"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2016 оны 02 дахь дугаарын тойм
"Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт,
- Зарим шүүгчийг анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ.
Эмхэтгэлд нийтлэгдсэн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолоор,
- "Хүүхдийн мөнгө авахаар нэгээс дээш банкинд данс нээлгэх хүсэлт гаргасан нөхцөлд иргэний хамгийн сүүлд хүсэлт гаргасан банкны дансаар хүүхдийн мөнгийг олгоно.”
- "Хүүхдийн мөнгө олгохтой холбоотойгоор өрхийн амьжиргааны түвшинг дахин үнэлэх ажлыг Засгийн газрын 2014 оны 404 дүгээр тогтоолоор баталсан "Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах журам”-ын дагуу зохион байгуулна.”
- "Тухайн өрх энэ журмын 4.4-т заасны дагуу дахин үнэлгээнд хамрагдаж хүүхдийн мөнгө авах эрх үүссэн бол хүүхдийн мөнгө авахаар арилжааны банкинд дахин хүсэлт гаргасан тухайн сараас эхлэн олгох бөгөөд түр зогсоосон хугацааны хүүхдийн мөнгийг нөхөн олгохгүй”.
- "Энэхүү журмын 4.2.2-4.2.4-т заасны дагуу түр зогсоосон хүүхдийн мөнгийг тухайн мэдээллийг шинэчилсний дараа үргэлжлүүлэн олгох бөгөөд түр зогсоосон хугацааны хүүхдийн мөнгийг нөхөн олгоно.”
гэсэн зэрэг заалтыг тус тус нэмсэн байна.
Дээрх тогтоолд зарим хэсэг, заалтыг тухайлбал, 1/Нэг дэх хэсгийн 1.2 дахь заалтыг
- Хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 насны хүүхэд болон энэ журмын 3.4, 3.5-д заасан хүүхэд эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий Монгол Улсын иргэнд олгоно.” гэж өөрчлөн найруулжээ.
Энэ тогтоолыг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр Засгийн газраас тогтоосон байна..
Мөн дугаарт,
Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Тогтоолоор,
- Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид өөрчлөлт орсонтой холбогдуулан Засгийн газрын зарим агентлагийг татан буулгах,төсвөөс санхүүждэг зарим байгууллага, ажлын албыг татан буулгаж, орон тоог цомхотгон, чиг үүргийг нь холбогдох байгууллагад шилжүүлэх
- Засгийн газрын агентлаг болон төсвийн зарим байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох зарим албан тушаалтан, төсвийн ерөнхийлөн захирагч нарт тус тус даалгасан байна.
Эмхэтгэлд, нийтлэгдсэн Засгийн газрын зарим тогтоолоор,
- Ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалт,
- Нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас чөлөөлөх хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглолын жагсаалтыг тус тус баталжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв
Сэтгэгдэл байхгүй байна.