Нэр шигээ "гарамгай" юм гээч
УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Батхүүгийн Гарамгайбаатар ажилладаг. Түүнийг Хэнтий нутгийнхан төр, түмэн олныхоо төлөө "гарамгай” байгаарай гэж Их хуралд илгээсэн. Түүнээс өмнө 2008 онд "Монроуд”-ын "босс"-д Хэнтийнхэн итгэл үзүүлээгүй байдаг юм. Харин 2012 онд нэр дэвшихээр дахин горилоход нь Их хуралд "явуулж” үзсэн. Одоо харин амаа барин суугаа талаар нутгийн иргэд нь ярьж байна. "Монроуд”-ын Б.Гарамгайбаатар Хэнтийд зам тавилаа хэмээн тууз хайчилж байсан ч хэдхэн сарын дараа "Зам бишээ, там байсан” гэдэг нь тодорхой болсон. Ингэж л Монголын төрд гарамгай "гай” тарьж эхэлсэн. Бондоос бойжсон улстөрчдийн тоонд түүнийг оруулж ирсэн. Учир нь түүний нэрний өмнө байнга хэлэгддэг замын компани нь бондын мөнгөнөөс багагүй хэдэн төгрөг "тоншчихоод” нэг км ч зам бариагүй талаар нэг хэсэг шуугиж байсан даа. Түүний компани Хэнтий аймагт тавьсан зам нь үнэндээ "занга” байсан тул олон ч иргэдийн автомашин жагсаалтаас гарч эгээдээ л хүний аминд хүрсэнгүй салсан. "Мөнгөө авсан юм бол замаа засаач” гэсэн нутгийн иргэдийнхээ шаардлагад "Монроуд" надад хамаагүй. Би ажлаа өгсөн хүн” хэмээн хээвнэг хариулчихдаг ганц өгүүлбэртэй. Энэ мэтчилэн сөхөөд байвал замын асуудал нь хөвөрнө.
Гарамгай дарга 2012 оны сонгуульд тойргоос нэр дэвшин гарч ирсэн тул бүлгийн дарга гэдгээрээ энэ удаагийн сонгуульд намын нэрсийн жагсаалтаар орж ирнэ гээд тойргоо услалгүй хаясан нь үнэн. Цэцийн тавдугаар дүгнэлтийг Их хурал хүлээн авснаар намын нэрсийн жагсаалт байхгүй болсон нь ч үнэн. Ингэснээр мань хүн дөрвөн жил тоолгүй хаясан тойрогтоо нэр дэвшихээс өөр "зам”-гүй болсон нь бас л үнэн. Энэ нөхөр барьц алдахдаа унан тусан байж "Чингис хааны нутаг” ч гэх шиг хачин юм ярьсаар нэг мандат нэмүүлж аваад санаа нь амарсан. Монгол төрийн түшээгээс тэр дундаа АН-ын бүлгийн даргын амнаас ийм үг унаж байгаа нь харамсалтай байна. Аргаа барахдаа Ц.Нямдорж гишүүн "Гарамгайбаатар аа, чи боль. Чи худлаа гэж хэлэхгүй байлгүй. Та яаж ч тайлбарлаж чадахгүй. Төрийг хувьчилж байгаа юм байна. Сонгуулийн тойргийг хувьчилж байгаа юм байна. Өөрт нь санал өгөхгүй гэж үзсэн хэсгийг үсэргэж байна” гэж хэлж байхав дээ. УИХ-ын гишүүн болчихоод эхнээсээ нутгийн иргэдийнхээ төлөө ажиллаад явсан бол яалаа гэж ингэж алингаа алдаж, нэр нүүрээ барж, луйврын "зам”-ыг сонгох вэ дээ. Түүний энэ эрээ цээргүй үйлдэл нь АН-ын рейтингийг улам л шалан дээр унагалаа. Гурван мандаттай Хэнтийн тойргоос гишүүн болвол 14 мянган хүн, Булганаас сонгогдсон хүн 40 мянган хүн төлөөлөх ийм л гажиг "зам”-ыг тэр зурсан юм. Б.Гарамгайбаатар муу зам тавихдаа "гарамгай” юм. Муу зүйл хийхдээ ч мөн л "гарамгай” бололтой.
С.Нэмэх
Сэтгэгдэл байхгүй байна.