Зургаан сайд болон Дэлхийн хошой аваргатай болсон долоо хоног

0
Зургаан сайдыг томиллоо
УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Ингээд шинээр томилогдох сайд нарыг тус бүрд нь гишүүдэд танилцуулан хэлэлцлээ.  Чуулганд оролцсон гишүүдийн олонх зургаан сайдыг  томилох асуудлыг дэмжлээ. Харин энэ үеэр гишүүд сайдуудад бага хугацаанд хуулиа мөрдөж, үр дүнтэй ажиллахыг захисан юм.
Тухайлбал  Сангийн сайдаар томилогдсон Б.Болор гишүүнд  улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед маш үр дүнтэй ажиллаж, төсөв мөнгөө аль болох тогтвортой байлгахыг  сануулж байлаа. Харин Зам тээврийн сайд М.Зоригтод аймгуудыг хатуу хучилттай замаар холбох ажлыг яаралтай дуусгахыг захиж байлаа. Ийнхүү хүлээлт үүсгээд байсан сайд нар томилогдлоо. Тодруулбал, Монгол улсын Засгийн газрын гишүүн Шадар сайдаар М.Оюунбаатар, БОНХАЖ-ын сайдаар Н.Батцэрэгийг, Зам тээврийн сайдаар М.Зоригтыг, Сангийн сайдаар Б.Болорыг, Хөдөлмөрийн сайдаар Г.Баярсайханыг, Барилга хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгийг тус тус томиллоо.
 
Гавьяат С.Батцэцэг дэлхийн хошой аварга боллоо
 
Дэлхийн аваргын алт, мөнгө, олимпийн хүрэл медальт гавьяат тамирчин С.Батцэцэг Лас Вегасын дэвжээнээс хошой алтан медаль хүртсэн нь энэ долоо хоногийн нэг онцлох үйл явдал байлаа. Элэг нэгтнүүдийнхээ омогшлыг төрүүлсэн тэрбээр ийнхүү олимпын эрхээ авсан юм.
 
Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болж өнгөрлөө
 
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнгөрч буй долоо хоногт тохиолоо Энэ өдрийг тохиолдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын Үндэсний музей, Тагнуулын ерөнхий газар, Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын музей хамтран "Улс төрийн хэлмэгдүүлэлт ба цагаатгал” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа. Өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлтээ хийсэн тус арга хэмжээнд УИХ-ын дэд дарга,  Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог оролцсон юм. Тэрбээр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ "Монгол Улсын төр засаг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдээ цагаатгах, дурсгалыг нь мөнхжүүлэх, хохирлыг арилгах асуудлыг санхүүгийн боломжийн хэрээр барагдуулж ирснийг тэмдэглэн хэлье. Өнөөдрийн байдлаар 31.190 хүнийг цагаатгаж, тэдний ар гэр, үр хүүхэд, ач зээ нар болох 18.000 хүнд 16.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгоод байна. Цаашид ч энэ ажил үргэлжлэх болно. Хэлмэгдэгсдийг цагаатгах, нэр төрийг нь сэргээх, дурсгалыг нь мөнхжүүлэх хэлмэгдүүлэлтийн хор уршгийг арилгах ажил идэвхтэй явагдаж байгааг энд хэлэх нь зүйтэй” гэлээ. Мөн тэрбээр, Монгол Улсын төр, засаг, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, түүний ажлын алба Тагнуулын Ерөнхий газар, төв, орон нутгийн архивууд, шүүх, прокурорын архивууд, аймгуудын салбар комиссуудтайгаа хамтран шалгагдаж цагаатгагдаагүй хэрэг байгаа эсэхийг эцэслэн нягталж шалгах ажлыг зориуд тусгайлан гүйцэтгэж байгааг тэмдэглэн хэлсэн юм.
 
Л.Гансүхийн хурлыг хойшлуулж, өмгөөлөгчдийн торгов
 
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал гурван удаа хойшилсоны эцэст энэ долоо хоногт товлогдсон. Өнгөрсөн пүрэв гаригт эхэлсэн шүүх хурал цагтаа эхэлсэн ч хурал эхэлмэгц шүүгдэгч Л.Гансүх нарын өмгөөлөгчдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаснаар хурал 5,6 цаг завсарласан юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хангаагүйн зэрэгцээ Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн нарыг шүүхийг үл хүндэтгэсэн гэх шалтгаанаар тус бүр нь 768000 төгрөгөөр торгох шийдвэрийг гаргав.  Харин Л.Гансүхийг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээж, хурлыг энэ сарын 15-ны өдөр хүртэл хойшлууллаа. Өөрийг нь торгох шийдвэрийг эсэргүүцсэн өмгөөлөгч Ц.Баасандорж Захиргааны шүүхэд хандахаа мэдэгдсэн төдийгүй АТГ-тай холбоотой ноцтой баримтыг дэлгэсэн билээ.
Г.Ган
 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.