онд суларч, одоо бол эрэн хайж байгаа хүмүүс нь сураг төдий болсон уу гэх эргэлзээг олон нийтэд төрүүлж буй. Тэгвэл авлига, албан тушаалын хэрэгтэй нам харгалзахгүй тэмцэхээ зарласан Засгийн газрын араа шүдэнд өртөн, интерполоор эрэн сурвалжлагдаж, эхний ээлжинд шүүрэгдсэн хүмүүсийг эргэн сануулж байна.
Т.БАДАМЖУНАЙГААР ТУУЗ ХАЙЧИЛЖ ЭХЭЛСЭН СҮРЖИН АЖИЛЛАГАА СУРАГ АЛДРАВ
Авлигатай тэмцэх "5Ш” ажиллагааны "Шувуу” ажиллагаа нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаадад оргон зайлсан хүмүүсийг барьж ирэх зорилготой. Тиймдээ ч нийгэмд их итгэл төрүүлсэн гэхэд хилсдэхгүй. Гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэгт холбогдож, авлига, албан тушаалаа урвуулан ашигласан ч шууд утгаараа ичих нүүрээ элгэндээ нааж, хилийн дээс давж, эх орон руугаа зүглэхгүй болсон этгээдүүдийг энэ ажиллагааны хүрээнд шүүрч ирэхээр болсон. Одоогоос нэг жилийн өмнө буюу 2024 оны тавдугаар сард "шувуу" ажиллагааг эхлүүлснээс хойш Интерполын "Хөх булант” зар мэдээгээр 70, "Улаан булант” зар мэдээгээр 22 этгээдийг эрэн сурвалжилсан.
Эрэн сурвалжлах ажил эхэлснээс хойш Интерполын "Хөх булант” зар мэдээнд зарлагдсан 52, "Улаан булант” зар мэдээнд зарлагдсан тав, нийт 57 этгээдийг олж тогтоосон. Улмаар мөрдөн шалгах чиг үүргийн байгууллагаас олж тогтоож Монголд авч ирсэн нь 13, Үүний хамгийн дуулиантай хүн нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай.
Т.Бадамжунайг /2023.04.05/ Засгийн газрын "Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсад саатуулж, Монголд авчирснаас хойш хэргийг нь одоо болтол шүүхээр эцэслэн шийдээгүй. Авлигатай тэмцэх газраас түүний газрыг хураан авсан талаар энэ оны нэгдүгээр сард мэдээлсэн. Тодруулбал, Т.Бадамжунайгийн Сонгинохайрхан дүүрэг дэх Баянголын амны зүүн энгэрт дэх 100 га газрын хууль бус үндэслэлийг тогтоож, уг газрыг төрд буцаан авахаар болсон. Гэхдээ олон нийт өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг биш холбогдсон хэргийг нь хэрхэн шийдвэрлэхийг л хүлээж буй.
АЛБАН ТУШААЛАА АШИГЛАГСАД АЛСААС АЖИГЛАЖ, АРД ИРГЭД НЬ ХАРУУЛДСААР…
Алдарт төмөр замын бүтээн байгуулалтыг будилуулахад гар бие оролцсон хүнээс эхлээд "Оюутолгой" төсөл, далд уурхайн санхүүжилтийн гэрээтэй холботойгоор шалгагдаж байсан нэгэн үеийн ерөнхий сайд асан, "Салхитын мөнгөний орд"-ыг эзэмшигч нартай холбоотой хэргийг шалгах шатанд оролцсон нийслэлийн Захиргааны хэргийн шүүгч асан, бусдыг залилсан хэрэгт холбогдож, оргон зайлсан Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Цагдаагийн хэлтсийн дарга асан гээд нэр дурдвал нийтийн эрх ашигт хамааралтай олон том албан тушаалтныг "шувуу" ажиллагааны хүрээнд нутагт нь авч ирж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж, гэм буруутай бол хариуцлагыг хүлээлгэхээ Засгийн газар ам гарсан.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн тухайд, "Оюутолгой" төсөл, мөн далд уурхайн санхүүжилтийн гэрээтэй холботойгоор АТГ 2018 оны гуравдугаар сараас шалгаж эхэлсэн бөгөөд сарын дараа сэжигтнээр татан баривчилж байв. Улмаар тавдугаар сард шүүхийн шийдвэрээр сулласны дараа тэрбээр наймдугаар сард биеэ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьж, тэндээсээ АНУ руу явснаас хойш эргэж ирээгүй. Түүнийг "Монголд ашиггүй гэрээ байгуулсан” гэж үзэж, хуулийн байгууллагынхан тав дахь жилдээ "Шувуу” ажиллагаагаар гадаад орноос албадан авч ирэхээр болсон. Гэвч ажиллагаанд нэр нь багтаад хоёр жил болсон ч түүний бие эх орондоо ирээгүй л байна.
Дараагийн хүн бол "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал. Алдар нэрийг нь хүмүүс андахгүй мэддэг болсон түүний хувьд, үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудлаар АТГ-т шалгагдах болонгуутаа Өмнөд Солонгосыг зорьсон. АТГ нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 2022 оны арваннэгдүгээр сард гүйцэтгэх ажиллагаа явуулж, 33 объектод нэгжлэг, шалгалт хийн, дөрвөн хүнийг саатуулсан байдаг. Н.Удаанжаргал хил давж зугтсан ч мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нотлох баримтуудыг цуглуулж, ажиллагааг тасралтгүй явуулж байгаа талаар тухайн үед тус газраас мэдээлж байв. Хуулийнхан нэгжлэг, шалгалт явуулснаар Н.Удаанжаргалын 700 мянган ам.долларын хадгаламж, таван үл хөдлөх хөрөнгийг тогтоосон гэдэг мэдээлэл бий.
Эдүгээ АНУ-д орогнож байж болзошгүй гэх түүнийг Засгийн газар "Шувуу” ажиллагааны хүрээнд мөн л албадан авч ирэхээр болж, нэрийг нь зарласан. Гэвч мөн л сураг ажиг нам гүм.
Олон жил дамнан сураглагдаж буй этгээд бол Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбат. Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байсан түүний хувьд Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү гэдгээр хүмүүс мэднэ. АТГ 2019 онд "Салхитын мөнгөний орд"-ыг эзэмшигч нартай холбоотой хэргийг шалгах шатанд шүүгч асан С.Төмөрбатыг холбоотой болохыг тогтоосон байдаг. Тэрбээр хэрэгт холбогдож, шүүгчийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэнгүүт 2019 оны зургадугаар сард гэр бүлийнхээ хамтаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор гарч, Оросоор дамжин, АНУ-д очсоноос хойш эргэж ирээгүй гэдэг. Түүний кэйсийн хувьд эргэлзээтэй. Монгол Улс, АНУ хооронд ялтан солилцох гэрээ байдаггүй тул эх оронд нь авч ирэх бололцоогүй тухай асуудал ч мөн хөндөгддөг. Гэхдээ Засгийн газар "шувуу” ажиллагааны хүрээнд түүнийг авч ирнэ гэдгээ мэдэгдсэн.
Энэ мэт олон нийтийг мэдэхгүй ч зүсийг нь харвал андахгүй олон хүнийг ажиллагааны хүрээнд улс сэлгэн авч ирэхээ албаныхан мэдэгдсэн. Мөн үүнээс гадна олон тооны хүмүүс байгааг ч дуулгасан.
Тэгвэл доорх зурагт харагдаж байгаа хүмүүсээс өнөөдөр хэдийг нь чухам Монголд авч ирж, гэм буруутай эсэхийг нь эцэслэн тогтоов? Энэ асуултын хариуг АТГ өгөх байх.
ГЭМ БУРУУТАЙ Ч ОРГОН ЗАЙЛСАН "ШУВУУХАЙНУУД"-ААР ШҮҮРЭЛТ СЭЛГЭВ ҮҮ?
Том ам гарч, өндөрлөг суудалд нэгэн цагт ноёлж байсан олон хүнийг албадан авч ирэхээ Засгийн газар, АТГ мэдэгдсэн ч одоогоор амжилттай гэж хэлэхэд ажиллагаа арай хурцдана. Учир нь ам гарсан хүмүүсээс илүүтэй үнэт эдлэлийн дэлгүүрээс хулгай хийсэн, мансууруулах бодис түүж бэлтгэсэн, бусдын эд хөрөнгийг залилсан, мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэхчлэн авлига, албан тушаалаас ангид жижиг гарын "шувуухайнууд"-руу ажиллагаа шилжээд буй.
Хэдийгээр шувуухай хэмээн тодотгож байгаа ч тэд мөн л бусдад хохирол учруулж, гэм буруутай хэрэг үйлдсэн нь үнэн. Гэхдээ иргэд Засгийн газраас улс оронд онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй, өндөр дээд албан тушаал хашиж байхдаа оргон зайлсан хүмүүсийг авч ирж, хариуцлага хүлээлгэхийг хүсч байна.
Ямартай ч 2023 онд зарласан ажиллагаагаа засгийнхан мартаагүй байх. Сонгуулийн жилд царцсан ч одоо сураг нь эргэн гарна гэдэгт олон нийтийн зүгээс хүлээлт өндөр хэвээр буй…
Сэтгэгдэл байхгүй байна.