Дэ вангийн эцсийн өчил буюу Монголдоо л бүдрэх хүсэл...
Их хааны шууд удмын сүүлчийн хүн Дэ ван буюу Дэмчигдонров ар, өвөр Монголыг нэгтгэнэ гэсэн Монголын засгийн газрын аманд итгэж ар Монголын хилийг алхсан билээ. Энэ үед түүний гэр бүл Монголын ДЯЯ-ны барьцаанд байсан юм. Хэрэг дээрээ түүнийг ийнхүү авчрах нь ЗХУ-ын заавраар явагдсан "Хар эрэг” хэмээх нууц ажиллагаа байсан нь хожмоо ил болсон. Тэрбээр Альшаагийн цөлд сүүлчийн цэргийн хүчнээ алдсны дараа Энэтхэг рүү гарч өвөр Монголын дүрвэгсдийн засгийн газрыг байгуулахаар төлөвлөж байжээ. Тиймээс л ЗХУ яаравчлан "Хар эрэг” ажиллагааг эхлүүлж, Дэ вангийн хүүгээр захидал үйлдүүлэн түүнд илгээсэн байдаг. Ажиллагаа ч үр дүнгээ өгч Дэ ван ойр дотны хүмүүсийнхээ болон зөвлөхүүдийнхээ үгнээс зөрөн байж ар Монголыг зорьсон юм. Түүний энэ шийдвэрийг АНУ-д байсан Дилав хутагт эрс эсэргүүцэж байсан гэдэг. Харин ар, өвөр Монголыг нэгтгэх хэрэгт хамтарна гэж асан Монголчууд нь түүнийг баривчлан эрүүдэж, эртний өстэй Хятадын талд нь хүлээлгэн өгсөн эмгэнэлт түүхтэй билээ. Гэхдээ энэ бол хоёр их гүрний хоорондын өрөгт Монголчууд шатрын хүү болон ашиглагдсан хатуухан улс төр, стратегийн тоглоом байсан юм. Үүний нэгээхэн баталгаа нь Дэ ванг урьж авчираад хоёр Монголыг үнэхээр нэгтгэх арга зам хайна гэдэгт тухайн үеийн Монголын удирдагчид итгэж байсан явдал. Харин Зөвлөлтүүд энэ санааг нь Хятадыг өөртөө найрсуулах төлөвлөгөөнийхөө нэг хөшүүрэг болгон ашигласан нь энэ ажгуу. Дэ ван Монголд баривчлагдаад байх ахуйдаа ийн өчиж байжээ... ” -Би тэднээс "Юуны учир надад урьд хожид адил бус байдлаар хандаж, ямар гэрч баримттай хэмээн намайг баривчлах болов?” гэж асуумаар санагдаж байлаа. Гэвч иймэрхүү байдалд юу хэлсэн ч тусгүй. Магад өөртөө гай удах буйзаа. Тиймээс маргалдах цаг үе биш гэдгийг мэдээд зүгээр баригдан дурыг нь дагаж ямар ч эсэргүүцэл хийсэнгүй. Цагаан толгойд надад өмсгөсөн дээлээ тайлан авч ялтны өмсдөг нэхий дээл өмсгөж миний авч явсан эд барааг тэмдэглэн хурааж гянданд оруулвай. Хоёр дахь өдөр гяндангийн дарга нэгэн хошууч намайг дагуулан Вандан болон Чойжилтой учруулж, миний хонож байсан гэрээс байцаан гаргасан эд юм, гар буу зэргийг бүртгэн тэмдэглэж аваад гарын үсэг зуруулав. Түүний дотор харийн мөнгөн зоос нэг төгрөг байсныг "Энэ бол минийх биш” гээд гарын үсэг зурсангүй. Гурав дахь өдөр гяндангаас гарган авчирч Вандан миний хийсэн ялыг тоочив. Одоо ийн нэгэнт ялтны адил хандах болсноо үзүүлж эхэллээ. Түүний хэлэхээр "-Өнгөрсөн үед Японы эзэрхэг түрэмгийтэй сүлбэлдсэн. Одоо харин Америкийн эзэрхэг түрэмгий болон гоминдантай хуйвалдан БНМАУ ба ЗХУ-ыг устгахаар санаархаж, Монголын хууль цааж зөрчсөн болохоор баривчлан шийтгэнэ" гэвэй. Чойжил, Ванданы хэлснийг тэмдэглэн аваад дээр нь намайг зарлигдан гарын үсэг зуруулав. Энэ агшинд надад ёстой л "Өчигдрийн хүндэт зочин, өнөөдрийн нүгэлт дайсан нь боллоо” гэх бодол төржихүй...1950 оны 3-р сарын 1-нээс эхлэн Дэ ван миний биеийг нууцаар шүүж эхэлсэн юм. Тэрбээр "-Өнөө би дээд шатны удирдлагын заавраар чамайг шүүнэ. Бид үнэндээ чамайг гэмшин засрахыг нэлээд өдөр хүлээсэн боловч чи ял гэмээ өчүүхэн төдий ч хүлээн гэмших янзгүй байна. Хятадын талаас чамайг харгис хэрцгий том ялтан гэж үзээд буцаан аваачиж шийтгэхээр шаардав. Гэвч бид нар чамайг өгсөнгүй. Одоо яг сайхан сурган хүмүүжүүлж байна гэж хариулсан" гээд байцаалтандаа оров. Тэгээд 3-р сараас эхлэн тус 9-р сарын 18-ны өдөр хүртэл шүүн тасалсан цаг хугацаа нь тун урт байсан бөгөөд шүүсэн асуудал нь ч маш олон. Уг нь би бээр чухал асуудал сөхөгдөх бүрийг тэмдэглэн авч байсан билээ. Гэвч он жил удсан болохоор тэдгээрийг бүрэн тогтоож бичиглэж чадахгүй болов. Эдүгээ цээжинд байгаагийн хэрээр хэдэн чухал асуудлыг сөхөн хэлье.
Сэтгэгдэл байхгүй байна.