Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёрын жинхэнэ гэрээнд тусгасан зүйлийг л нууц гэрээнд хураангуйлсан юм биш үү
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн мөрдөх товчоо болсон ТЕГ-аар олон хүнийг шалгуулж эхэллээ. Нэлээд хэдэн сэтгүүлч, жиргээчээс гадна МАН-ын зарим ажилтнаас эхлээд УИХ-ын гишүүн түүний туслахыг ч ТЕГ-аас шалгаж байна. Эдгээрээс хамгийн дуулиантай нь нууц гэрээ гэгчийг хэн үйлдсэн болохыг олж тогтоох байв. Тэгээд зарим хүмүүсийг өөрсдөөс нь байцаалт, тодруулга авалгүй буруутан болгон зарлав.
Үнэндээ бол нууц гэгч гэрээнд нууц болчихоор юм нэг ч алга. Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёрын 10 жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан зүйлийг л хураангуйлсан байна. Нууц гэж дуулиан тариад байгаа гэрээний дөрвөн заалтыг товчхон тайлбарлая.
Нууц гэрээ гэгчийн нэгдүгээрт "МАН-ыг задлах, түүний эсрэг бүх талаар хамтран ажиллаж үр дүнд хүрэх” гэсэн заалт бий. Тэгвэл энэ тухай ил гэрээнд ч байж л байна. Жинхэнэ гэрээний тавдугаар зүйлд "улс төрийн намууд өмч хөрөнгөтэй байхыг хориглох”, долоодугаар зүйлд "нэг намаас гаргасан саналыг нөгөө нам нь дэмжинэ” гээд цагаан дээр хараар биччихсэн байна. Одоо ганцхан МАН л өмчтэй. Энэ намаас өөр ил тод өмч хөрөнгөтэй нам алга. Түүнийг эхнээс нь булаагаад эхэлчихсэн шүү дээ. Хоёр жил дамнан шүүхдээд МАН-ын хотын намын хорооны байрыг авчихсан. Одоо үлдсэнийг нь санаархаж байгаагаа шууд л гэрээний заалт болгоод оруулчихсан хэрэг.
Иймэрхүү байдлаар л МАН-ыг задалж, бүх талаар хамтран ажиллахаа тусгаж. Үүнээс гадна бүх намуудад хамааралтай "УИХ-д суудалтай намуудын санхүүжилтийг төсвөөс хийх”, "УИХ-д суудалтай намуудын үйл ажиллагаа явуулах зардлыг авсан суудалтай нь уялдуулан шийдвэрлэх” гэх мэт том заалтууд ч бий.
Нууц гэрээний хоёрдугаарт "Ерөнхий сайдыг огцруулахгүй байх талаар нэгдсэн байр суурьтай байж тууштай хамгаалах” гэж бичсэн байна. Тэгвэл жинхэнэ гэрээний долоодугаар зүйлд "Засгийн газрыг тогтвортой байлгах”, "Намууд хамтран ажиллаж байгаа намынхаа хүний нөөцийн бодлогод хүндэтгэлтэй хандаж, дотоод хэрэгт нь үл оролцох зарчмыг баримтлан ажиллана”, "Аливаа сайдыг огцруулах, сольж өөрчлөх саналыг зөвхөн тухайн сайдыг Засгийн газрын гишүүн болгох санал гаргасан нам нь санаачлан тавьж шийдвэрлүүлэх”, аравдугаар зүйлд "Аль аль намын гаргасан санаачлагыг хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа нөгөө нам нь тууштай дэмжиж ажиллана”, зургаадугаар зүйлд "Төр засгийн үйл ажиллагааг шударга зарчимд нийцүүлэн сайжруулах” гэх мэт ориг заалтууд орсон байна.
Энэ бүхэн Ерөнхий сайдыг огцруулахгүй байх талаар нэгдсэн байр суурьтай байх гэдгийн ил заалт мөн болно.
Нууц гэрээний гуравдугаарт "МАХН-ын удирдлагыг гэмт хэрэгт
холбогдуулан шалгахгүй, аливаа хэлбэрээр бүрэн хамгаалах” гэж бий.
Тэгвэл жинхэнэ гэрээний наймдугаар зүйлд "Тухайн намын гаргасан саналд
нөгөө тал хүндэтгэлтэй хандан тууштай дэмжиж ажиллана”,
арванхоёрдугаар зүйлд "Түншлэлийн гэрээнд зааснаас бусад аливаа
асуудал гарсан тохиолдолд тухай бүр ажил хэргийн журмаар санал
солилцож, байр сууриа нэгтгэж, хэрэгжүүлж ажиллахаар тогтов” гэсэн нь
гэрээнд заагаагүй өөр асуудал үүссэн ч байр сууриа нэгтгэн хамтран
ажиллахаар тохирч.
Нууц гэрээний дөрөвдүгээрт "УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээс үл хамааран Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэл болж оролцох” гэж бичиж.
Тэгвэл жинхэнэ гэрээний 14-р зүйлд "Энэхүү гэрээнд Талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд 2024 оныг дуустал хүчинтэй байна”, нэгдүгээр зүйлд "АН болон МАХН 2016 оны болон 2020 оны УИХ-ын сонгуулиудад бодлого, үйл ажиллагаагаа уялдуулах замаар түншлэн оролцох, эдгээр сонгуулийн дараа аль ч нам олонхийн суудал аваагүй тохиолдолд АН ба МАХН хамтарч Засгийн газар байгуулан ажиллах бодлого баримтлах болно”, гуравдугаар зүйлд "Сонгуульд нэг эвсэл болж оролцоогүй тохиолдолд УИХ-ын мажоритар тойрогт хоёр намын нэр дэвшигчид нэг нэгнийхээ саналыг хуваахгүй байх зарчимд нийцүүлэн хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь уялдуулан зохицуулах зарчимыг баримтална”, есдүгээр зүйлд "Нийслэл, хөдөө орон нутагт нэг нэгнийхээ нэр дэвшүүлсэн боловсон хүчнийг дэмжиж ажиллана” гэх мэтээр задлан бичсэн байна.
Энэ бүхнээс дүгнэж үзвэл нууц гэрээ бол зүгээр л хураангуйлсан дөрвөн заалт. Өөр юу ч биш. Магадгүй жинхэнэ гэрээг задлаж олны анхаарлын төвд оруулж ирэх гэсэн заль, ов мэх болж таарлаа.
Манай тагнуулынхан мундаг юм болохоороо тэр өгөөшинд нь ороод жинхэнэ гэрээг олны анхаарлын төвд татаад оруулаад ирлээ.
Тиймээс жинхэнэ гэрээнд жинхэнэ асуудал байна. Жинхэнэ гэрээний дагуу АН, МАХН хоёр 2016, 2020, 2024 оны УИХ-ын болон орон нутгийн, 2017, 2021 оны Ерөнхийлөгчийн гэсэн нийт найман сонгуулиар Засгийн эрхийг үгсэн тохирч хууль бусаар авахаар санаархаж байна.
Эдгээр найман сонгуулийг хар машиныхаа тусламжаар авч, дүнг нь урьдчилан зарлаж, олон түмний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж төрийн эрхийг хууль бусаар авахаа мэдэгдсэн хэрэг. АН ирэх найман сонгуульд ялах итгэлгүй байгаагаа зарлаж байгаагийн илэрхийлэл боллоо.
Тэгэхээр нууц гэрээг санаачлагчийг биш жинхэнэ гэрээг үйлдэгчдийг төрийн эрхийг 10 жилийн турш найман сонгуулиар үгсэн тохирч хууль бусаар авах гэж оролдсон гэсэн хэрэгээр ТЕГ шалгах хэрэгтэй боллоо доо.
Т.Эрдэнэ
Эх сурвалж:
Сэтгэгдэл байхгүй байна.