Америкийн хоёр дахь нүүр царай хэн бэ
АНУ-ын Ардчилсан болон Бүгд найрамдах намын их хурал болоход хэдхэн хоног үлдлээ. Гэвч Ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трамп, Хиллари Клинтон нар дэд Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсээ хараахан зарлаагүй байна. Тэдэнд сонголт олон боловч найдвартай түншээ олно гэдэг амаргүй зүйл аж. Ялангуяа АНУ-ын олон жилийн түүхэн дэх хамгийн тайлагдашгүй улстөрч гэгддэг Трампад баруун гарын хүнээ сонгоно гэдэг хэцүүхэн асуудал.
Айова мужаас гарсан сенаторыг онилж байна
Дональд Трампын хувьд Айова мужаас Конгресст орсон сенатор Жони Эрнстийг Дэд Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсийн жагсаалтад оруулсан байна.
Харин Эрнст Трампын багт одоохондоо орж ажиллах сонирхолгүй байгаа аж. Бусад нэр дэвшигчдийн хувьд тэрбумтантай гар нийлж ажиллахад хэзээд бэлэн гэдгээ мэдэгджээ. Трампын жагсаалтад Нью-Жерси мужийн амбан захирагч Крис Кристи ч багтсан байна. Тэрбээр Ерөнхийлөгчид нэр дэвшсэн боловч өнгөрсөн хоёрдугаар сард Трампыг дэмжиж байгаагаа илэрхийлээд сунгаанаас гарсан. Түүнчлэн намын ахмад зүтгэлтэн, 1995-1999 онд Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын даргаар ажиллаж байсан Ньют Гингрич, сенатор Боб Коркер, Жефф Сешнс, Индиана мужийн амбан захирагч Майк Пенс нар боломжит хувилбаруудад багтжээ. Дональд Трамп долоодугаар сарын 18-21-нд Огайо мужийн Кливленд хотод болох намын их хурал хүртэл дэд Ерөнхийлөгчид өрсөлдөх хүнийхээ нэрийг нууцална гэж мэдэгдэж байсан. Харин өдгөө Трампын сонгуулийн аяны менежерээр ажиллаж байсан Кори Левандовски өөрийг нь орлож чадах нэр дэвшигчдээс дөрвийг нь сонгочхоод байгаа гэжээ.
"CNN” агентлагийн мэдээлснээр Теннеси мужаас сонгогдсон сенатор Боб Коркерын хувьд өмнө нь ардчилагчидтай ажиллаж байсан нэгэн гэнэ. Бүгд найрамдах намын зарим гишүүд үүнийг сул тал гэж үзэж байгаа бол Трампыг дэмжигч хэсгийнхэн харин ч үүнийг давуу тал гэж үзэж байгаа аж. Учир нь Коркер ирээдүйн Ерөнхийлөгчийн үгийг дамжуулдаг, хэлэлцээ хийдэг хамгийн тохиромжтой хүн болох гэнэ.
Өөр нэгэн нэр дэвшигч Крис Кристи нь Трампыг цаг үргэлж дэмжиж ирсэн нэгэн. Туршлагатай улстөрч тэрбээр намдаа ад үзэгддэг Трампад туслах, намынхантайгаа холбоо тогтооход хэрэгтэй хүн аж.
Ньют Гингричийн хувьд хэтэрхий их амбицтай тул бүхний тэргүүнд байх дуртай тэрбумтантай хоршоод ажиллаж чадахгүй гэж хүмүүс үзэж байна. Үүнээс гадна тэр Трампаас ах буюу 73 настай.
Трамп бол амаргүй нэр дэвшигч. Бүдүүлэг, дуулгаваргүй, дэд Ерөнхийлөгчтэйгөө хэл амаа ололцоод явж чадахгүй нэгэн. Тиймээс улс төрийн асуудалд хэн нэгэнтэй ханьсаад ажиллахад асуудал үүсэх бөгөөд үүнээс болж Бүгд найрамдах нам доторх нөхцөл байдал муудаж, намыг задалж ч болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Үүнээс гадна хэлэхгүй өнгөрч болохгүй нэг зүйл бий. Энэ бол Трампын нас. Өдгөө 70-тай тэрбээр Ерөнхийлөгч болчихвол хамгийн ахмад настай төрийн тэргүүн болох аж.
Гэхдээ сонгуульд саяхны нэгэн үйл явдал нөлөөлж болзошгүй. Трамп саяхан сонгуулийн аяныг нь удирдаж байсан Кори Левандовскигээ гэнэт халсан билээ. Уг нь сонгуулийн аяныг нь удирдаж байсан тэрбээр Трампад үнэнч, чин сэтгэлээр зүтгэж байсан боловч телевизийн шоуны оролцогчид шиг хаягджээ.
Хиллари ч бас
асуудалд оржээ
Трампын гол өрсөлдөгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтонд ч бас дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ хайх хүндхэн сорилттой тулгарчээ.
Трампаас ялгаатай нь Хиллари засгийн эрхэнд байж үзсэн бөгөөд харилцаа холбоо сайтай. Гэхдээ л түүнд хүндрэл учирчээ.
Түүний дэд Ерөнхийлөгчөөр ажиллах хүмүүст Колорадо мужийн амбан захирагч Жон Хикенлооперын нэр яригдаж байна. Тэрбээр зэвсэг эзэмшилтэд хяналт тавихыг шаарддагаараа алдартай бөгөөд энэ нь Клинтонд таалагддаг аж. Бас нэг нэр дэвшигч бол Обамагийн засаг захиргааны гишүүн, Сан-Антонио хотын дарга асан Жулиана Кастро. Түүнийг испани хэлтэй сонгогчдын саналыг татаж чадах улстөрч гэж харж байна. Үүнээс гадна дэд Ерөнхийлөгчид Виржиния мужийн амбан захирагч, Ардчилсан намын Үндэсний хорооны дарга Тим Кейн ч яригдаж байна. Кейний хувьд улс төрийн туршлагатай нэгэн бөгөөд Америкийн улс төрд хотын дарга, амбан захирагч, сенатор гээд бүх шатыг нь туулж үзсэн хүн юм.
Зарим шинжээч Клинтоныг өөрийн нөхөр, Ерөнхийлөгч асан Билл Клинтоноор дэд Ерөнхийлөгчийн албан хашуулбал зүгээр гэж үзэж байна. Хуулиар үүнийг боломжгүй гэжээ. "Хөзрөн байшин” олон ангит кинонд Ардчилсан намаас гарсан Ерөнхийлөгч Фрэнк Андервуд эхнэрээ Ерөнхийлөгч болгодог. Яг түүн шиг Миннесота мужаас гарсан сенатор, хошин шогийн жүжигчин асан Эль Франкен Клинтонуудыг "улс төрийн хос” болбол яг тохирно гэжээ.
Гэхдээ Клинтоны хувьд Берни Сандерсыг дэмжигчдийг өөртөө татъя гэж бодож байвал Массачусетсээс сенатор болсон Элизабер Уорреныг дэд Ерөнхийлөгчөөр сонгох нь дээр. Уоррены хувьд Клинтонтой удаан хугацаанд хамтарч ажиллаж байгаагүй болохоор сонгогдох магадлал тун бага юм.
Дэд Ерөнхийлөгч
ямар үүрэгтэй вэ
Юутай ч хоёр нэр дэвшигчийн дэд Ерөнхийлөгчийнхөө нэрийг зарлах хугацаа тун ойртжээ. Америкийн улс төрийн системд энэ бол тун чухал суудал юм. Учир нь дэд Ерөнхийлөгч бол төрийн хоёр дахь хүн, хоёр дахь нүүр царай бөгөөд Ерөнхийлөгчийг нас барсан, эсвэл ажиллах чадамжгүй болсон тохиолдолд Ерөнхийлөгч болдог. Ерөнхийлөгч Жон Кеннеди 1963 онд буудуулж амиа алдсаны дараа дэд Ерөнхийлөгч Линдон Жонсон АНУ-ын төрийн тэргүүн болж байсан түүхтэй.
Түүнчлэн дэд Ерөнхийлөгчөөр ажиллах нь Ерөнхийлөгчөөр сонгогдоход ч тус болж байсан түүх бий. Тодруулбал, Рональд Рейганы үед дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан том Жорж Буш 1989 онд АНУ-ын төрийн тэргүүн болж байсан.
Дэд Ерөнхийлөгч нь мөн конгрессийн удирддаг бөгөөд санал хуваагдсан тохиолдолд түүний үг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Ерөнхийдөө Ерөнхийлөгчтэй хамт гүйцэтгэх засаглалыг барихын хажуугаар хууль тогтоох байгууллагад тодорхой хэмжээний эрх мэдэлтэй, давхар үүрэгтэй хүн юм.
Эх сурвалж:
Сэтгэгдэл байхгүй байна.