Засагт ханы хөх харчуулыг зайчилж, Түшээт ханыхныг түлхсэн сонгууль болох уу
Говь-Алтай, Булган аймагт тус бүр нэг мандат хуваарилсан нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр гал асаасан асуудал боллоо. Ялангуяа хоёр мандаттай Сүхбаатар аймгаас 1.7 дахин их буюу 141 мянган км нутаг дэвсгэртэй, 18 сумтай, засаг захиргааны 90 нэгжтэй, хил хязгаарын нутаг Говь-Алтай аймагт ганцхан мандат олгож байгаа нь дэндүү зарчимгүй хуваарилалт боллоо гэж нэр бүхий гишүүд бухимдаж байна.
Үнэхээр ч нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдээс арав гаруй мянган сонгогчоор илүүг мэдсээр байж Говь-Алтай аймгийг арай л гадуурхчихав уу даа. Дараагийнх нь Булган аймаг. Булган аймаг 16 сумтай,сонгогчийн тоо 39 115. Гэтэл 15 сумтай, 34067 сонгогчтой Өмнөговиос яагаад ижил мандаттай байж болсонгүй вэ. Энд ёстой л Ё.Отгонбаяр гишүүний аргаа баран хэлсэнчлэн "СЕХ нэг Өмнөговийн иргэн, хоёр Булганы иргэнтэй тэнцэнэ, нэг Хэнтийн иргэн 3 Булганы иргэнтэй тэнцэнэ” гэсэн зарчим үйлчилсэн бололтой.
Энэ "шинэ” зарчим нь сонгогчид л лав ашиггүй. Нэр дэвшигчдэд бүр ч хохиролтой. Зөвхөн луйврын аргаар ч хамаагүй санал авч сонгогдох биш өөр аргаар өөрийгөө сонгох гэж буй тэр нэр дэвшигчид л ашигтай.
Хэнтий аймгийн тухайд гурван тойрогтой болгох гэсэн АН-ын бүлгийнхний улайрал сүүлдээ Хэнтий нутгийг онигоонд оруулчихлаа. Учир нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар жигтэйхэн хүнийрхсэн байдлаар "Та бүхэн өөрсдөө бүс нутгийг хөгжүүлэх тухай мундаг ярьдаг. Монгол Улс бол нэг нутаг. Та бүхний ярьж хэлж, өөрсдийнхөө цээжийг балбадаг Чингис хааны нутаг. Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий гэсэн зүүн бүсийн аймгууд бүгдээрээ Сэцэн хааны нутгаас салж гарсан аймгууд байдаг. Өнөөдөр УИХ-д сууж байгаа гишүүдийн тоогоор баруун аймгийнхан дийлэнх нь. Яривал олон юм ярина шүү” гэсэн. Айхтар талцуулсан байгаа биз.
Зиа, ингээд Чингисийн нутаг учраас гурван мандаттай байгаа юм байна шүү дээ гэсэн онигооноос өөр олигтой тайлбаргүйгээр 18 сумтай Хэнтий "Зүүний магнай” болж Дорнод, Сүхбаатар аймгийг "дагавар хүүхэд” мэт үзээд гурван сумтай байх дархан эрх эдлэхээр болов. Говь-Алтай, Дорноговь аймгууд эрхбиш хоёр тусдаа аймаг тулдаа тус бүр хоёр мандаттай үлдсэн болохоос хүн ам, газар нутаг гээд "жинхэнэ зарчмаар”-аа явсан бол дундаа нэг мандаттай ч үлдэж мэдрэхээр "дажин” болоод өнгөрлөө, цаана чинь.
Нийслэлийн Чингэлтэй 25 мянга, Хан-Уул 24 мянган хүн амтай гэсэн үзүүлэлтээр тус бүр дөрвөн мандаттай байхад 38 мянган хүн амтай Говь-Алтай аймаг ганцхан мандаттай хоцорсныг хараад, Говь-Алтайн сонгогч юу гэсэн гээч! "Энэ бол ундны цэвэр усаар хангана гээд усны саван дээр зурагаа наасан О.Амгаланбаатараас болж Ардчилсан намд тавьсан дүн” гэж хэлсэн. Нээрээ тэгээд ч "улаан мандат” цөөлөх арга хэрэглэсэн юм билүү, яаж мэдэхэв.
Цаашилбал, аймаг доторх сумдаа тойрог болгож хуваарилсан нь бүр ч бухимдмаар. Ганц жишээ дурьдахад Архангай аймгийн төв тэр чигээрээ ганцхан тойрог болно. Тэр тойрогт нь жишээ нь Н.Батбаяр гишүүн нэр дэвшээд "Гудамж” төслөө яриад байхад л ногоон гэрлээр сонгогдоно. Хөдөө явж тоос шороонд хутгалдахгүй, аймгийн төв дээр аятай тавтай буудалдаа хэвтэж байгаад салхилангаа иргэдтэй уулзаж хуруу гараа гозолзуулж "Гудамж” төслөө гоёор тайлбарлаад л байхад ядрах юун. Нэг иймэрхүү л тойргийн болон мандатын хуваарилалттайгаар "Одоо л саналаа өгч сурлаа” гэсэн сонгогчдын итгэлийг мохоож мэдэхээр байна. Эхнээсээ олон хүн урам хугарч эхэлсэн нь анзаарагдлаа. Тэр ч байтугай АН, МАН талцах биш, АН дотроосоо "Н.Алтанхуягийн хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх зарчим баримталж байна” гэх мэт мэдээгээр тургиж эхэллээ. Энэ тэгээд одоо зарчим уу. Товчхондоо зарчимгүйгээр тойргоо хувааж, мандатаа хуваарилж, нэр дэвшигчээ ч хувийн тооцоот нарийн шүүлтүүрээр тодорхойлж байгаагаас үзэхэд "Муу нүүрт” жилд муухай сонгууль болж мэдэхээр байна.
Г.Сүрэн
Сэтгэгдэл байхгүй байна.