Гэрэлт зул хөөргөхийг хориглоё

Угаасаа ч оройдоо жаахан салхитай байсан, тийм болохоор хэд хэдэн газарт гал гарч байна билээ. Азийн орнуудад энэ ёслолыг маш ихээр хийдэг аж. Гэхдээ далай, тэнгистэй газар зулаа хөөргөдөг гэж байгаа. Унасан ч усанд ойчоод унтарчихаар зохицуулж байгаа нь тэр шүү дээ. Гэтэл манайхан хот дотроо л гэрэлт зул хөөргөөд байгаа. Өнөө зул нь унтрахгүй явсаар байгаад хаана ч очиж унаж магадгүй. Маш өндөр эрсдэлтэй шүү дээ. Гэрэлт зул хөөргөснөөс болоод Богд уул шатаж, үнэлж барахгүй их хохирол учирвал яана. Ер нь ч мэр сэр жижиг гал гарч байсан ч удаа бий байх шүү. Ядахад л зулнаас болоод сая багахан хэмжээний гал гарч, иргэдийг сандаргаад авсан гэж байх вэ дээ.
Бүр хар муугаар бодоход шатахуун түгээх станцын ойролцоо унаад, том дэлбэрэлт болбол яах вэ. Ядаж байхад манай нийслэл чинь цагтай бөмбөг дунд байгаа гэж хэлүүлдэг. Олон шатахуун түгээх станц нь хаа сайгүй шавааралдаад байрлачихсан. Сургууль, цэцэрлэгийн хажууханд хүртэл байгаа шүү дээ. Тийм болохоор гэрэлт зул өргөж аз жаргалтай болж, амжилтад хүрэх гэсэн биш нийслэлээ түймэрдчихвэл яана. Муу ёрлож байгаа юм биш. Бодит үнэн, болохгүй гэх газаргүй л зүйл.
Зул өргөж байгаа бол адилхан. Тэнгэрт хөөргөхөөр илүү болчихдог юм гэж яавч байхгүй. Үүнийг л хүмүүс ойлгох хэрэгтэй. Тэгээд ч зул хөөргөж, бизнес хийж байгаа нөхдүүд ч гэсэн цаад наадахаа бодолцох хэрэгтэй шүү дээ.
Эхнээсээ гал гарчихаад байна. Зохион байгуулагчид нь бодвол найдвартай, гал гарах учиргүй, бүх талаас нь хамгаалсан энэ тэр гээд тайлбар хийх л байх. Гэвч гай гэдэг чинь газар дороос гарч ирээд л алийг нь алдуулдаг тохиолдол аль болгоныг хэлж барах билээ. Тийм болохоор энэ мэт үйл ажиллагааг хянадаг, хардаг, хориглодог эрхтэй байгууллага байвал жаахан анхаарал хандуулж, арга хэмжээ авмаар байна. Болж өгвөл бүр хориглосон ч яах вэ дээ. Зул өргөөд тэнгэрт хөөргөх, гэртээ өргөх хоёрт ялгаа байна уу. Эсвэл ганданд очоод өргөсөн ч яадаг юм. Тэгж бөөнөөрөө цуглаад олон мянган зул өргөхөөр аз жаргалтай, амжилттай болчихдог бол томхон цөгцөнд, битүү газар олноороо очоод өргөчихөд болохгүй зүйл юу байна.
Зул өргөж байгаа бол адилхан. Тэнгэрт хөөргөхөөр илүү болчихдог юм гэж яавч байхгүй. Үүнийг л хүмүүс ойлгох хэрэгтэй. Тэгээд ч зул хөөргөж, бизнес хийж байгаа нөхдүүд ч гэсэн цаад наадахаа бодолцох хэрэгтэй шүү дээ. Хамгийн гол эрсдэл нь гал гарах аюул. Ямар ч байдлаар гал гарч болно гэдгийг дээр дурьдлаа. Тэгэхээр энэ мэт асуудалд хаана хаанаа анхааралтай хандах хэрэгтэй. Ер нь ажил үйлс бүтэх, аз жаргалтай амьдрах, амжилт олох гэдэг хүний хичээл зүтгэлээс, эерэг бодлоос л үүдэлтэй эд.
Түүнээс биш зул хөөргөлөө гээд болчихдог, бүтчихдэг юм биш. Хэрвээ хэн нэгнийх нь хөөргөсөн зул явж байгаад айлын гэр дээр уначихвал яана. Шууд л шатна. Ямар ч гарз хохирол учирч болно. Хүний амь нас эрсэдвэл яах вэ. Юун ажил үйлс бүтэж, амжилт олж, аз жаргалын "үзүүр”-ээс атгаж авах. Харин ч хүний хараал идээд, ажил нь бүтэхээ болих байлгүй. Сая ням гарагт гэрэлт зулнаас болоод багахан гал гарахад олон ч хүн хараал зүхлээ барсан байж таарна. Ингээд л зул хөөргөсөн бүх хүний хүслийг хараар будаад хаячихаж байгаа юм. Тэгэхээр одоо аргаа өөрчилсөн дээр байх. Зул өргөе гэвэл гэрийн чинь бурхнаас авахуулаад олон л газар байна шүү дээ, хүмүүс минь.
Сэтгэгдэл байхгүй байна.