Хагас тэрбумаар байгуулсан цэцэрлэгт хүрээлэн хариуцах эзэнгүй хаягджээ

2
 

 

 
 

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэх ажлын хүрээнд гэр хороолол дунд гурван цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсны нэг нь "Гүнжийн нуур” цэцэрлэгт хүрээлэн.

Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байгуулсан энэ цэцэрлэгт хүрээлэнг иргэдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх, зугаалах орчныг бүрдүүлэхээр байгуулсан ч өнөөдөр уушийн газар болон хувирчээ.

САНХҮҮЖИЛТГҮЙ ТУЛ АРЧИЛГАА, ХАМГААЛАЛТ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Одоогоос жил гаруйн өмнө бүтээн байгуулалтын ажил хийж, 2014 оны аравдугаар сард нээсэн цэцэрлэгт хүрээлэн жил хүрэхгүйн хугацаанд өнгө алдан, явган хүний зам, хогийн савнууд нь эвдэрч, шар айрагны саваар дүүрснийг Та харж байна.

Жил хүрэхгүй хугацаанд цэцэрлэгт хүрээлэн ийм болжээ
Жил хүрэхгүй хугацаанд цэцэрлэгт хүрээлэн ийм болжээ

Гүнжийн нуур дотор, гадна нь, ер нь хаа сайгүй шар айрагны сав хөглөрч, саравч бүрийн дор тамхины иш харагдана.

Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 9-р зүйлд цэцэрлэгт хүрээлэнд тамхи татахыг хориглосон бол Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7-р зүйлд мөн л олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байдаг.

Гэвч энэ хоёр заалт хагас тэрбумын өртөгтэй Гүнжийн нуур цэцэрлэгт хүрээлэнд хэрэгжихгүй байна.

2.2 га талбайд хүүхдийн тоглоомын талбай, дасгал хийх газар, долоон саравч, 30 гаруй сандал зэргийг байрлуулан явган хүний зам, хогийн сав зэрэг 441 сая төгрөгийн тохижилт хийжээ. 

Харин өнөөдөр цэвэрлэгт үйлчилгээ хийх хөрөнгийг шийдээгүйн улмаас байдал ийм дээрээ тулсныг Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нийгмийн ажилтан Э.Пүрэвдаш тайлбарлалаа.

Байнгын харуул хамгаалалттай болгох санхүүжилт байхгүй учир хяналт тавьж чадахгүй, хорооныхоо иргэдтэй хамтарч цэвэрлэгээ хийдэг ч удалгүй хогоор дүүрдэг талаар тэрбээр хэлсэн юм.

НИЙСЛЭЛЭЭС ХАРЬЯА ДҮҮРЭГТ ХАРИУЦУУЛСАН. ХАРИН ХАРЬЯА ДҮҮРЭГ ХАЯСАН

Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас уг цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг 2014 оны дөрөвдүгээр улиралд Сонгинохайрхан дүүрэгт хүлээлгэн өгчээ.

Энэ талаар Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Ой, ногоон байгууламжийн хэлтсийн дарга Ч.Болдбаатар хэлэхдээ,

"Цэцэрлэгт хүрээлэн гэхээр хотын төв рүү анхаарал хандуулдаг. Гэтэл бид гэр хорооллыг хаяж болохгүй. Хаана ч гэсэн иргэдэд амрах зөв, экологийн хувьд эерэг орчин бүрдүүлэх ёстой. Гудамжинд ганц хоёр мод тарьж, сандал тавих нь экологийн орчин бүрдүүлж чаддаггүй. Тэгэхээр цогцоор нь цэцэрлэгт хүрээлэн маягаар бүрдүүлэх ёстой учраас Гүнжийн нуурын байгалийн тогтцыг түшиглэн хогонд дарагдсан газрыг өөд нь татаад тохижуулж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулсан.

Бүтээн байгуулалтын талаас манайх хяналт тавьж, улсын комиссоор шалгуулан Нийслэлийн өмчид бүртгэж, Сонгинохайрхан дүүрэгт хариуцуулсан. Тэгэхээр цаашдын арчилгаа, хамгаалалтыг дүүрэг хариуцахаар болсон. Манайх хийсэн бүтээсэн ажлаа шалгаж, тодорхой үүрэг, шаардлагыг тавьдаг. Арчилгаа, хамгаалалтаас үүдэлтэй зөрчил гэмтлийг дүүрэг хариуцна. Харин гүйцэтгэгч компанитай холбоотой эвдрэл гэмтлийг тухайн компани баталгаат хугацаанд хийдэг.

Гүнжийн нуур цэцэрлэгт хүрээлэн төв замаас зайдуу учраас зөвхөн тэр орчимд амьдардаг хүмүүс байдаг гэсэн үг. Тиймээс нэг талаас тухайн орчны иргэд ухамсартай хандах хэрэгтэй. Бүтээн байгуулалтыг хийгээд өгчихсөн учраас тарьсан модыг хугалах, саравч сандлыг хамгаалах зэрэг нь иргэдээс хамааралтай” гэдгийг онцоллоо.

Томоохон бүтээн байгуулалтын ажил хотын төвд байрлалтай бол Улаанбаатар нэгтгэлийн харьяанд, хотын төвөөс зайдуу, туслах чанарын гудамжинд байвал харьяа дүүрэгт нь хариуцуулдаг. Шаардлагатай урсгал зардлыг дүүрэг хариуцах ёстой гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Харин хариуцаж хамгаалах ёстой дүүрэг энэ жил хийх ажлын жагсаалтаа гарган иргэдээс санал авсан. Гүнжийн нуур цэцэрлэгт хүрээлэнгийн харуул, хамгаалалт, цэвэрлэгээг хариуцах ажил иргэдийн олонхийн санал, дэмжлэг авч чадаагүй учир  эзэнгүй хаягджээ.

Хагас тэрбумын хөрөнгөөр бүтсэн цэцэрлэгийг хариуцаж авсан дүүрэг яагаад  хамгаалалтын зардлыг шийдэж өгөхгүй байгаа талаар тус дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн мэргэжилтэн Л.Норовдэмидээс тодруулахад "2015 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх Гүнжийн нуурын цэвэрлэгээ ажлын саналыг оруулсан ч иргэдээс авсан саналаар гуравт орсон учраас энэ ажил хойшлогдсон. Явган хүний зам, гэрэлтүүлэг хийх зэрэг ажилд иргэд олноор саналөө өгсөн” гэж тайлбарлав.

Дүүргийн хийх ажлын жагсаалтад ороогүй тул 441 сая төгрөгийн цэцэрлэгт хүрээлэн энэ жилдээ дахиад л хариуцах эзэнгүй хөсөр хаягджээ.

Ирэх жил дахин харуул хамгаалалттай болгох санал оруулаад иргэдээс санал авахгүй бол энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар хорооны мэргэжилтэн тодорхой мэдээлэлгүй байсан тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Хот байгуулалт, тохижилт хариуцсан орлогч Б.Батдоржоос тодрууллаа. Гэвч тэрбээр энэ талаар мэдээлэл өгөхгүй гэдгээ туслахаараа дамжуулан хэлсэн юм.

"ИЙМ ИХ ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛЧИХААД ИНГЭЭД ХАЯЖ БОЛОХГҮЙ”

Гүнжийн нуур цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилттой холбоотой асуудлыг хөөцөлдөж, харуул хамгаалалттай болгохоор харьяа хороо буюу наймдугаар хорооны Иргэдийн хурлын дарга Н.Хишигбаатар хөөцөлдсөн ч тусыг эс олжээ.

Цэцэрлэгт хүрээлэнд харуулын байр байгаа тул ээлжийн хамгаалагчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулаад өгөөч хэмээн дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст хүсэлт тавьсан ч татгалзсан байна.

Тэрбээр энэ талаар, "Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 100 сая төгрөгийн ажил хийдэг юм. Энэ ажилд манай хорооны иргэд Гүнжийн нуурын хамгаалалтын асуудлыг шийдэх урсгал зардал гаргаж өгөх хүсэлт тавьсан ч бүтээгүй. 441 сая төгрөгөөр хийсэн ажил нь хариуцах эзэнгүй болчихоод байна.

Нийслэл дүүрэгт шилжүүлсэн гээд дүүрэг хөрөнгийнх нь асуудлыг шийдэж өгдөггүй ийм байдалд хүрчихсэн. Ийм их хөрөнгө зарцуулж хийчихээд Нийслэлээс ядаж гурван жил арчлалт, хамгаалалт хийх хөрөнгийг ч болов шийдэж өгөх хэрэгтэй байсан юм. Дүүрэг хариуцах ёстой гээд ийм их хөрөнгөөр хийсэн ажлыг хаяж болохгүй” гэлээ.

Нийслэлд ногоон байгууламжийг нэмж, цэцэрлэгт хүрээлэн барьсан нь сайшаалтай. Гэвч өнөөдөр хагас тэрбумын өртөгтэй цэцэрлэгт хүрээлэнг хэн хариуцах нь тодорхойгүй нэг нэг рүүгээ шидэлцэж байгаа нь харамсалтай.

Бүтээн байгуулалтын ажлын зардлыг төсөвлөсөн шигээ ядах нь ээ дараагийн гурван жилд хэрхэн арчилж, хамгаалах зардлыг ч мөн тусгах хэрэгтэй байсныг иргэд учирлаж байлаа.

Аливаа ажлыг хийж эхлэхээсээ өмнө сайтар төлөвлөх хэрэгтэйн жишээ Гүнжийн нуур цэцэрлэгт хүрээлэн болоод байна.

Жил хүрэхгүй хугацааны өмнө хөрөнгө мөнгө зарж хийсэн бүтээн байгуулалт өнөөдөр ийн хаягдаж байхад дахиад нэг жил өнгөрвөл энэ цэцэрлэгт хүрээлэн сураг ч үгүй болж мэдэх нь. Тиймээс хариуцаж буй дүүрэг болон нийслэлээс яаралтай арга хэмжээ авах цаг нэгэнт болжээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
:

http://www.mlkbx.com/unfair/bags-bag-weekend-bag-blackbags bag weekend bag black
le phare de la baleine femme pull droit ray茅 en laine point mousse noir blanc hiver femme pulls http://www.datsumo-news.com/intelligence/le-phare-de-la-baleine-femme-pull-droit
-ray%c3%a9-en-laine-point-mousse-noir-blanc-hiver-femme-pulls

:

http://www.birja-n.com/san/nike-air-max-2016-homme-baskets-%c3%a0-un-prix-kpu-no
ir-blanche-orange-bleu-cuirnike air max 2016 homme baskets 脿 un prix kpu noir blanche orange bleu cuir
arena maillot de bain deux pi猫ces femme glitch noir doubl茅 de rose http://www.z-tripper.com/quit/arena-maillot-de-bain-deux-pi%c3%a8ces-femme-glitc
h-noir-doubl%c3%a9-de-rose