ГАЙХШРУУЛЖ БАРАХГҮЙ “ҮҮЛ” ДАРГА
Хэддүгээр зуун, ямар цаг үед амьдарч байгаагаа заримдаа бодоод олохгүй юм. Уг нь бол орой бүр зурагтын сувгаар гарч буй мэдээ, буурал үстэй "Баатар” ахын ярихыг сонсохоор XXI зуун, сая гаруй хүн амтай дэлхийн хэмжээний хотод аж төрөн сууж, амьдарч байгаа ч юм шиг.
Гэтэл яг амьдрал дээр бол бараг л "мөстлөгийн үе” мэт байх. Учир нь өнөөх дэлхийн хэмжээний хотынхоо төвд амьдардаг орон сууцандаа хөлдөж гэссэн шигээ сууж байна. Урсаж, царцаж сууж байтал хүн төрөлхтний гайхамшигт нээлтүүдийг нэг болох цахилгаан маань үе үе төрхөмдөө буцчихдаг бүсгүй шиг аашилна.
Үүнээс гадна дээхнэ үед өвгөчүүлийн магтан гайхширдаг байсан хананаас урсдаг халуун ус маань цэл мөс болчихоод бүх нийтээр ариун цэвэр сахиулж байсан цаг үеийг эрхгүй санагалзахад хүрнэ. Ингэж байтал гайхах ч багадмаар нэгэн шийдвэрийг Нийслэлийн захирагчийн албанаас мөн гаргав. Энэ нь энэ сарын 15-ны өдрөөс Төв цэвэрлэх байгууламж 48 цаг тэг зогсолт хийх тухай аж. Гамшгийн хэмжээнд хүрсэн гэгдэж буй Төв цэвэрлэх байгууламжийн цоорсон бетон ханыг засахын тулд ийм цаг зарцуулах бөгөөд Нийслэлийн удирдлагууд оршин суугчдаасаа 48 цагийн туршид усанд орж, хувцасаа угаахгүй байхыг "хүсчээ”. Харин бие засахыг нь яах эсэхийг дурдаагүй байна.
Харин өнөөдөр "төрж өссөн нийслэлээ өөд нь татна” гэж амлан УИХ-ын тойргийг тоолгүй нийслэлийн захирагчаар ирсэн Э.Бат-Үүл дарга маань дахиад л олныг гайхшруулаадхав. Энэ нь энэ онд хэрэгжих автозамын барилгын ажил, инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажлыг цаг алдалгүй түргэн шуурхай дуусгахтай холбогдуулан ард иргэдээ зуны амралтаа хотоос гарч өнгөрөөхийг уриалсан явдал байлаа. Ёстой л нөгөө "амралттай хүмүүс гоё л байдаг байх” хэлмээр санагдаж байна.
Үүлэн үстэй, үлгэрийн амлалттай "Баатар” дарга маань мань мэтийгээ гайхшруулж барахгүй юм даа.
Т.АЮУ
Сэтгэгдэл байхгүй байна.