ХАВТГАЙРСАН ХАЛАМЖ
Монголын Засгийн газарт, төр удирдаж байгаа хүмүүст бодлого, байр суурь, төр төлөөлж байгаа гэсэн ойлголт ер нь байна уу. Өчигдөр нь нэгэн дуугаар баталсан хуулиа маргааш нь буцааж, заримдаа бүр "Огт хэрэггүй хууль болчихжээ. Дахиад жаахан засах хэрэгтэй байна. Буцаалаа” гэх нь ч таардаг болж. Түшээдийн гаргасан хууль, тушаал, шийдвэрийг ард, иргэд голж шилсэн ч төрөө хүндэтгэн дагаж, сахихыг хичээдэг. Даанч нөгөөдүүл нь нийтэд таалагдахын тулд гаргасан шийдвэрээсээ няцаж, хэлсэн амнаасаа буцдаг нь энгийн үзэгдэл мэт боллоо.
Үүний нэг жишээ нь, 0-17 насны хүүхдүүдэд сар бүр Хүний хөгжил сангаас олгож ирсэн 20 мянган төгрөгийг амьжиргаанытүвшнээр нь ялгаварлан олгохоор шийдвэрлэсэн ч буцааж буй явдал. Иргэдийн амьжиргааг 20 түвшинд хувааж, 1-17 дугаар түвшнийхэд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. 18-20 дугаар түвшнийхээс хүүхдийн мөнгө авах хүсэлтэй бол өргөдөл гаргаад, дахин амьжиргаагаа тогтоолгоод үргэлжлүүлэн авах эрхтэй” гэсэн нь Монгол Улсад хэрэгтэй, зөв шийдвэрийн нэг байлаа.
Үүний цаана Монгол Улс халамж тусламжийн үйлчилгээг зорилтот нэн шаардлагатай бүлэгт нь хүргэдэг болох том зорилго байгааг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан дурдаж байсан. Өөрөөр хэлбэл, халамжийг хавтгайруулан олгодог байдлыг халж, хүүхдийн мөнгө хэрэгтэй бүлэгт хүухдийн мөнгө, эрүүл мэндийн тусламж. хөнгөлөлт хэрэгтэй хэсэгт түүнийг нь гэх мэтээр хэрэгтэй үйлчилгээг эзнийг нь олж үзүүлдэг болохыг зорьсон хэрэг. Ирээдүйд тун хэрэгтэй, чухал шийдвэр гаргасан ч энэ тогтоол цуцлагдахаар болоод байна. Шалтгаан нь албаныхан иргэдийн амьжиргааг тогтоосон 20 түвшинг ямар аргачлалаар, хэрхэн тоггоосноо тодорхой тайлбарлахгүй, "Бид олон улсад хэрэглэдэг маш нарийн аргаар өрхүүдийн амьдралын түвшинг тогтоосон. Гэхдээ тэддүгээр бүлэгт тийм эд хөрөнгөтэй, ийм хүмүүс орно гэдгийг дэлгэрэнгүй хэлэх боломжгүй” гэсэн хариултын хэвлэлийнхэнд болон ард иргэдэд сар орчмын хугацаанд өгсөн явдал байв.
Үүнээс болж иргэд өөрсдийнх нь амьдралыг хэн, хаанахын ямар аргачлалаар 20 түвшинд хуваасныг мэдэж чадахгүйдээ бухимдаж, бараг нийтээрээ амьдралын түвшнээ тогтоолгох өргөдөл өгч эхэлсэн. Ард, иргэдэд амьдралынх нь түвшинг яаж тогтоосноо ойлгуулж чадахгүй мунгинаж байх зуурт нь зарим хүн "Хүүхдийг ялгаварлахгүйгээр мөнгийг нь үргэлжлүүлэн олгох нь зүйтэй” гээд л 2013 оноос эхэлсэн амьжиргаа тогтоох судалгаа, олон арван хүний ажил нуран унав. Энэ бол төрийн бодлого тогтворгүй, буурь суурьгүй байгааг харуулж байгаа явдал. Мөн хийсэн ажилдаа эзэн болж, ул суурьтай, нүүр бардам тайлбарлаад сууж байж чаддаггүй түшмэлүүдийн буруу.
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар Монгол Улсад нэг сая 30 мянган хүүхэд Хүний хөгжил сангаас олгодог 20 мянган төгрөгийг сар бүр авах эрхтэй байв. Засгийн газраас 2015 оны арванхоёрдугаар сарын 14-нд 490 тоот тогтоол баталснаар 630 мянган хүүхэд хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авахаар болсон юм. Өөрөөр хэлбэл, эдгээр хүүхдийн гэр бүлийн амьжиргааны түвшин нь 1-17 дүгаарт шүуд жагссан мөнгөө үргэлжлүүлэн авах шаардлагатай гэж хүсвэл тэдний дээр нэмэгдэх боломжтой байсныг дээр дурдсан. Дахин дахин ийн хэлээд байгаа минь 20 мянган төгрөг авсан ч, аваагүй ч амьдралд нь нөлөөлдөггүй хүмүүсийг шударгаар хасаж, олон өнчин хүүхдээ тэжээхийн тулд зовж, ядарч яваа эмэгтэйд өгөх нь зөв гэх гэсэн санаа. 490 дүгээр тогтоол ч үүнд зорьсон хэрэг. Гэвч энэ тогтоолыг хүчингүй болгоход төрийн түшээд өчигдөр санал нэгдчихлээ. Хатуухан хэлэхэд уг тогтоолыг хүчингүй болгосноор монголчуудыг хавтгайрсан халамждаа хууртагдаж, тэжээврүүд болж үлдэхийг зөвшөөрч буй хэрэг юм.
Өнгөрсөн оны байдлаар 0-18 хүртэлх насны хүүхдүүдийн 86 хувь нь хүүхдийн мөнгөө авдаг, үлдсэн нь огт авдаггүй байж. Энэ нь хүүхдийн мөнгө авах шаардлагагүй 144200 хүүхэд Монголд бий гэсэн үг юм. Үүнээс гадна давхардсан тоогоор манай улсын 1.6 сая иргэн 66 төрлийн халамж авдаг байна. Хэдийгээр давхардсан тоо ч, энэ бол гурван сая хүн амын 50 хувь. Өөрөөр хэлбэл, улс даяараа халамж хүртдэг гэсэн үг. Гол нь бэлнээр тараасан мөнгө баялаг бүтээдэггүй. Харин ч бусдын эдийн засгийг тэтгэж, өөрсдөө бахь байдгаараа хоцордог байна. Дайн байлдаанаар эзэлж чадаагүй улс гүрэн, үндэстнийг халамжийн бодлогоор устгасан түүх цөөнгүй. Үүнийг шинэ цагийн колончлол гэж олон улсад нэрлэх болсоор цөөнгүй жил болж. Улс, үндэстнийг устгах хамгийн хүчтэй зэвсэг гэгдэж буй халамжийг хавтгайруулан олгосноор хэнд ашиггүй вэ. Монголчуудад. Өдрөөс өдөрт өсч буй хүүхдүүдэд бэлэнчлэх сэтгэлгээ суулгаж байна. Тэд ирээдүйд төрөөс эсвэл хэн нэгэн тусламж, хандив өгөөд хоногийн хоолыг нь аргалчихна гэсэн сэттэхүйтэй томчууд болж хүмүүжнэ. Өнгөрсөн 20 гаруй жилд халамжлуулсан өдгөө идэр насны залуус ажил хийх сонирхолгүй, залхуу аль болох халамж, тэтгэмж авч амар, хялбараар амьдрахыг урьтал болгож байгааг бид бэлхнээ харж байгаа. Эрүүл чийрэг атлаа группт багтсан залуус цөөнгүй байна. Тодруулж хэлбэл, нийт халамж хүртэгчдийн 28 хувь нь худал материал бүрдүүлж авсан байдаг гэдгийг албаныхан онцолж байсан.
Харин халамжийг хавтгайруулах нь хэнд ашигтай вэ. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд ард иргэдэд хайр зарлаж, дараагийн сонгуулийг горилогчдод. Ард иргэдээ хүчирхэг, улс орноо хөгжилд хүргэхийг зорьж байгаа улстөр-чид халамжийн үйлчилгээг аль болох төрөлжүүлж, хамрагдагсдын тоог цөөрүүлж, ус, агаар мэт хэрэгтэй зүйлээр хүнээ олж, тусалж дэмнэдэг жишиг бий. Түүнээс биш төр халамжийг хавтгайруулж, ард иргэдийнхээ хөдөлмөрлөх гарыг улам хумьж, бэлэнчлэх сэтгэлгээг нь хөгжүүлж, өглөгч, энэрэх сэтгэлтэй дүр бүтээж, байгаагаа хувааж тараадаг халамжийн газар биш. 490 дүгээр тогтоолд алдаатай, тодруулах зүйл бий ч зорилго нь зөв зүйлд чиглэсэн байв. Ийм бодлого, шийдвэр Монголд үгүйлэгдэж байна.
Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Сэтгэгдэл байхгүй байна.