Эрүүл мэндийн салбарыг эзэнтэй болгооч
Эзэнгүй эрүүл мэндийн салбар элгээрээ мөлхөж, бүр "сэхээнд” орчихсон байдалтай байна. Уг нь Монгол Улсын тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдалд эрүүл мэндийн салбар чухал үүрэг хүлээх учиртай. Гэтэл энэ салбар хариуцах эзэнгүй, хаяглах зурвас үгүй бараг хоёр сар боллоо.
Салбарын сайдыг нь авлигын хэргээр цагдан хорьж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээс хойш энэ салбар тэр чигтээ чигээ алдаж, нурсан гэж хэлж, ойлгож болмоор байна. Болж бүтэхгүй бүхэн эл салбартай холбоотой гарч, хариуцах эзэн, удирдах удирдлагагүй болсноос үүдэж өнөөдөр иргэд эрүүл мэндээрээ, амь насаараа хохирч байна. Нөгөөтэйгүүр цагаан халад өмссөн авралын од болсон эмч нар хүний амь нас аварч, өвчнийг эдгээж эрүүл саруул болгох үүрэгтэй атал иргэдийн амиар наадаж байгаа нь тун харамсалтай.
Тухайлбал, хэд хэдэн жишээ дурьдахад, амаржих газрууд эх хүүхдийн эрүүл мэнд, амь насаар тоглоод байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард гэхэд Нийслэлийн "Өргөө” амаржих газарт амаржихаар ирсэн эх, ураг хоёулаа эндсэн харамсалтай хэрэг гарсан.
Эмчийн хариуцлагагүй байдлаас болж эндсэн гэдгийг ар гэрийнхэн тайлбарлан хэлж байгаа ч шүүх шинжилгээний дүгнэлт яг ямар гарсныг тус эмнэлгийнхэн болоод шүүх эмнэлгийн зүгээс тас нууцалсан нь хардлага төрүүлж эхэлсэн юм. Уг асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Тэгвэл эл асуудалд намжаагүй байтал бас нэгэн төрөх эмнэлэгт амаржсан эхийн биеийн байдал сайнгүй байгаа гэх мэдээлэл гарав.
Тодруулбал, Нийслэлийн "Хүрээ” амаржих газарт амаржсан эмэгтэйн амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Тэрбээр 2015 оны 11 дүгээр сарын 17-нд тус эмнэлэгт хүндрэлтэй амаржсан бөгөөд бүсгүйд цус сэлбэхдээ цусны бүлгийг андуурч хийжээ.
Нэгдүгээр бүлгийн цустай хүнд гуравдугаар бүлгийн цус сэлбэсэн байна. Үүний улмаас бүсгүй одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хүүхэд нь одоо хүртэл хөхөө амлаагүй байгаа гэдгийг ар гэрийнхэн нь хэлжээ. Хэргийн талаар тус эмнэлгээс тодруулсан боловч "Ямар нэгэн мэдээлэл өгөхгүй. Мэдээлэл өгөх хүн ч байхгүй” гээд халгаасангүй. Харин уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ажээ. Түүнээс гадна дүүргүүдийн эмнэлэгт хэвтэнэ гэдэг үнэндээ алаан болж байна. Өвчтэй зовлонтой иргэдийг "Хэвтэх ор байхгүй. Төлбөртэй өрөөнд хэвтвэл хэвт, эсвэл оочер хүлээж байгаад сарын дараа хэвтэж болно” гэж эмч нар загнаж зандраад хүлээж авахгүй байна. Ер нь хүн өвдөх эрхгүй болж, эмнэлэг бараадах ч эрхгүй цаг үе болсон мэт санагдав.
Түүнчлэн, Өвөрхангай аймагт томууны хүрээний Н1N1 вирусээр иргэд өвчилж, нэг иргэн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Ийм ийм асуудал үүсч гарах нь салбар хариуцсан сайдтай салшгүй холбоотой мэт санагдаж байна. Үнэндээ ЭМС-ын сайдыг цаг алдалгүй томилж, ажлыг нь хийлгэсэн бол өнөөдөр эмнэлгүүдэд иймэрхүү төрлийн алдаа дутагдал гарахгүй байхыг үгүйсгэхгүй юм. Гэтэл даруй томилох асуудал бүр таг чиг болоод удав. Авлигын хэргээр саатуулагдсан сайд нь албан тушаалаасаа буух өргөдлөө өөрөө өгсөн ч Ерөнхий сайд асуудлыг хүлээж авч, суудлаас нь чөлөөлсөнгүй. Тус салбарыг Ц.Оюунбаатар түр орлон гүйцэтгэчээр орлож, давхар дээлтэй ажиллаж байгаа нь зарим нэгэн хүнд таалагдахгүй, салбар хариуцсан сайдыг нь даруй томилохыг шахаж шаардаж эхэлсэн байгаа. Гэтэл танхимынхаа сайдыг томилчих зүрх зориг, эрх мэдэлгүй Ерөнхий сайдтай байгаад ард түмэн халаглах юм.
Өнөөдөр энэ салбарыг эзэнгүй, дампуу байдалд байлгаж байхын оронд хариуцсан эзэнтэй болгож, энэ салбарыг сэхэл авахуулаасай билээ. Хамгийн гол нь мэргэжлийн эмч бөгөөд салбараа мэддэг хүнийг томилох нь чухал. Гэтэл салбарын бус "шахааны” буюу албан тушаалд санаархсан эрх мэдэлтнээр эрүүл мэндийн салбарыг удирдуулах гэсэн хүсэл сонирхол зарим нэгэн хүнд байгааг нуухгүй юм. УИХ-ын дарга З.Энхболд нэг мэдэгдэхдээ "Ерөнхий сайд зориггүй байна. Танхимынхаа сайдыг томилуулах нь түүний асуудал болохоос УИХ-ынх биш. Түүнийг хэн нэгнийг оруулаад ирвэл УИХ хэлэлцэнэ" гэсэн удаатай.
Үнэхээр ч Ч.Сайханбилэг аймхай хулчгар гэдгээ ЭМС-ын сайдыг томилуулж чадалгүй хоёр сар гаруй хугацааг өнгөрөөж байна. Нэгэнт томилуулах хугацаа нь хоёр дахин дуусчихаад байхад одоо Ч.Сайханбилэгийг хүлээсээр л суух юмуу. Эсвэл өөр гарц хайх ёстой юм болов уу бүү мэд.
Сэтгэгдэл байхгүй байна.