Ирвэсүүд хожсоноор лигийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ
Т.Санчир болон Б.Билгүүн гэсэн лигийн шилдэг тоглогчид энэ өдөр учраа таарлаа. Т.Санчир тэргүүтэй Ирвэсүүд энэ улиралд тун гайхалтай байж, лигийг тэргүүлж байгаа бол, Б.Билгүүн тэргүүтэй Хүлэгүүд эхний тойргийг тааруу өндөрлүүлсэн. Гэхдээ Хүлэгүүд энэ өдөр 2 дахь легионер болох холбон тоглогчын байрлалд тоглодог Tyrell Corbin-г багтаа нэгтгэсэн байлаа. Мөн шигшээ багийн тоглогч М.Отгонмөнх эргэн ирж, Хүлэгүүдийн гараанд гарсан. Тоглолт таамаглаж байсанчлан, довтолгоонд суурилсан, гайхалтай уур амьсгалын доор өрнөсөн. Хүлэгүүдээс энэ өдөр 5 тоглогч 10-с дээш оноо авсан бол, Ирвэсүүдээс 6 тоглогч 10-с дээш оноо авсан. Тоглолт нэмэлт цагт шийдэгдсэн. Хүлэгүүдээс багийн ахлагч Б.Билгүүн 32 оноо, 13 самбар авч, шилдэг тоглолтоо гаргасан бол, М.Отгонмөнх энэ улирлын хамгийн сайн тоглолтоо үзүүлж, 29 оноо, 13 самбар, А.Энхтүвшин 12 оноо, 17 самбар авсан. Мөн шинэхэн легионер Corbin 17 оноо авч тус хүргэсэн. Харин Сентоза Ирвэсүүдийн лидер Т.Санчир энэ өдөр алдааны асуудалд орж, тоглолтын 3-р үеийг бүтэн тоглоогүй. Гэсэн ч тэдэнд Dylan Brewer байлаа. Тэрээр 30 оноо, 8 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол, Т.Санчир 24 оноо авсан. Мөн Э.Дорж-Арилд 18 оноо, 11 самбар, С.Эрдэнэдалай 15 оноо, 17 самбар, Э.Цэвэлдорж, 13 оноо, Б.Билэгт 11 оноо, 9 самбар авсан.
Улмаар нэмэлт цаг сунгасан, ширүүн өрсөлдөөний эцэст Баянгол Сентоза Ирвэсүүд баг 115:105 харьцаатай Хүлэгүүдийг буулган авч, улирлын 7 дахь хожлоо авлаа. Ингэснээр Ирвэсүүд лигийн хүснэгтийг тэргүүлсэн хэвээр байгаа бол, СБЛ Хасын Хүлэгүүд баг улирлын 6 дахь хожигдлоо хүлээлээ.
Сэтгэгдэл байхгүй байна.