Манай ШУА-д “ҮЛ ХАМААРАХ” сэдэв буюу “ХҮН МИЧНЭЭС ҮҮССЭН”-ийг зөвшөөрөх шинэ ойлголт /2 дугаар хэсэг/ Шинэ мэдээ 2015/06/18 0 /Үргэлжлэл/ Үйлийн орон гэдэг нь Юуны өмнө аливаа үйл орон үүсгэдэг байгалийн жам хуулийн шинэ ойлголтыг анх удаа олон нийтэд хүргэсэн Сонин.мн цахим мэдээллийн сайтын хамт олонд талархлаа илэрхийлье. Уг сэдвийг бас нэлээн хүн сонирхон уншиж санал сэтгэгдлээ бичсэнийг үзээд шинжлэх ухааны маргаантай сэдвүүдийг анхаарч сонирхдог, судалдаг залуус ч цөөнгүй байдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрж, үргэлжлэлийг ийнхүү хүргэж байна. Мэдээж өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй, тэр тусмаа шинжлэх ухааны хүрээнд төсөөлөгдөж байгаагүй шинэ ойлголт жирийн сонирхогчдод байтугай судлаач эрдэмтэд ч тийм амар төсөөлөгдөж буухгүй нь ойлгомжтой. Энэ жам хуультай анх нүүр тулахад надад ч гэсэн итгэж ядсан эргэлзээ маань мөд арилахгүй байсан юм. Гэвч нэгэнт тэр ойлголт бий болсны дараа эргэн тойронд уг жам хуулийг батлах бэлэн нотолгоо дүүрэн байгааг олж харж билээ. Тэгээд ч өнөө үед уг жам хуулийг ойлгоход техник технологийн нарийн мэдлэг, туршилт судалгаа шаардлагагүй. Уг жам хууль үнэхээр таарч байна уу үгүй юу гэдгийг амьдралд болж буй үзэгдэл бүхэн дээр хөндлөнгийн ажиглагч байдлаар учир зүйн үүднээс эргэцүүлээд үзэхэд л илт ойлгомжтой байгаа. Тухайлбал эргэн тойрны хүмүүс маань зарим нь хэд хэдэн гадаад хэлтэй, зарим нь булчин шөрмөс нь зангирсан эрч хүчтэй, гэтэл өөр нэг нь хариугүй турьхан байх жишээтэй. Зан араншинг нь үзвэл зарим нь найрсаг дөлгөөн, нөгөө нь ууртай түрэмгий, гурав дахь нь хөгжилтэй цовоо, эсвэл ноомой дуугүй гэх мэт янз бүр л байгаа. Тэр бүхэн тэр хүмүүсийн хийсэн үйл, үйлдлүүдийнх нь, хөдөлмөр зүтгэлийнх нь, нөлөөллийн орчных нь үр дүн юм. Бие бялдрын хөгжил сайтай, булчин шөрмөс нь зангирсан хүнийг хараад хүчний бэлтгэл хийдэг болохыг нь мэднэ. Энд бэлтгэл хийдэг гэдэг ойлголт тухайн нэг үйлдлийг дахин давтан байнга хийж байдаг гэсэн ойлголтыг илтгэж байгааг анхааруулах нь илүүц зүйл биз ээ. Харин эндээс хүчний бэлтгэл олон дахин хийснийг илэрхийлээд байгаа тэр үзүүлэлт үйл, үйлдэл хадгалагдан хуримтлагддаг юм байна гэсэн ойлголтыг танд төрүүлэхгүй байна гэж үү?! Үүнтэй адилаар бодол сэтгэлгээ, орчин тойрноосоо та бидний хүлээн авч байгаа мэдээлэл бүхэн үйл, үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрөх байх. Хэлд орж байгаа нялх хүүхэд ч Аа аа, аб гэх мэтээр хэлсээр аав, ээж гэж хэлж сурдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд хэлд орох, хөлд орох үйл явцаас эхлээд амьдралын аливаа ухаарал, чадвар бүхэн үйлийн хуримтлал болохыг эндээс анзаарч болно. Энэ талаар нэгэн жишээ болгож хүүхдээ муур нохойтойгоо хорьдог байсан эцэг эхийг шийтгэсэн тухай Америкад гарсан нэгэн хэргийн талаархи саяхны мэдээллийг дурсвал "Эцэг эх нь хүүхдээ зөвхөн хооллож ундлаад нохой мууртайгаа түгжээд орхидог, нэг ч ярьж харьцдаггүй байснаас болоод хүүхэд нь хэлд ороогүй, зөвхөн муур шиг дуугардаг болсон байжээ”. Тэгэхлээр хүүхэд өсөх үйл явц, түүнийг өхөөрдсөн үг хэл дуу авиа, хайр энхрийллийн үйл үйлдлээс эхлэн орчинтойгоо харилцаж сурах, сургах үйлдлүүд байдаг. Үйлийн орны тэр хуримтлал цааш үргэлжилсээр хөдөлгөөний эвсэлтэй, бүр цаашлаад сайн бүжигчин, уран гимнастикчин, циркийн акробатчин болчихож болно. Хүмүүсийн чадвар үйлийн орноороо ийнхүү ялгарч нэг нь ширдэгэн дээр эвтэйхэн өнхөрч чадахгүй шахам байхад нөгөөх нь дээш үсрээд агаарт хий эргээд хоёр хөл дээрээ шаасан гадас шиг бууж байх жишээтэй. Эндээс бас өөр нэг зүйлийг анзаарч болох бөгөөд тухайн үйлийг хичнээн дахин давтах тусам тэр үйлийн орны эрчим нэмэгдэж, авъяас чадвар, дур сонирхол болж илэрдэг. Үүний зарим нь дон, шунал, гэх мэт гаж буруу зуршил болдгийг ч өнөөдөр хүүхэд гэлтгүй зарим насанд хүрэгчид ч компьютер тоглоом, гар утасны тоглоомын хорхойтон донтон болж байгаа наад захын жишээнээс харж болно. Хэрэв компьютер тоглоомыг заалгаагүй, сураагүй бол түүнд донтохгүй, шатар тоглож үзээгүй бол шатрын хорхойтон болохгүй. Тэгэхлээр таны зан чанар, сэтгэлийн илэрхийлэл сурсан мэдсэн, дадсан үйл үйлдлээс эхтэй болохыг эндээс анзаарч болно. Тэгвэл хүн гэгч нэг төрөл зүйл амьтан дотроо ийнхүү чадвартай чадваргүй, сул дорой, эрч хүчтэй янз бүр болж хувирч, ялгарч байгаа нь Ф.Энгельсийн "Хөдөлмөрийн гүйцэтгэсэн роль”, Буддын шашинд сургадаг "Бид бүхний үйлийн үр дүн”, бүр тодруулж хэлбэл үйлийн орны хуримтлалын үр дүн байх нь ээ. Үйл болгон "орон” үүсгэдэг гэсэн ухагдахууны "орон” гэж чухам юуг хэлээд байгааг ойлгуулахын тулд дахин өөр нэгэн жишээг энд дурьдая. Энэ оны эхээр нэгэн мэдээлэл гарсныг зарим хүн уншсан байх. "Хятадын Шензен хотын оршин суугч, 30 настай Шиао Ли бараг долоо хоног унталгүй явсаны гайгаар комд орж, нэг жил гаруйн хугацаанд сэргээгүй ажээ. Азаар Ли тун гайхалтай тохиолдлоор комоосоо гарсан байна. Тэрбээр дэлгүүрт кассчин хийдэг байсан болохоор ар гэрийнхнийх нь саналаар нэгэн арга туршиж үзсэн гэнэ. Ингээд эмнэлгийн сувилагч бүсгүй 100 юанийн дэвсгэртийг үрчийлгэж нугалаад дуугаргаж гарсан байна. Мөн хамар доор нь аваачиж үнэрлүүлсэн гэнэ. Ингээд тун удалгүй Ли хуруунуудаа хөдөлгөж, нүдээ цавчиж эхэлжээ. "Би 20 жил эмнэлэгт ажиллахдаа ийм гайхалтай тохиолдол хараагүй. Тухайн хүнд дэндүү танил болсон дуу авиа, үнэр нь хүчтэй сэргээгч байдаг” гэж доктор Лиу Тан ярьжээ.” Хачин гайхалтай тохиолдол гэж мэдээллийн хэрэгслээр цацсан энэ жишээ нь Ли гэх тэр залуугийн мөнгөтэй байнга харьцаж байдаг үйлдэл хамгийн их хуримтлагдсан, бүр тодруулбал хамгийн эрчимжсэн "үйлийн орон” болохыг харуулж байна. Тийм ч учраас уг үйлдлээр ухаангүй байсан залуугийн "био орон” амархан өдөөгдөж "ажиллаж” эхлэснээр, уг орны хөдөлгөөний үйлчлэлийн нөлөөгөөр эд эс, бие махбод сэрж бүхэлдээ ажиллагаанд орж байгаа хэрэг юм. Ийм жишээ олныг дурдаж болно. Ер нь биеийн тамираар хичээллэдэг, биеийн хүчний ажил хийдэг хүн биеийн хүчний дасгал хийдэггүй хүмүүсийг бодвол илүү бяр чадалтай, ханиад шуухинаа мэтээр барагтай бол өвчлөөд байдаггүй, дархлаа сайтай байдгийг хүн бүр л мэднэ дээ. Тэрчлэн их хүсэл тэмүүлэлтэй, түүнийхээ төлөө зав чөлөөгүй ажиллаж байгаа хүмүүс ч өвчлөх нь бага байдаг. Түүгээр ч зогсохгүй өөрийн мэргэжиж дадсан, мэддэг, чаддаг ажлаа хийж байхдаа хүн хамгийн цог жавхаатай, сайхан харагддагийг анзаарсан хүн бишгүй л байх. Энэ бүхэн үйлийн орны эрчмийнх нь нөлөө гэдгийг эндээс одоо ойлгож байгаа байх аа. Үүн дээр нэмээд саяхан интернет орчинд шуугиан тарьсан бас нэг баримтыг дурьдая. Эхийн хэвлийд байгаа ураг хөгжмийн аялгууг сонсоод алгаа ташиж байгаа дүрсийг ЭХО-гоор харж буй бичлэгийг та бүхний зарим нь үзсэн байх. Тэгвэл ураг хөгжим ойлгоод баярлаад, сайхан зүйлийг үзэж сонсоход алгаа таших ёстой гэдгийг мэддэг болоод энэ үйлдлийг хийж байгаа хэрэг биш ээ. Энэ нь ураг тээсэн эхийн сэтгэлийн хөдлөл, баярлаж таашаасан сэтгэлээ илэрхийлж алгаа ташдаг үйлдлийн хуримтлал болох тэр үйлийн орон тухайн аялгууг сонсоод өдөөгдсөнөөр ураг тэр үйлдлийг хийж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл эхийн дадаж хэвшсэн нэг үйлдлийн үйлийн орны өдөөгдлийг ураг илэрхийлж байгаагаар тайлбарлагдана. Үргэлжлэл бий. О.Лхагвадорж 0
Сэтгэгдэл байхгүй байна.