“Ардчиллыг амьдад нь хайрлах хэрэгтэй” гэж Ерөнхийлөгч хэлсэн шүү!!!
"Бид ардчиллыг амьдад нь хайрлах хэрэгтэй”. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч, ардчиллын анхны "алтан хараацай” Ц.Элбэгдоржийн хэлсэн үг. Тэрбээр энэ үгээ Монгол улсад ардчилсан сонгууль үүсч хөгжсөн 25 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурлын индэр дээрээс дотоод гадаадын олон арван зочид төлөөлөгчдийн өмнө эрс шийдэмгий хэлсэн. Ерөнхийлөгч "Бид бол ардчиллыг хүний амьдралтай, хүнтэй адилхан зүйл гэж боддог. Энэ бол хүний л хийсэн сонголт, хүн оролцож бүтээдэг үйл явц юм. Тийм учраас бид ардчиллын төлөө өдөр тутам хичээн зүтгэж, ардчиллаа тордох хэрэгтэй. Бид ардчиллыг амьдад нь хайрлах хэрэгтэй. Ардчиллыг байгаа дээр нь тордож арчилах хэрэгтэй. Алга болчихсон хойно нь хичнээн сайн, зөв юм байсан тухай яриад хэрэггүй үүнийг их өндөр үнэ цэнээр бид дахин бий болгоно” гэсэн юм.
Харамсалтай нь түүний үгийг журмын олон нөхөд нь ойлгоогүй юу, эсвэл албан тушаалтайгаа "холиод идчихсэн” бололтой. Намынхан нь өнөөдөр "юун ардчилал” гэсэн шиг дүр зургийг бидэнд толилуулж сууна. Эрх мэдэл албан тушаалын төлөө улс орныхоо ирээдүй, хувь заяагаар тоглож байна.
"Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ” гэх сүржин, даржин нэртэй гэрээг цуцлах талаарх шуугиан өнгөрсөн зургаадугаар сараас хойш яригдсан. Тэр үед л Ерөнхийөлөгч уг асуудлыг дэмжихгүй гэдгээ намын удирдлагууд болон УИХ дахь бүлгийн дарга нарт нь хэлж, "Зөвшилцлөө үргэлжлүүл” гэж үүрэгдсэн.
Харамсалтай нь ардчилагчид өнөөдөр эрх мэдлийн төлөө амь бие үл хайрлан тэмцсээр л. Улс орныхоо хувь заяаг дэнжин тавин байж тоглосоор л. Ерөнхийлөгчийнхөө үгийг таг мартжээ.
Ямартаа л Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн нэр хэмээгээд өнгөрөх вэ дээ. Тодруулбал, Ерөнхий сайд Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах гэж байгаа тухайгаа зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид албан бичиг явуулсан. Ерөнхийлөгч түүний албан бичигт "Монгол Улсын Засгийн газрын нэр бүхий 6 гишүүнийг огцруулах тухай саналтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай санал нь улс орны нийгэм, эдийн засаг, олон улс дахь нэр хүнд, ард түмний аж амьдралд таагүй нөлөөлж, улмаар улс төрийн тогтворгүй байдал бий болгох үр дагавартай байж болзошгүй тул уг асуудлыг дэмжихгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариу өгсөн.
Гэвч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төрийн тэргүүнийхээ үгийг тоохгүйгээр сайдуудаа огцруулсан.
Нөгөө яриад байдаг ардчилал, ардчилсан Ерөнхийлөгч нь бэлэгдэл төдий зүйл болж хувирлаа.
Одоо ч энэхүү үйл явц үргэлжилсээр байна. Сайд нарыг огцруулсан өдрөөс хойш сайд болох гэж нам дотроо, фракци хоорондын тэмцлээ үргэлжлүүлсээр л. Нөгөө намын даргынх нь хэлсэн "фракцигүй болно” гэдэг үг үлгэр болон үлдэв. Зарим нь сайд болохын тулд бусад гишүүдтэйгээ хоолонд орж, лобби уулзалт зохион байгуулан гарын үсэг цуглуулж явна. Одоогийн байдлаар энэ парламентээс 24 гишүүн сайдын "сэнтийд” сууссан. Шинэ зургааг ч гэсэн гишүүдээс тодруулж, давхар дээл нөмрүүл гэдэг шийдийг АН-ын бүлэг хуралдаж гаргасан.
Бас л Ерөнхийлөгчийнхөө үгнээс зөрлөө. Ардчиллын мөн чанараа умартлаа.
Засгийн газрын гишүүдийг ч гэсэн зөвхөн намын эрх ашгийн төлөө огцруулсан. Ямар сайндаа л гүйцэтгэх засаглалын тэргүүн нь "Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулъя” гэсэн өрөвдөлтэй үгийг индэр дээрээс хэлээд зогсох вэ дээ.
Ардчиллын "алтан хараацай”-нуудаа "Ардчилалаа амьд дээрээ нь хайрлацгаая”
Г.Ган