Хэн юу хэлэв
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрөгч долоо хоногт ОХУ, АНУ-д албан ёсны айлчлал хийгээд эх орондоо ирсэн билээ. Тэгвэл эх орондоо дөнгөж хөл тавиад л маргааш нь ИБУИНВУ-д ажлын айлчлал хийхээр мордсон юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Лондонгийн Хөрөнгийн биржийн өдрийн арилжааг нээж, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад оролцож үг хэлсэн юм. Бизнес уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "Лондонд би олон удаа ирж байсан. Гэхдээ Ерөнхий сайдын хувиар ирж байгаадаа баяртай байна.
Танай улсад айлчлахаасаа өмнө ОХУ, АНУ-д ажлын айлчлал хийлээ. Миний тэргүүлж байгаа Засгийн газар "Эдийн засаг” гэсэн чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Эдийн засгийг солонгоруулахад олон салбарт хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Уул уурхай бол зөвхөн нэг өнгө нь юм. Монгол Улсад Хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг хөрөнгө оруулах маш олон салбар байна. Манай улс өнөөдөр дэлхийн ноолуурын зах зээлийн гуравны нэгийг нийлүүлж байна.
Хөрөнгө оруулагчид цөөн хүн амтай улсад хөрөнгө оруулаад ашигтай эсэх талаар асуудаг. Монгол Улсад хөрөнгө оруулах хамгийн том давуу тал бол байршил юм ” гэдгийг онцолжээ.
-МАХН-ын гишүүд дэмжигчид хоёр хуваагдаж, намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулахаар санал нэгдсэн тухай яриа сүүлийн өдрүүдэд МАХН-ын Цагаан ордноос дуулдах болсон. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ярилцлага өгч, няцаалт хийжээ. Тэрбээр, "Өнгөрсөн долоо хоногт хэвлэлүүдээр ийм мэдээлэл цацагдаад эхэлсэн.
МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, энэ тухай мөн ярьсан. Ер нь бол Бага чуулган хуралдах ёстой, ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах ёстой гэх шаардлага тавьсан нөхдүүд дунд юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдэхгүй, зарим нь тодорхой асуудал дээр санал зөрөлдсөн, заримынх нь гарын үсгийг дуурайлгаад зурчихсан гээд "но”-той асуудал их бий. Сонгууль угтсан улс төр л яваад байна. 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвсэл амжилттай оролцсоны дараа эвслийг задлахуйц асуудал яригдаж, тараахыг оролдсон. Ийм нөхцөл байдал өнөөдөр давтагдаж байна. Гишүүдийн маань итгэл үнэмшлийг өөр зүгт хандуулж, хөөрөгдүүлж байгаад гарын үсгийг хуурамчаар зуруулсан.
Өөр бусад шалтгаанаар гарын үсэг зуруулсан тохиолдол ч бий, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулахтай холбоотойгоор. Гэхдээ 81 хүний байр суурийг МАХН-ын мянга, мянган гишүүний байр суурь гэж харж болохгүй. Бага чуулган хуралдана гэдэг намын даргатай холбоотой, хэлэлцэх асуудал нь намын эрх хэмжээнд яригддаг учраас тийм ч амархан болохгүй. Хаанаас шидсэн чулуу, хаана очиж бууж байгаа, хэн явуулж байгааг бид мэднэ. Халуун тогоонд нь ажиллаж байгаагийн хувьд иймэрхүү зүйлд бид хөөрөгдөж гүйхгүй, хүлээцтэй хандана” хэмээсэн байна.
-Улс төрийн хүрээнд өрнөж буй МАН-ыг Засгийн газраас хөөх тухай асуудлаар улстөрчид өнгөрөгч долоо хоногт байр сууриа түлхүү илэрхийлжээ. Тухайлбал, энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, "Сүүлийн үед АН-ын бүлгийн удирдлагууд Засгийн газраас МАН-ыг хөөх тухай хэлэх болсон.
Тэр ч байтугай ард иргэдээс хөөх нь зөв үү үгүй юу гэсэн судалгаа авсан гэсэн. Тэгэхээр нэг зүйлийг Ардчилсан намынханд сануулмаар байна. МАН Засгийн газарт гуйж ороогүй шүү гэдгийг. УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар өөрсдөө уйлж дуулж гуйж байгаад л манай намыг Засагт оруулсан.
Гэтэл одоо хөөж байна. Тийм учраас МАН Засгаас гарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Ер нь бол улс төрийн хоёр хүчин хоорондоо тохироод л Засгаас гарах нь хамгийн зөв сонголт юм. Муур хулгана болж тоглох шаардлагагүй. Нэг ёсондоо манай намаар АН-ынхан тоглож байна. Ардын нам бол Ардчилсан намын тоглоомны нам биш” хэмээн хатуухан үгсийг эрх баригчдад дайсан байна.
-Төв цэнгэлдэх хүрээлэнд Чингис хаан тодруулах ёслол зохион байгуулсан Мөнх тэнгэрийн оньс хэмээгч И.Мөнхсаруул эзэн тэнгэрийн зарлиг ёсоор энэ цагийн Чингис хааныг тодруулан ард түмнээ аврах даалгавар авсан талаар өнгөрөгч долоо хоногт шуугисан. Тэгвэл И.Мөнхсаруул гэх энэ эмэгтэйн хийсэн үйлдлийг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан хүмүүс олон байсан юм.
Тухайлбал, НИЙГМИЙН СЭТГЭЛЗҮЙН "СЭТГЭХҮЙ” ТӨВ-ийн захирал, сэтгэл судлаач Л.Эрдэнэцогт "Үүнийг сэтгэл судлалын шинжлэх ухаанд шизофрени ба шизофрени төст өвчин гэж нэрлэдэг. Энэ үзэгдэл аль ч нийгэмд байдаг л даа. Манай улсын хувьд нилээд газар авсан гэж хэлж болно. Шизо гэдэг бол задрах, френи гэдэг нь солио, утгачилбал солиорох эмгэг.
Ер нь бол дотоод шалтгаантай, шизофренитэй удамзүйн холбоотой солиорлын шинжээр илэрдэг бүлэг эмгэгийг шизофрени ба шизофрени төст эмгэг гэдэг. Өвчтөнд гажуу тусгал, хий үзэгдэл, дэмийрэл, ухаан баларталт, холбоогүй сэтгэхүй, сэтгэц хөдөлгөөний дошгирол зэрэг илэрдэг. Хүн шизотой болоод эхэлбэл хүний хувийн онцлог байдлууд болох аймхай, өөртөө итгэлгүй болох зэрэг шинжүүд илэрдэг.
Эсвэл бүүр шинэ бие хүний онцлог шинжүүд илэрч эхэлдэг. Бүтээлч үйл ажиллагаа байхгүй болж, эргэн тойронд байгаа бусад бүх зүйлс хувирч байгаа мэт санагдана даа. Хунтайж, бурхнаар бөөлжигч, Сарандаваа, Бат-Отгон, Мөнхсаруул гэсэн хүмүүс бол дандаа эмгэг нь дунд шатандаа орчихсон хүмүүс. Харин мэдэхгүй, араас нь дагаад яваад байгаа хүмүүс бол анхан шатны эмгэгтэй хүмүүс. Анхан шатны хөнгөн хэлбэрийн эмгэгтэй хүмүүс бол мэдрэл муутай гэсэн үг биш. Ихэвчлэн жирийн хүмүүсээс ялгагдахгүй энгийн байдаг. Манай нийгэмд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс эмгэг өвчин туссанаа мэддэггүй. Мөн өвчний анхан шатны өөрчлөлтөө лам, бөө, засал номонд даатгах нь элбэг байдаг юм” хэмээн тайлбарлажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.