Нуурын эрэг Нарантуул захыг санагдуулсны учир начир
Энэ зун Хөвсгөлд урд хожид үзэгдээгүй явдал болж дотоод, гадаадын жуулчдын хөлд дарагдав. Олон нийтийн сүлжээгээр элдэв хошигнол, сайрхал, хөөрөл бүхий мэдээллүүд хөврөх агаад нэгэн аялагч "Нуурын эрэг дээр байна уу, Нарантуул зах дээр байна уу мэдэгдэхээ болилоо. Энд олон жил уулзаагүй хүмүүс уулзалдаж байна, өртэй хүмүүс баригдаж баларч байна” гэж бичсэн нь хамгийн товч тодорхой илэрхийлэл боллоо.
Олон улсын зах зээл дээрээс хөрөнгө татаж, "Чингис” бонд гаргасан мөчөөс хойш сайн гэхээсээ муу давамгайлсан хар мэдээллүүд хөврөх болсон. Улсаа өрөнд унагалаа л гэнэ, шал утгагүй зүйлд хөрөнгө орууллаа л гэнэ. Монголын ирээдүйг баллаж, бондын мөнгийг салхинд хийсгэсэн гэх зэрэг олон буруутгалыг нэгмөсөн няцаасан үйл явдлыг бид хараахан анзаарч эргэцүүлж амжаагүй байна. Үнэндээ бол”хараал идсэн” бонд л хар мянган хүнийг Хөвсгөлийн эрэгт авааччихсан юм.
Чингис бондын хөрөнгөнөөс 797 тэрбум төгрөгийг орон нутгийн авто замыг хатуу хучилттай болгоход зориулж, энэ хөрөнгөөр 1513 км хатуу хучилттай зам тавигдсаны нэгээхэн хэсэг нь Мөрөн-Тариалан чиглэлийн 165.3 км зам билээ. 80.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тавигдсан энэ зам аялагчдын сэтгэхүйд байсан асар том саадыг авч хаяснаар Хөвсгөл тийш зүглэх ардын зам шуударчээ.
Албан бус тооцоогоор 42000 гаруй дотоодын аялагчид наадмын өдрүүдээр тийш зүглэсэн гэнэ. Аймгийн захиргааны гаргасан тооцоогоор бол аялагчдын тоо 70000 орчимд хүрсэн байна. Аялал жуулчлалын албаныхны мэдээллээр бол долоодугаар сарын 5-16 -ны өдрүүдэд бүртгэлтэй гадаадын жуулчдаас 30000 нь Хөвсгөлд очсон гэнэ. Тэгэхээр аялагчдын тоо улам ихсэж таарах гээд байна.
Улаанбаатараас ирэх зам саадгүй болсон ч Хатгал орчимд машины түгжрээ үүссэн нь хөдөөгийнхөнд хотын явдлыг бодитоор ойлгуулах үзүүлбэр болов. Замаар нэвтрэх машинуудаас хураамж авдаг ажилтнууд хэд хэдээрээ эгнэн зогсож, мөнгө хураагаад ч амжихгүй, түгжрэл үүсгэсэн гэдгээс үүдээд Хөвсгөлийнхний олсон мөнгийг багцаалдан тооцоолох хүсэл төрөв. Яс тоо гарахгүй нь мэдээж.Орлогыг хамгийн багаар тооцох гэж оролдоно.
Тэгэхээр наадмын таван өдөрт 42 мянган аялагч Хөвсгөл нуурын эрэг дээр очсон гэж суурь тоогоо авъя. Дөрвөн хүн нэг машинд суусан гэж үзье. 10 сая 500 мянган төгрөг замын хураамж хэлбэрээр наадмын өдрүүдэд олсноор Хөвсгөлийнхний орлого эхлэнэ. Улаанбаатараас Мөрөн хүртэл 785 километр, цааш нь Мөрөнгөөс Хатгал тосгон хүртэл 110 километр гэхээр 10 мянган машин бензин худалдан авснаар ШТС-уудад хэдий хэмжээний орлого оруулсан байх вэ. Хатгалд АИ92 бензин литр нь 1900 төгрөг байсан гэнэ. Нэг машин 300 мянган төгрөгийн бензин дунджаар авсан байх магадлалтай ажээ. Мөрөнд 1100 төгрөгөөр зарж байсан цайны хийц Хатгалд 3000 төгрөг хүрсэн гэх мэдээлэлд тулгуурлан тооцвол өглөөний цайнаас 31 сая 500 мянган төгрөгийг өдөрт олсон байх нь.
Наадам таван өдөр үргэлжилсэн гэхээр 157 сая 500 мянган төгрөгийг цайны борлуулалтаас олчихсон бололтой. Энэ бол жижиглэн худалдаачдын орлогын нэг л үзүүлэлт. Килограмм махыг 13000 төгрөгөөр зарж байсан гэнэ. Тэгвэл аялагчид оройн хоолондоо багаар бодоход 100 грамм мах идэж байсан гэж бодъё. 273 сая төгрөгийн махыг нуурын эрэг дээр таван өдөрт борлуулсан болж таарч байна. Нуурын эрэг дээрх жуулчны баазад нэг хоног саатахад 60 мянган төгрөг байснаа 120 мянган төгрөг болж өссөн гэнэ. Нийт жуулчдын дөрөвний нэг нь л жуулчны баазад хоноглосон, дунджаар хоногийн 80 мянган төгрөг төлсөн гэж үзвэл дөрвөн өдөрт гурван тэрбум 520 сая төгрөгийг ор хоногийн орлогоос олжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.