Б.ДОЛГИОН: ЗАЛУУЧУУДААС ӨӨРИЙГӨӨ ЗЭВРҮҮЛЭХГҮЙ БАЙХ АРГЫГ ОЛДОГ
МУГЖ, ая зохиогч Б.Долгионтой ярилцлаа.
-Таныг монголын ард түмэн "Пентатоник” академийн Ерөнхийлөгч гэдгээр сайн мэддэг. Энэ наадам завсарлаад бараг найман жил боллоо. Ер нь эргэн зохион байгуулагдах уу?
-Ер нь энэ наадмыг хаагаагүй. Тодорхой шалтгаануудаас болоод хэсэг хугацаанд завсарлага аваад байна. Өнөөдрийн байдлаар манай улсын эдийн засаг ороо бусгаа хүндрэлтэй. "Пентатоник” наадмыг зохион байгуулахад асар их хөрөнгө шаардлагатай. Энэ хөрөнгийг Төр бидэнд гаргаж өгөхгүй, бид өөрсдөө л хийдэг.
Пентатоник академийн ерөнхийлөгч болоод энэ наадмыг урин дулаан цагт хийдэг болъё гэсэн санааг гаргасан. Гэвч сонгуультай давхцуулах боломжгүй.
Манай наадам монголд хамгийн анх улаан хивсний ёслолыг хийсэн шүү дээ. Хийх болсон чинь яах аргагүй байдлаас болоод хэдэн жил өнжсөн. Нисдэг тэрэг осолдож гашуудал зарласан үе, долдугаар сарын 1-ний үймээн гарсан үе гээд асуудал байсан.
Би энд нэг зүйл онцолмоор байна. "Пентатоник” наадмыг зөвхөн бид зохион байгуулах ёсгүй л дээ. Шинэ залуу уран бүтээлч хамтлаг дуучид хамтраад зохион байгуулахад нээлттэй.
-Та өөрийгөө хөгжмийн зохиолч, уран бүтээлч гэж дуудуулах дургүй. Харин ая зохиогч гэж дуудуудах таатай байдаг гэж хэлж байсан. Ингэхэд таны хамгийн анх зохиосон ая ямар нэртэй ая байдаг юм бэ. Хэдэн онд зохиосон байдаг бол?
- 1970 онд намайг 15 настай байхад аав нутгаа үзүүлнэ гээд Архангай руу авч явсан юм. Сайхан байгалийг нь хараад үнэндээ л шоконд орсон. Хоргын тогооны хажууханд уулын энгэрт явж байх үед надад нэг ая орж ирсэн юм. Одоо бодоход ‘‘дээрээс’’ нэг дохио өгөөд байж дээ.
Тэгж анхны аяа зохиосон. "Аз жаргалын ая" гэж нэр өгсөн билүү дээ. Түүнийгээ энэ ойн тоглолтон дээрээ шинэ найруулгаар тоглуулна гэж бодоод байгаа юм. 46 жилийн өмнөх явдал юм уу даа. Дууны хувьд "Урин хавар ирлээ” гэж дуу байдаг юм.1974 онд төрсөн дуу.
Тэр үед ямар студи энэ тэр гэж байсан биш. Монголын радиогийн ганц студид 1979 онд албан ёсоор бичүүлж байлаа. Аавынхаа олон шүлэгнүүдээс дураараа танаж, тасалж авч энэ дууны үгийг бүтээсэн юм. Аав "Чи миний шүлгийг ингэж эвдэж байдаг хэн юм бэ” гэж дургүйцээд л. Харин дуу болсныг нь сонсоод аав хайлсан л даа. Сүүлд энэ дууг "Камертон” дуулсан. "Зүрхний үг”, "Урин хавар ирлээ”, "Эх үрсийн элбэрэл” дуунууд бичигдсэний дараа зуслан явж баяраа тэмдэглэсэн юм.
Тэгэхэд хөгжмийн зохиолч, ардын жүжигчин Л.Мөрдорж гуай хамт явсан. 100 грамм ууж жаахан халсныхаа дараа миний духан дээр үнсээд "Миний хүү айхтар дуу зохиосон байна” гэж хэлж байж билээ. Тэгэхэд л би маш их урамшсан даа. Тэр хөгжмийн бурхнаас тийм үг сонсоно гэдэг чинь урамшихаас ч өөр яах билээ. Одоо бодоход их сайхан дурсамж юм даа.
-Ямар үед их сайхан ая орж ирдэг бол?
-Ер нь сэтгэл зүйн байдлаас их шалтгаална. Бороо ороход их гоё өрнүүн аялгуу орж ирэх тохиолдол байна. Би өөрийгөө хөгжмийн зохиолч гээд цээжээ дэлдээд явах дургүй. Дуу зохиогч гэдэг нь илүү ойр санагдаад байдаг юм. Яг өнөөдрийн хувьд би 200 гарай дуу зохиосон байна. Тоо чухал биш л дээ. Би бусдын таашаалд нийцүүлэх гэж юм хийх дургүй. Өөрийнхөө таашаал, баримталдаг зарчмаар л хийдэг. Тийм болохоор миний дуу болгон хүмүүст таалагдах албагүй. Нөгөө талаар хэзээ ч хүнээс мөнгө авч дуу зарж үзээгүй. Тэгэхийг ч хүсдэггүй.
-Аавынхаа шүлгийг ашиглахаас гадна өөрөө үгийг нь бичсэн их сайхан дуу бий шүү дээ. "Инээмсэглэл” хамтлагийн "Өөдрөг сэтгэл” дуу?
-Хүн аливаа дуу зохиоход утга учир гэж байх ёстой. Зүгээр нэг тэрүүхэн зуур сонсогдоод өнгөрөх дуу байх хэрэггүй. Энэ дуу "Инээмсэглэл”-ийн философи гээд хэлчихэд буруудахгүй байх. Ч.Ганболд, Н.Ганхуяг бид хэд бас л багын найзууд. Дөрөв, тавдугаар ангиасаа найзалсан. Энэ хамтлагийнхаа суурийг тэр үеэс л тавьж байсан. Тэр дуу миний амьдралд хандаж байгаа зарчмуудын нэг гэхэд ч болно. Их олон зүйлийг хэдхэн үгээр хэлэх гэж оролдсон. "Харанга”-ын Чукад нэг өгөх гэснээ эргүүлээд авчихсан.
Сайн сонсвол "Битлз”-ийн дууны жаахан хэсгийг иш татсан байдаг. Ринго Старын "When i sexty four” дуу. Одоо бид яг энэ насан дээр ирчихэж. Анх энэ дууг сонсч байхад хаа байсан хол санагддаг байлаа шүү дээ.
-"Битлз”-ийн юунд тэгтлээ их татагдсан юм бэ?
-Дууны ая дан, үг гээд бүх зүйл цензурт ороод эхэлчихсэн байх үед "Битлз”-ийн дуу их шинэ содон санагдсан. Маш энгийн үгтэй, аятай. Залуу хүн сонирхохгүй байхын аргагүй. "Битлз” амьд хөгжмийн бүхий л урсгалуудын эх үндсийг тавьчихсан шүү дээ. Надтай энэ талаар маргалдах гээд байдаг хүмүүс бий. Энэ хамтлагийг сонсч, шүтэн бишрэгч болсноор бидний ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж эхэлж байгаа юм. Тийм учраас "Битлз" өнөөдөр ч үнэ цэнэтэй хэвээр байдаг.
-Одоо "Битлз”-ын дууг сонсохоор бас арай өөр мэдрэмж, сэтгэгдэл төрнө биз?
-"Битлз”-ийн увидас хэзээ ч хоцрогддоггүй. Миний хувьд "Битлз” өдөр ирэх тусам амттай сонсогддог. "Rec on” гээд залуу хамтлаг байдаг.
Манай рок попын гэр бүлийн залуу гишүүдээс хамгийн шинэ соргог зүйлийг хийж байгаа хамтлаг. Энэ хамтлагийнханд би " A day in a life” гээд Жон Ленноны дуу дуулаач гэсэн санал тавьсан юм. Эхэндээ учрыг нь олохгүй байсан л даа. Сүүлд над руу "Ямар гоё дуу вэ” гээд залгасан. Өөрөө ч хачин гоё дуулсан байна лээ. Би залуу хүмүүстэй найзлах их дуртай. Ялангуяа амьд хөгжмийн хамтлагийнхантай. Тэндээс би өөрийгөө зэврүүлэхгүй байх аргыг олж авдаг.
-Шүтэн биширдэг хамтлагийнхаа тоглолтыг нь үзэх завшаан гарч байв уу?
-Пол Маккартнигийн тоглолтыг Москвад үзсэн. Тэр тоглолтыг миний үеийнхэн, чиний үеийн охид гээд гурван үеэрээ үзэж байгаа юм. Тэр тоглолтыг үзэж байхдаа гурван удаа уйлсан. Сүүлийн үед яагаад ч юм амархан уйлдаг, сэтгэл хөдөлдөг болоод байгаа. Надтай явсан найз маань миний зургийг аваад л гайхаад инээгээд байсан. Мань эр хөгжмөөс жаахан хол хүн л дээ. Яагаад уйлаад байгаа юм бэ гэхээр нь "Чи ойлгохгүй ээ” гээд л өнгөрсөн. Зүгээр нэг гял цал хийсэн шоунаас тэс өөр. Тэнд хүний зүрх сэтгэлд үлдэх философи яваад байгаа байхгүй юу. "Жоныхоо, Жоржийнхоо дурсгалд зориулж дуулъя” гэхээр нь л би хэнгэнэтэл уйлаад.
-Дуурайж хувцаслах нь энүүхэнд байсан биз?
-Анх "Битлз”-ийнхнийг захгүй пиджак өмсөхөд нь л дуурайн өмсч билээ. Тухайн үед хүүхдийн хувцасны артель гэж байлаа. Захиалгаар хувцас оёно. Ээжийгээ шаналгаж шаналгаж зөвшөөрүүлээд захгүй пиджак хийлгээд сургуулийнхаа үдэшлэгт өмсөөд очиж билээ. Ямар их онгирч явсан гэж бодно. Үсээ бас ургуулна. Тэрнээсээ болж байнга загнуулна, хайчлуулна. Жон Ленноны дугуй шил ч моданд орсон шүү дээ. Харамсалтай нь надад зохидоггүй. Зохидог байсан бол дуртайяа зүүх байлаа. Яг одоо би Жон Ленноны өмсдөг малгайг өмсөөд л явж байна шүү дээ. Мэддэг хүмүүс бол хараад мэднэ. Мэддэггүй нь энгийн нэг малгай гэж харах байх.
-Таныг үндэсний хувцастай байхыг нээрээ хараагүй юм байна?
-Би дээлийг маш их дээдэлдэг. Гэрийнхнийгээ дээл өмсгөх дуртай. Би дотроо маш их үндэсний үзэлтэй хүн шүү дээ. МУГЖ С.Жавхлантай хамт "Хамаг Монгол” төсөлд оролцож явлаа. Үндэсний хэв маягаа хадгалах гэдэг дээр санал нэгддэг. Гэхдээ туйлширч болохгүй. Даяаршил доторх дангааршил гээд байгаа юм шүү дээ. Шинэчлэл хийж байгаа нэрээр хуучин зүйлсээ үгүйсгэдэгт би шүүмжлэлтэй ханддаг. Хуучин зүйлийг хамаг сайн сайхан бүхний бааз суурь болгох ёстой.
-Монголын рок поп урлаг зогсонги байдалд орчихлоо гэх хүмүүс бий?
-Энэ бол өөрийнх нь уран бүтээл зогсонги байдалд орчихсон хүний үг. Би бол хэзээ ч зөвшөөрөхгүй. Муу л байгаа юм бол "Universe best songs" найм дахь жилдээ зохион байгуулагдаж, хүүхдүүд оролцох уу. Тэнд зогсонги зүйл ажиглагдсан уу. Бүгд л дор дороо уран бүтээлээ хийсээр л байна шүү дээ.
-"Universe best songs” наадмын хувьд жилийн жилд маш олон "шилдэгүүд” тодруулдаг. Гэтэл зарим хүмүүсийн дунд дэндүү олон чанаргүй дуучин төрлөө гэх шүүмж байдаг. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?
-Энэ бол ард түмний авъяас байхгүй юу. Ард түмэн зүгээр нэг хэсэг амьдраад дуусахгүй. Ар араасаа төрж, өсөн томорч байна. Тухайлбал, 2000 онд төрсөн хүүхэд "Universe best songs” наадамд ормоор байна гээд л орж байна. Энэ чинь ард түмэн. Ард түмэн хэзээ ч дундардаггүй, дуусдаггүй байхгүй юу. Хүмүүсийн дунд ийм шүүмж байдгыг сонссон. Гэхдээ сард 50 мянган хүүхэд энэ хорвоод мэндлэхэд тэдний тав нь үнэхээр авъяастай, байгалиасаа заяамал сайхан хоолойтой. Тэдгээр сайхан хоолойтой хүүхдүүд чинь л энэ тэмцээнд орж байгаа гэж хар ухаанаар ойлгож болно.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Дэжид