1-20 хүртэлх бүс буюу баян, ядуугийн ялгаа
Улстөрчид баян, ядуу иргэдийнхээ тоог гаргахаар нийт иргэдээ 20 бүсэд хуваасан. Бүсийн тоо бага байх тусам тухайн өрх ядуу гэсэн үг. Харин 18-20 гэсэн бүсэд багтаж байгаа иргэд баян бүсийнхэн болно гэсэн үг.
Учир юун гэвээс Засгийн газар бүсээ чангалах нэрийн дор энэхүү судалгааг хийлгэж байгаа гээд хэлчихэд нэг их буруутахгүй. Ер нь тэгээд 1 сумаар 2 туулай буудаж байна гэсэн үг л дээ. Нэн тэргүүнд Хүний хөгжил сангаас сар бүр хүүхэд бүрт олгож буй 20 мянган төгрөгийг хэмнэх үүднээс энэхүү алхамыг хийсэн гэж байгаа. Жил бүр төрж буй хүүхдийн тоо нэмэгдэж байгаа нь төсөвт хүндрэл учруулж байгаа гэдэг тооцоог улстөрчид хийсэн байна. Тодруулбал, жил бүр нэмэгдэж байгаа хүүхдийн тоогоор улсын данснаас 20 мянган төгрөг сар бүр үр ашиггүй зарлагадаж байгааг улстөрчид маань мэргэн ухаандаа тунгаасан байна. Энэ оны байдлаар л гэхэд нэг сая 27 мянга орчим хүүхэд 240 тэрбум төгрөг 20 мянга нэрийн дор авсан юм байх.
Тиймээс дээрх төсвийг 40 хувиар танах саналыг Засгийн газар гаргасны дагуу ирэх оноос эхлэн дээрх бүсчилсэн байдлаар мөнгийг тараах гэнэ. Өөрөөр хэлбэл, 1-17 дугаар бус буюу ядуу болон дундаж айл өрхийн хүүхдүүд л мөнгө авах эрхтэй гэсэн үг.
Хүүхдүүдээ ялгаварлахаас өөр аргаар бүсээ чангалж чадаагүй улстөрчид өнгөрсөн хугацаанд байдгаараа муугаар хэлүүлсэн учир энд тэднийг муулахыг хүссэнгүй. Харин ч тэд ард түмнээ 1-20 хүртэлх бүсэд хувааж, баян, ядуугийн ялгааг гаргах томоохон судалгааг эхлүүлснийг нь сайшаах хэрэгтэй. Мөнгөн дээр дөрөөлж гаргасан судалгаанд хэн ч буруу мэдээлэл өгч, худал үр дүн гарахгүй гэдгийг тэд хамгаас сайн мэддэг учир иргэдийнхээ халаасыг тэмтрэх ухаалаг шийдвэр гаргасан.
Ядуу болон дундаж өрхүүд хүүхдүүддээ мөнгийг нь авч өгөхийн төлөө 1-17 дугаар бүсэд багтахын төлөө үхэн хатан зүтгэх нь тодорхой. Энэ нь өнөөг хүртэл мөнгө авсан хүүхдүүдийн 60 хувь нь байх ёстой гэсэн тооцоог улстөрчид гаргасан. Хэтэрвэл хэрхэхийг тэд мэднэ.
Харин өөрсдийгөө баян гэж үзэх нэг хэсгийнхэн 18-20 дугаар бүсэд багтах учиртай. Тэд эрхбиш нэр, нүүрээ бодоод энэхүү бүсийг сонгох нь гарцаагүй биз. Ингээд л улстөрчид аль ч байгууллагын хийж чадаагүй баян, хоосны ялгааг гаргасан судалгааг хийнгээ төсвийн мөнгөө хэмнэчихэж байгаа юм. Ийм л ухаантай улстөрчидтэй ард түмэн шүү дээ, бид.
У.Жанцан
Эх сурвалж-http://www.tsenzurgui.mn/
Сэтгэгдэл байхгүй байна.