“Бук” пуужингийн хэлтэрхий Украинаас олджээ
Украины зүүн нутагт "MH17” дугаартай нислэг үйлдэж явсан нисэх онгоцны осолдсон газраас олдсон "Бук” пуужингийн томоохон хэлтэрхийний зургийг олон улсын мөрдөн шинжээчид үзүүлжээ. Автомашин утаа ялгаруулдагийн адил пуужингаас хий ялгаруулдаг "Вентури” гэдэг эд ангийн зургийг шинжээчдийн хамтарсан багийнхан үзүүлсэн байна. Германы прокурорууд "Бук” пуужингийн талаар Оросоос илүү нарийн мэдээлэл авахыг хүсч байна.
2014 оны долдугаар сард "MH17” дугаартай нислэг үйлдэж явсан онгоцыг уг пуужингаар харваж унагаснаар түүнд сууж явсан 298 хүний амиа алдсан гэж шинжээчид үзэж байгаа юм. Өрнөдийн улсууд болон Украин мэдэгдэхдээ "Оросын талыг баримтлагч босогчид "Бук” пуужингаар онгоцыг харвасан” гэж байгаа юм. Харин Оросын талын мэдэгдэж байгаагаар, Украины армийнхан "МН17”-г харваж унагажээ. Амстердамаас Куала-Лумпурын чиглэлд нисч байсан "Боинг-777” нисэх онгоц босогчдын хяналтад байдаг бүсэд сүйрсэн билээ.
Шинжээчид ослын газраас олдсон пуужингийн асар олон тооны жижиг хэлтэрхийнүүдийг шинжилж байна. "МН17”-г Орост үйлдвэрлэсэн "Бук” пуужингаар харваж унагаасан гэсэн дүгнэлтийг өнгөрсөн онд Нидерландын Аюулгүй байдлын зөвлөл гаргасан юм. Гэхдээ уг пуужинг хэн харвасныг дурьдаагүй юм. Босогчдын хяналтад байдаг бүсээс пуужинг харвасан гэж тус зөвлөлийн ерөнхийлөгч Джиббе Жоустра тухайн үед мэдэгдэж байсан юм.
Нидерландын прокурорууд мөрдөн шалгалтын дүнгээ ирэх намар танилцуулахаар төлөвлөж байгаа ажээ. Мөрдөн шинжээчдийн хамтарсан багийн завсрын тайланд дурьдсаныг үзвэл, уг пуужингийн техникийн үзүүлэлтийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байгаа бололтой. Украины засгийн газрын цэргүүд болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хооронд дэгдсэн мөргөлдөөн ид ширүүсч байх үед "Боинг-777” осолдон сүйрсэн билээ.