Т.Мөнхтунгалаг: Үзлэг, нэгжлэгийн үеэр Н.Алтанхуяг гишүүн ирж саад учруулахыг оролдсон
Авлигатай тэмцэх газрынхан ээлжит мэдээллээ өчигдөр хийлээ. Энэ удаад тус газраас шалгасан эрүүгийн хэргийн талаарх тоон мэдээлэл өгсөн ч хэвлэлийнхэн нийгэмд дуулиан тарьсан албан тушаалтнуудын хэргийг илүүтэй сонирхож байв. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан ажилтан Т.Мөнхтунгалагтай ярилцлаа.
-Танай газрыг саяхан прокуророос шалгасан. Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан хуулийн төслийн дараахан ийм алхам хийж буй нь нийгэмд хардлага төрүүлээд байна л даа?
-Улсын Ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу шалгалт хийсэн. Энэ бол жилийн жилд хийж л байдаг энгийн нэг шалгалт. Өмнө нь хийж л ирсэн. Цаашид ч үргэлжлэх тийм л шалгалт. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах үйл ажиллагааг прокурор хянадаг. Мөрдөн шалгах, гүйцэтгэх бүхий л ажиллагаа прокурорын хяналтан дор явдаг.
-АТГ-ын үйл ажиллагааг хянах, шалгах газар үгүйгээс тэд дураараа аашлах боллоо гэсэн шүүмжлэл бий?
-Манай байгууллагыг хэнд ч хянуулдаггүй, цагдуулдаггүй, эрх дураараа гэсэн ойлголтыг зарим нэг хүн нийгэмд төрүүлчихсэн. Тийм зүйл байхгүй гэдгийн жишээ энэ л дээ.
-Албан тушаал, авлигын хэрэгт хэчнээн хүнийг цагдан хориод байна вэ?
-ЭХ-ийн тусгай ангийн 268 / хээл хахууль авах/, 265 /төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/, 263 /төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/ хэрэгт Г.Дэнзэн, Г.Түмэнхүү, М.Тамир, Д.Батзориг, Г.Мөнхбат нарыг яллагдагчаар татан шалгаж байна.
-Авлигатай тэмцэх газрын тайлангаас харж байхад гомдол мэдээллийн ихэнхэд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байх юм. Гэтэл иргэд дийлэнхийг нь шүүрч аваад шалгадаг гэсэн ойлголттой байдаг?
-Нийгэмд болохгүй, бүтэхгүй бүхнийг Авлигатай тэмцэх газарт хандаж шийдвэрлүүлэх хүсэл сонирхолтойг манайд ирүүлсэн гомдол, мэдээллээс харж болно. Гэтэл манай байгууллага хуулиар харьяалуулсан 10 төрлийн гэмт хэргийг шалгадаг. Иргэдээс ирүүлж байгаа гомдол, мэдээллийн дийлэнх нь хэргийн харьяалал бус ихэнхдээ зөрчлийн шинжтэй байдаг. Жишээлбэл, цэцэрлэгийн эрхлэгч, эмч сувилагч хандив авлаа, газрын байцаагч мэдээллийн санд бүртгэж аваагүй зэрэг гомдолд эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй байдаг.
-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн боловсруулсан хуулийн төслийг хүчтэй эсэргүүцээд байгаагийн шалтгаан нь юундаа байна вэ. Албан тушаалтны болоод авлига авдаг, өгдөг хэргийг шалгах эрх мэдэл нь АТГ-т хэвээр үлдэнэ биз дээ?
-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачлан өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, эдгээр хуулийг дагалдан гарах УИХ-ын тогтоолын төсөлд санал авахаар хүсэлтээ ирүүлсний дагуу АТГ-аас тодорхой саналаа хүргүүлсэн. Дээрх хуулийн төслийг УИХ хэлэлцэх шатандаа яваа тул одоохондоо ямар нэгэн санал, тайлбар, дүгнэлт хэлэх эрт байна.
-Энэ асуудлыг нэгэнтээ хөндсөнийх Н.Алтанхуяг гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг дахин хянасан уу. Мөн албан байр, гэрт нь нэгжлэг хийх үед тэрбээр эсэргүүцсэн гэсэн. Энэ хэр бодитой вэ?
-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт шалгалтын ямар нэг ажиллагаа хийгээгүй. Тэгээд ч хянаж шалгах эрхтэй субьект нь манай байгууллага биш юм. Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн арвангуравдугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт УИХ-ын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар биш УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгахаар заасан байдаг. Харин хөрөнгө, орлогын мэдүүлэг нь зөрчилтэй байж болзошгүй асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд мэдэгдсэн тал бий. Мөн "Алтан тэнгэр” компанийн захирал Н.Самбууд холбогдох үйлдлийг шалгах явцад прокурорын болон эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр хийж байгаа үзлэг, нэгжлэгийн үеэр Н.Алтанхуяг гишүүн ирж мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахыг оролдсон. Энэ асуудлыг Авлигатай тэмцэх газраас цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байгаа.
-УИХ-ын гишүүн Г.Уянга С.Баярт холбогдох асуудлыг шалгаж өгөөч гэдэг хүсэлтийг танай байгууллагад хүргүүлсэн. Ямар шатандаа яваа вэ?
-С.Баярт холбогдох асуудлыг шалгаад хариуг УИХ-ын гишүүн Г.Уянгад хүргүүлсэн. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй.
-Ерөнхийлөгч асан П.Очирбатын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан гэсэн. Ямар нэгэн зөрчил илэрсэн болов уу?
-УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, "Хос дэнс” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Гантамир нарын гомдлын дагуу Үндсэн хуулийн Цэцийн гишүүн П.Очирбатын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд шалгаад хариуг дээрх албан тушаалтнуудад хүргүүлсэн. Хувь хүний нэр хүндтэй холбоотой учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Г.Дэнзэнг улс төрийн золиос боллоо гэсэн агуулгатай ярилцлага өгснийх нь маргааш АТГ-аас баривчилсан. Энэ хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Г.Дэнзэнд Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа.
-Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний төвийн дарга Д.Пүрэвдорж, Төмөр замын Г.Сэрээнэндорж нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа ямар шатандаа яваа вэ?
-ЭХ-ийн 263.2, 273.2, 150.3-т заасан зүйл ангиар,мөн Г.Сэрээнэндоржид ЭХ-ийн 266.2 зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
-"Цэвэр агаар” сангийнхны хоёр дахь хэргийг прокуророос нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэсэн. Дахин яллах дүгнэлт үйлдүүлэхээр өгөв үү?
-Яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн.
У.Мичид
Сэтгэгдэл байхгүй байна.