МАН-ынхан хөгшин залуугаараа талцаж тоглоно
Монгол Ардын намынхан 2016 оны сонгуульд хэрхэн оролцох тухайгаа өдөр бүр ярилцаж суугаа сурагтай. Тэд МАХН-тай эвсэж орох тухай наанаа ам алдаж байгаа ч цаанаа бол эсэргүүцэлтэй. Тус намынхан эвслээ гэхэд тойрог, жагсаалтаа хуваалцана гэхээс дургүй нь хүрч, уушиг нь шатаж байхыг үгүйсгэх аргагүй. Иймд ерөнхийдөө л "Эх орончдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээс хэтрэхгүй нэгдэл гэж МАН-ынхан харж байгаа бололтой. Иймд тэд бие даасан хувилбар дээрээ илүү ярилцаж байгааг намын нөхөд нь ам уралдан ярьж явна.
Монгол Ардын намын дарга М.Энхболд мөн тус намын хуучин бууны хугархай гэгчээр Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, Сү.Батболд гэх нөхөд жагсаалтынхаа ард суухаар шийдсэн гэх бор шувуу нисч эхэллээ. Тэдний хувьд тойрогт үзэхийг хүсэхгүй байгаа бололтой. Ерөнхийдөө орон нутгаас гарч болох магадлал өндөртэй цөөхөн ахмад гишүүд нь нутагтаа нэр дэвшинэ. Харин бусад нь намын жагсаалтанд багтаж, зарим тойрогт очиж ухуулга сурталчилгааны ажлыг гардан гүйцэтгэх үүргийг хүлээх бололтой.
Тус намын хувьд чамгүй олон залуусыг энэ удаагийн Улсын Их Хурлын сонгуульд өрсөлдүүлэхээр зэхсэн бололтой. Тухайлбал Хэнтий аймагт Н.Учрал. Их засаг их сургуулийн үндэслэгч Ням-Осорын хүүг намынхан нь дэмжиж байгаа сурагтай. Мөн У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй гэх Оюун-Эрдэнэ бас л Хэнтий аймагт тоосоо өргөж, чадуул торгон жолоогоо өргөх хэтийн бодол тээж яваа. Тус аймгийн босоо аварга Б.Бат-Эрдэнэ энэ удаад намын жагсаалтанд багтана. Учир нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэж намынхаа нэр хүндийг өргөж чадсан гэж МАН-ынхан өргөмжлөх бололтой. Мөн тэрүүгээр дамжуулан намаа өөд нь татах өөдөсхөн бодлыг тээж байхыг ч үгүйсгэх арга алга.
Улаанбаатар хотын тойрогт тус намынхан нэр хүнд ч сэвтээгүй. Бас ч гэж хүнд танигдсан. Мэдээж хэрэг халаасандаа овоо хэдэн төгрөгтэй залуусыг сойх бололтой. Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйгаар ахлуулсан залуус хотын эрх мэдлийг намдаа авчирах том үүргийг хүлээсэн сураг дуулдана. Гэхдээ хотын ИТХ-д тус намаас 400гаруй хүн нэр дэвшихээр горилогчын анкет бөгөлсөн сурагтай. Улаанбаатар хотын ИТХ нь 45 суудалтай. Ёстой л 100 ямаанд 60 ухана гэгчийн үлгэр л бодит утгаараа сонгуульд өрсөлдөх гэсэн горилогчдын тоогоор МАН дээр бодит утгаараа бүрдчихээд байгаа бололтой.
У.Ган