С.Ням-Очир, Г.Одбаяр тэргүүтэй 7 бөх барилдана
Мексикийн Гуадалахара хотноо жүдо бөхийн "World masters”тэмцээн болж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын барилдаанууд болох учиртай. Манайхаас эдгээр жингүүдэд 7 бөх барилдах юм.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд С.Ням-Очир болон Г.Одбаяр гэсэн шилдгүүд барилдаж байгаа. Олимпийн наадамд оролцохоор болсон Г.Одбаяр А хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн бөгөөд хоёрдугаар тойрогт Мексекийн Аяала Самуэльтай барилдана. Хэрвээ ялбал дэлхийн аварга Ан Чан Рим болон Оросын Муса Мугашков нарын ялсантай нь тулах магадлал өндөр байна.
Харин С.Ням-Очир эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Японы Хашимото Соичитай барилдахаар оноолт таарлаа.
Тэгвэл 81 кг-д Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар нар барилдана. Н.Дагвасүрэнгийн хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Унгарын Ласлотай барилдахаар оноолт таарлаа. Тэгвэл О.Ууганбаатар D хэсэгт багтаж, Грекийн Роман Моустопоулостай эхний барилдаанаа хийнэ.
63 кг-ын хувьд Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид нар барилдаж байгаа. Ц.Цэрэннадмидын хувьд Австрийн Катрина эхний барилдаанаа хийх бол Ц.Мөнхзаяа Недерландын Жюл Франссентай барилдана.
Харин 70 кг-д ганцаараа эх орноо төлөөлж байгаа Ц.Наранжаргал Испанийн Мариа Бернабеутай эхний барилдаанаа хийх юм.