Амжилтанд хүрсэн хүмүүс 22 насандаа юу ухаарсан бэ

0

 

Амжилттай яваа бизнесмен, алдартай удирдагчдыг хараад биднээс юугаараа илүү юм бол хэмээн бодох үе цөөнгүй. Манайхан 22 насандаа их сургуулиа төгсөөд одоо л бүгдийг эхлэе хэмээн бодох нь олонтаа. Тэгвэл амжилтын эзэд 22 насандаа юу бодож явсныг танд хүргэе.Хэрэв та хэдийнэ 22 насыг дайраад гарсан бол тухайн үед юу эргэцүүлж явснаа дахин нэг бодож, энэ хүмүүстэй харьцуулж үзээрэй.

 

Сюзи Орман: Юу хүсч байгаагаа мэдэхийн тулд завсарлага авахад гэмгүй

 

 

Санхүүгийн салбарын нэр хүндтэй мэргэжилтэн, зохиолч, телевизийн нэвтрүүлэгч Сюзи Орман 22 настайдаа төрөлх Иллиной мужаас Беркли хүртэл мод тайрах ажил хийхээр явж байсан гэдэг. Үүнээс өмнө тэрээр долоон жилийн турш зөөгч хийгээд байлаа. Гэхдээ л тэрээр30 наснаасаа өмнө хувьцааны брокерийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ нь өнөөдрийн Сюзи Орман бий болох амжилтыг дагуулсан байна.

 

Тэр 22 настай залуус хүсэл мөрөөдлөө олохын тулд найман жилийг зарцуулах шаардлагатай гэх гээгүй. Харин юу хийхийг, хаана байхыг хүсч байгаагаа мэдэхийн тулд тодорхой хугацаанд завсарлага авах нь муу зүйл биш гэдгийг хүмүүст хэлэхийг хүсдэг гэнэ. Хэсэг хугацаанд завсарлага авах нь залхуурлаас огт өөр зүйл гэдгийг тэрээр нэмж хэлжээ.

 

Роберт Герджевик: Том мөрөөд  

 

 

"Хэрэв намайг 22 настай байх үеийнхээ бодол мэдрэмжээс хуваалц гэвэл би их л энгийн зүйлийг зөвлөх байсан. Ямар ч үед том мөрөөд. Хэрэв би тухайн үед илүү алсын хараатай байсан бол өнөөдрийн амжилтанд аль эрт хүрэх байсан” гэж Канадын алдарт бизнесмен, хөрөнгө оруулагч Роберт Герджевик зөвлөжээ. Хэрэв бидэнд тодорхой том зорилго байгаагүй бол юуг ч эхлүүлэхгүй байх байсан. Бидний алдаа, бидэнд хамгийн том багш бас сургамж болдог гэдгийг  Роберт Герджевик хэлсэн байна.

 

Арианна Хаффингтон: Амьдралынхаа чухал зүйлүүдэд хангалттай цаг гарга  

 

 

"Хаффингтон пост”-ын үүсгэн байгуулагч, зохиолч, редактор Арианна Хаффингтон "Хэрэв би 22 настай Арианна дээр буцаж очсон бол зохиолч Брайан Андреасын "Юм бүхэн өдөр хоногоор хувьсан өөрчлөгддөг. Гэхдээ амьдралынхаа чухал гэсэн зүйлүүдэд хангалттай цаг гарга” гэсэн үгийг хэлэх байсан. Учир нь, би үүнийг эрт ойлгосон бол айдас, түгшүүрийн хүлээснээс эрт тайлагдах байсан юм” гэжээ.

 

Түүнд хийхийг хүссэн зүйлээ гүйцэлдүүлэхэд хангалттай цаг байхгүй мэт хэт яарснаас болж бодит үр дүн бага, сэтгэл ханамжгүй, стресстэй байдал биднийг угтдаг гэнэ. Зорилгодоо богино хугацаанд яаран сандран хүрэхээс илүү сэтгэл ханамжтай, үр дүнтэй байдлаар хүрэхэд гол утга учир нь оршдог гэдэгт Арианна Хаффингтон итгэдэг аж.

 

Марк Лор: Мөнгө бүх зүйл биш

 

 

"Jet.com”-ийн гүйцэтгэх захирал Марк Лор коллежоо төгссөнөөс хойш цалин сайтай ажлыг хүссээр иржээ. Тэрээр "Banker Trust” банкинд ажилд орсондоо өөрийгөө азтайд тооцож явдаг байв. Марк Лор банкны салбарт ажиллах зургаан жилийн хугацаандаа өөрийгөө хэр хурдан албан тушаал ахиж буй, хэдий хэмжээний шагнал урамшуулал авч байгаагаар хэмждэг байсан гэж ярьжээ.

 

Эцэст нь Марк энэ салбарыг орхиж урт хугацааны турш мөрөөдөж байсан хувийн бизнесээ эхлүүлсэн байна. "Би 22 наснаасаа хийж эхэлсэн ажлын туршлагаасаа нэг зүйлийг ойлгосонТаны амжилтыг хэмжих зүйл нь цалин, албан тушаал, эрх мэдэл, бусдад нөлөөлөх байдал биш. Харин хамтдаа хэр их аз жаргалд хүрсэн бэ гэдгээр хэмжигдэнэ” гэжээ.

 

Ричард Брэнсон: Хүн бүхэн хоёр дахь боломжийг хүртэх эрхтэй  

 

 

"Virgin Group”-ийн үндэслэгч Ричард Брэнсон өнгөрсөнд гаргасан алдаагаараа өөрийгөө дүгнэх боломжийг бүү олго хэмээн залуучуудад зөвлөжээ. "Би 42 жилийн өмнө ийм хүн байгаагүй. Тэр бүү хэл хоёр жилийн өмнөх би ч өөрчлөгдсөн. Учир нь, бид үргэлж өөрчлөгдөн хувьсч, шинээр сурч, өсөн дэвжиж байдаг. Гэтэл бид өнгөрсөнд гаргасан алдаагаараа өөрөө өөрсдийгөө шүүдэг нь гол алдаа юм” хэмээгээд "Өөртөө болон бусдад өөрчлөгдөх боломж олго. Хүн бүхэн хоёр дахь боломжийг хүртэх эрхтэй” гэж бичжээ.

 

Адена Фридман: Үзэл бодлоо өөрчлөх нь буруу зүйл биш  

 

 

"Nasdaq” буюу Америкийн үнэт цаасны үндэсний холбооны Ерөнхийлөгч Адена Фридман коллежид суралцаж байхдаа улс төрийн ухааныг судлахад ихэнх цагаа зарцуулдаг байжээ. Хожим тэрээр Вандербильт их сургуульд элсэн орж бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байдаг.

 

Адена Фридман "Хэрэв та үзэл бодлоо өөрчилсөн ч хийж буй ажилдаа тууштай, үнэнч байж чадвал материаллаг болоод сэтгэл санааны хувьд тав тухтай байдлыг олно гэдэгтэй итгэлтэй байж болно. Нэг хаалгыг нээхэд өөр олон хаалга нээгдэх боломжийг бий болгож байдаг” гэжээ.

 

Мөн залуус ажлын гараагаа эхлэхдээ ажил олгогч болон компаниа нухацтай судалж үзэхийг тэрээр зөвлөсөн юм.  Танд өсөн дэвжих боломж авчрах ажлын байр мөн эсэхийг сайтар тунгаах нь зүйтэй гэж Адена хэлсэн байна.

 

Мэйнард Уэбб: Том зорилт тавь, түүнийгээ давуулан биелүүл

 

 

"Хэрэв та өөртөө зорилго тавьсан бол илүү их хөдөлмөрлө, түүнийгээ давуулан биелүүлэхийг хичээ. Ямар ч үр дүнд хүрсэн энэ нь хоосон мөрөөдөж сууснаас дээр байх болно” гэж "Yahoo” компанийн орлогч захирал Мэйнард Уэбб зөвлөжээ.

 

Уэббийг бага байхад эцэг нь нас барсан учир гэр бүл нь хүнд хэцүү амьдралыг туулж өнгөрүүлсэн байна. Энэ тухай тэрээр "Бид агааржуулагч, зураг, халуун ус гэх мэт амьдралын наад захын хэрэгцээт зүйлээ хүртэл алдаад байлаа. Мөрөөдөх боломж маань хүртэл үгүй болоод байсан юм” гэж бичжээ.

 

Уэбб коллежоо төгсдөг жил "IBM”-ийн аюулгүй байдлын албан харуулаар ажилладаг байжээ. Тухайн үед тэрээр "IBM”-ийн менежер болохыг хамгийн гол зорилгоо болгоод байсан аж. Гэвч түүнээс илүү амжилтанд хүрч чадах байснаа 22 насандаа ойлгоогүй байсан гэж Уэбб хэлсэн байна.

 

Ян Каллум: Бусдаас 10 хувь илүү хөдөлмөрлө

 

 

"Jaguar” автомашины компанийн дизайныг хариуцсан захирал Ян Каллум "Бусдаас 10 хувь илүү хөдөлмөрлөхөд 100 хувь өөр үр дүн гардаг гэдгийг би эрт ухаарсандаа азтай” гэж ярьжээ.

 

Б.Саруул

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.