Ким Кардашян төрөөгүй хүүхдээрээ бизнес хийж байна
Америкийн реалити шоуны од Ким Кардашян хоосон агаар, вакуумаас ч мөнгө хийх авьяастай гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Одоо харин Ким төрөөгүй хүүхдээрээ бизнес хийж эхэлжээ.
Түүний бие төлөөлөгчид сүүлийн үед дэлхийн хамгийн алдартай гяланцаг сэтгүүлүүд, шар сонинуудын редакц руу утастаж, сонирхолтой санал тавьж байгаа сурагтай. "People", "In Touch", "Us Weekly", "Vogue", "Elle", "Vanity Fair" гэх мэт.
Ким Кардашян нөхөр Канье Уэстийн хамт хорвоод мэндэлж амжаагүй байгаа үрийнхээ анхны гэрэл зургийг хамгийн өндөр үнээр зарахыг оролдож байгаа аж. Одоогоор ямар үнэ хэлсэн нь тодорхойгүй, гэхдээ л тэд өмнөх дээд амжилтыг бут цохихоор төлөвлөж байгаа нь тодорхой.
Дашрамд дурдахад, өмнөх дээд амжилтын эзэд нь Анжелина Жоли, Брэд Питт. Тэд 2008 онд ихэр хүүхдүүдийнхээ (Нокс, Вивьен) анхны гэрэл зургийг Америкийн "People", "Hello" сэтгүүлд 14 сая доллараар зарсан билээ.
Ким, Канье хоёр мэдээж санасандаа хүрч, сансрын пуужин шиг үнээр үрийнхээ зургийг зарах биз. Өөр нийгэм шүү дээ. Харин манайд юун төрөөгүй хүүхдийнхээ зургийг зарах талаар ярих нь байтугай өлгий энэ тэрийг ч худалдаж авдаггүй. Хар цагаан хэл ам, атаархал, хараал жатгаас жийрхэж тэр.
Ингэхэд Ким Кардашян, Канье Уэст хоёр байнга хэрүүл уруултай байгаа гэнэ. Ким нөхрөө шалтгаантай шалтгаангүй хардсаар бүр залхаачихсан бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна.