Сайд болж чадаагүй Н.Энхбаяр Солонгос руугаа явжээ
МАХН-ынханы хувьд улс төрийн ихээхэн ээдрээтэй цаг үеийг туулж байгаа. Яв гэхэд нь явж, ир гэхэд ирсэнээр улс төрийн нэр хүндээ багагүй алдаад байгаа тэд өнөө цагт сайдын хэрүүл хийж буй. Даргыгаа сайд болгочих санаатай цэргүүд нь улайрч, саад болох хүмүүс нь олон янзаар орилсоор энэ асуудал хэсэгтээ намжсан. Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэг гацаачихсан.
Уг нь МАХН-ын сайдын асуудлыг өнгөрсөн удаагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байсан ч ямар нэгэн шалтгаанаар хойшлуулжээ. Магадгүй энэ нь Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба батлан даалтанд гарсантай холбоотой байж мэднэ. Уг нь түүнийг байхгүй хойгуур МАХН-ынхан дарга Н.Энхбаярыг түүний Шадар сайдаар томилж, өдгөө Шадар сайдаар ажиллаж буй Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайдаар томилуулах саналыг бичгээр мэдэгдээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Үүнийг шийдвэрлэх эрх мэдэл Ерөнхий сайдад өөрт нь бий. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Н.Энхбаярын ялын хугацаа дууссан” гэдгийг ч зарлачихаад байгаа. Гэвч энэ хугацаанд Ерөнхийлөгчөөс эхлээд эсэргүүцэх хүмүүстэй тулгарсан учир "гал” намжихыг харзнасан байх талтай. Мэдээж хэрвээ Н.Энхбаярыг Шадар сайдаар томилчихвол улс төрийн ямар үр дагавар бий болох вэ гэдгийг ч тооцоолсон байх. Нөгөөтэйгүүр Г.Шийлэгдамба батлан даалтанд гарсанаар сайдын ажлаа хийх боломжтой талаар албанынхан мэдэгдсээр байна. Учир нь тэрбээр хоригдож байхдаа албан тушаалаасаа огцрох өргөдлөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн ч өнөөг хүртэл сайдын албан тушаалаас нь албан ёсоор огцруулаагүй юм. Гэхдээ Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээгүй нэг шалтгаан Н.Энхбаяр эзгүй байгаатай холбоотой байж мэдэх юм. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр оны өмнөхөн БНСУ руу ээлжит оношилгоо, эмчилгээндээ явжээ. Өдгөө түүний бие нь тааруу байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл ч байна.
Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар МАХН-ын сайдын асуудал буюу Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын асуудлыг ирэх долоо хоногт шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тиймээс ирэх долоо хоногт сайд нарын асуудал цэгцэрч Ч.Сайханбилэгийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж магадгүй байна.
Б.Өрнөх
нийгэм.мн
Сэтгэгдэл байхгүй байна.