Хүчит 1024 бөхөөс Монгол Улсын 22 дахь аваргаа төрүүлсэн "Содон наадам"
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний 105, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны 8, 9, 10-ын даваанууд хоёр өдрийг дамнан байж шинэ аварга, арслан, заан цолтнууд төрүүлсэн онц сонирхолтой, дурсамж дүүрэн "Содон наадам" болж өндөрлөв.
Түүхэн тэгш ойнууд тохиосон энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 1024 бөх барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан Ч.Санжаадамба уран мэхийг уралдуулж, эрэмгий гавшгай барилдан 10 давж, төрийнхөө их баяр наадамд анх удаа түрүүлсэн амжилтаар Монгол Улсын 22 дахь аваргаар тодорч ард олноо баясгалаа.
Харин Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын начин Р.Пүрэвдагва ес даван үзүүрлэж, Улсын арслан цол хүртэж наадамчин зон олноо баясгав. Энэ жил Арын хангай нутгийнхан одтой сайхан наадаж шинээр Монгол Улсын аварга, арслан, начин цолтнуудтай болов.
Үндэсний их баяр наадмын Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Ховд сумын харьяат Монгол Улсын арслан Н.Батсуурь нар төрийнхөө их баяр наадамд хүчийг үзүүлэн найм давж шөвгөрсөн юм.
Энэ жилийн хүчит бөхийн барилдааны наймын давааны барилдаан бүтэн цаг үргэлжилж наадамчин олныг бухимдуулсан нь үндэсний бөхийн шүүлт, дэг ёс, бөхийн сахилга бат, дүрэмээ эргэж харж, хатуу дагаж мөрддөг байхыг сануулсан гэж болно. Үүнийг Төв цэнгэлдэхэд бөхөө үзэж суугаа наадамчдаас хоёр бөхийг барилдахыг шаардан, уухайлж, гар утсаа асаан, давалгаалсан үйл явдал батлана.
Улсын арслан П.Бүрэнтөгс Хөлийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байснаас түүний Р.Пүрэвдагва начинтай хүч үзсэн барилдаан хэсэг хугацаанд завсарласан. Үзэгчид ч мөн барилдааны үр дүнд хоёр хуваагдаж, Р.Пүрэвдагвын баруун тохой түрүүлж хүрсэн, П.Бүрэнтөгсийн зүүн хөл түрүүлж газарт хүрсэн хэмээн өөр өөр дүгнэлт өгч талцаж байсан юм. Энэ үед хөлийн цэц эрс шийдвэр гаргаж чадахгүй байсаар наадамчдыг залхаасан нь МҮБХ-ныхон нэгийг бодууштай байв.
Хөлийн цэцийн шийдвэрээр Улсын арслан П.Бүрэнтөгс, шинээр улсын заан цолны болзол хангасан Р.Пүрэвдагва нар дахин барилдаж, хаялцах барьц задрах үед Р.Пүрэвдагва давснаар Улсын өсөх идэр начин цолноос Монгол Улсын гарьд цолны болзол хангасан.
Харин есийн даваанд Улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамбад, Улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагвад тус тус өвдөг шороодож шинэ аварга, арслан төрөх нь тодорхой болсон юм. Энэ жилийн наадмаар шинээр хоёр заан, зургаан харцага, 14 начин цолтон төрсөн гэдгээрээ бас түүхэн дээд амжилт тогтоосон наадам байв.
Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын харцага Б.Пүрэвсайхан, Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын начин Р.Пүрэвдагва нар шинээр улсын заан цолны болзол хангасан бол Ч.Санжаадамба заан, шинээ харцага цолны болзол хангасан Т.Баасанхүүгээр долоо давж улсын заан цолоо дөрөв дэх удаагаа баталсан юм.
Энэ жил шинээр Улсын харцага цолтноор Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Д.Бат-Эрдэнэ, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Т.Баасанхүү, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Өлзий, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Н.Жаргалбаяр, Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын начин Р.Пүрэвдагва, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн арслан Х.Гантулга нар тус тус тодорлоо.
Харин шинээр Улсын начин цол хүртсэн бөхөөр Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Л.Шинэбаатар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, аймгийн арслан Ч.Чимэддорж, Архангай аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан М.Бат-Отгон, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, аймгийн арслан Д.Амарсайхан, Увс аймгийн Тэс сумын харьяат, цэргийн арслан Б.Ганзориг, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Ц.Нямдорж, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, цэргийн арслан Л.Батзориг, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Чимэдвандан, Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Б.Баатарцол, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн арслан Б.Ганхуяг, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Э.Ванданцэрэн, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, аймгийн арслан Д.Анар нар тодорч наадамчин олноо баярлуулсан билээ.
Ийнхүү энэ жилийн үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдаан монгол зон олноо баясгасан дэлгэр сайхан наадам болж өндөрлөв.
Д.Өлзийсайхан
Сэтгэгдэл байхгүй байна.