Өндөр цолтнуудын тоглоом болсон аймаг, сумын наaдам
1. БӨХЧҮҮД ХӨДӨӨНӨӨ "ЖҮЖИГ” ҮЗҮҮЛЖ ЯВНА
Харин ч энэ жилийн наадам сайхан боллоо гэх үгийг олонтаа сонслоо. Одоо хөдөөд хаа сайгүй наадам болсоор байна. Сайхан наадах ч сайхан л даа. Гэвч хөгийн гэмээр хачин юмс их дуулдах юм.
Тэр чинь юү вэ гэвэл аймаг, сумын наадмын бөх гэж булайгаар дүүрэн гэх. Булай нь юу юм бэ гэхээр улсын том цолтнууд аймаг, сумын наадам хэсч хөдөөгийнхнийг доромжилж яваа муухай нь аргагүй дүр зураг мөнөөс мөн. Тиймийн учир энэ тухай бичихээс аргагүйд хүрсэн юм. Гурав, дөрвөн жилийн өмнө манай сонинд "Дотоод үйлдвэрийн начин төрүүлсэн аймгийн наадмууд” гэсэн нийтлэл гарч байсан. Түүнийхээ үргэлжлэлийг одоо тэрлэх минь энэ.
Улсын наадмын өнгийг тодорхойлдог бүр тодруулбал үзүүр, түрүүнд яригддаг том бөхчүүд аймгийн наадамд очоод сумын заан залууд л унаад өгч байна. Хошин шогийнхны жүжиглэл ч юм шиг. Зарим унаагүй нь элэг бүсээ тайлна гээч. Ойрынхны жишээ цөөнгүй. Дархан-Уул аймгийн наадамд аварга, арслан тэргүүтэй олон бөх очиж барилдав гэх. Гэтэл улсын наадмын манлай болж байсан аварга Г.Эрхэмбаяр, арслан П.Бүрэнтөгс нар хоёр залуу бөхтэй дөрөвт үлдээд сүүлд нь алга болж энэ наадмын сүр сүлдийг бүр гутааж орхижээ. Тэгээд аймгийн арслан Г.Ганням түрүүлж, сумын заан Очирбат үзүүрлээд аймгийн заан болж байх юм гэнэ. Бас арслан П.Бүрэнтөгс, Д.Азжаргал хоёр Сэлэнгийн наадмын тавын даваанд Цогбаяр, Тулга гэх залууст тахимаа өгч түмнийг гайхшруулав. Ингээд тус аймгийн наадамд зодоглосон 256 бөхөөс улсын алдар цолтой 30-40 бөхийг ардаа орхиод хоёр залуу бөх үзүүр, түрүү булаалдсан байна. Энэ байдал тун шог байгаа биз. Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс гэдэг хоёр хүний хувьд бол яая гэхэв гэмээр ч хайран сайхан аварга, арслан цол. Тийм өндөр цолыг шороотой хутгаж орхих нь өөрсдийгөө ч доромжилсон хэрэг юм. Тэднийг наадамч олноо олон жил баясган цэнгүүлж явах сайхан бөхчүүд гэж хэн хүнгүй хайрын үгээр мялааж байдагсан. Гэтэл тэд түмний хайр, хүндлэлийг шавхайтай хутгаад хаячихлаа. Шившигтэй хэрэг.
"Гарьд магнай” кинонд Очир зааны "Монгол бөхийн дэнж ёс бусын юмаар сэвтэх учиргүй ээ” гэсэн үг бий. Тэгвэл одоогийн аварга, арслангууд нь хүртэл тав, гурван төгрөгнөөс болж үндэсний бөхийнхөө уламжлалтай алтан дүрэм, ёс жаягийг уландаа гишгэж гүйцлээ шүү дээ. Гэтэл яасан гээ. Багануурын наадамд очсон улсын цолтнууд маань дөрөв, тавын даваанд комбайнд өртсөн тариа шиг унасаар байгаад гарьд Б.Гончигдамба, харцага Ц.Содномдорж нар аймаг, сумын заан цолтой хоёр залуутай дөрөвт үлдэж. Тэгсэн долоогийн даваанд гарч ирээд гарьд, харцага хоёулаа нэг нь барилдалгүй, нөгөөх нь жаахан барьц авах дүр үзүүлж байгаад элэг бүсээ тайлж тэр залууст тахимаа өгөөд бас өвгөн бөхийн дүрээр тэднийг үнсэж харагдав. Тэгээд хоёр залуугийн нэг нь аймгийн арслан, нөгөө нь аймгийн заан болж байгаа юм. Ийм үйлдэл үзсэн наадамчид битгий наадам үймүүлээд бай гэж хашгирч байлаа. Үнэндээ энэ бол наадмын нэр хүндийг барсан өөдгүй доромжлол юм л даа. Бас л хайран сайхан цол хэргэм. Төрөөс өгсөн цол гэдэг цэвэр ариунаар хадгалж эзэн нь болж яваарай гэсэн болохоос ашиг хонжоо, арилжаа, наймааны хэрэгсэл болгож булайгаа тарьж яв гэсэн үг биш ээ. Хэрэв дархан аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нар нэг залууд даваа өгч үнсэх юм бол сайхан л харагдана даа. Харин эр бяр нь жигдэрсэн ид насандаа яваа бөхчүүд сумын заанд уначихаад үнсэж үнгэлж байгаа нь хэчнээн муухай харагдав даа.
Нэг хошин үгтэй найз маань найраа хийж тэднээс мөнгө төгрөг хүссэнээрээ авсан болохоор хайр нь хүрээд байх л даа гэж егөөдөв. Энэ егөө үг үнэний л хувьтай байх. Тэр үнэтэй үнсэлтийг анх 2013 онд билүү дээ Хэнтий аймгийн наадмыг арслан, гарьд цолтон тэргүүлсэн хэдэн бөх холиож хаях үеэр улсын арслан Х.Мөнхбаатар санаачилсан гэдэг юм. Бууж өгсөн бөхөө учиргүй үнсээд л харагдсан. Утгагүй юм гэдэг чухамдаа үүнийг хэлнэ.
2. ЯГ Л НЭГ УДААГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ШИГ БӨХЧҮҮД
"Бөх маань ийм болчихлоо. Одоо яах вэ” гэсэн асуултыг Монголын үндэсний бөхийн холбооныхонд тавьмаар байна. Гагцхүү тэд хариулт хэлэхгүй л дээ. "Энэ жил аймаг, сумын баяр наадмыг хойшлуулснаас боллоо. Түүнээс биш бөхийн барилдааны дүрэм маань хүчин төгөлдөр байгаа” л гэсэн тайлбарархуу юм хэлнэ. Ингэж л хар цагаанаар өмгөөлөөд өнгөрөхийг хичээх болов уу?
Наадам болон бөхийн өргөөнд долоо хоног бүр шахам болдог барилдаанд олон бөх зодоглохыг л бөхийн хөгжил гэж эндүүрээд байна. Ерөөс тооны өсөлт олигтой юм биш дотоодод нь чанар гэж юм байж хөгжил, дэвшил бий болдог эдийн засгийн ухагдахуун байдаг шүү дээ. За тэгээд зөвхөн тоондоо биш дээрх жишээнээс эхлээд найрааны хүчээр чанаргүй цолтон төрж бөх дотроосоо "түүхийрээд” байгаа юм. Жил жилийн наадмаар олон начин төрдөг. Тэднээс дараа нь цолоо баталж байгаа нь бараг байхгүй. Энэ жилийн наадмаар гэхэд нэг ч начин цолоо батлаагүй шүү дээ. Хоёр, гурвын даваанд л "хог болж” байгаа юм даа. Энэ дүр зургийг харахнээ найрааны хүчээр цол авсан "жол бөхчүүд”-ийг нэг удаа хэрэглээд хаядаг аяга, тавагтай зүйрлэмээр.
Ер нь улсын цолтой бөхчүүд маань мөнгө бариад ирвэл амныхаа хүүхдэд ч сөхрөөд өгөх нь ээ дээ. Улсын баяр наадмын дараа Говь-Алтай, Дорноговь, Хэнтийгээс бусад аймаг наадмаа хийчихлээ. Гэтэл тэр аймгийн наадамд улсын арслан, заан тэр түрүүлжээ гэсэн мэдээ алга. Дандаа голдуу аймгийн начин, сумын заанууд түрүүлж, үзүүрлэж цол хүртсэн байх юм. Уг нь улсын цолтой бөх зодоглоогүй наадам нэг ч үгүй байхад шүү дээ. Харин Сүхбаатар аймагт аймгийн арслан Б.Номиндалай, Баянхонгорт аймгийн арслан Н.Золбоо нар түрүүлснийг бодоход арай л шударга барилдаан тэнд болжээ гэж хэлж болно. Улсын цолтой бөхчүүд наадам хэсч аймаг, сумын цолтон төрүүлж "мөнгө сааж” явааг яг л Эрээний наймаачидтай зүйрлэм. Бүр зохион байгуулалттай бүлэг бүлгээрээ явж наадам үймүүлэх болсон шиг. Саяхан улсын цолтнууд ахласан нэг "бригад” бөхчүүд Дундговьт очоод л буцжээ гэсэн сураг байна. Яагаад тэд буцсан юм бол гэхнээ аймгийн наадмаар цол олгохгүйг дуулаад өөр зам сонгосон юм байх. Дээхний бөхчүүд хаа газрын наадмыг зорихдоо ногт ганзагалж л очдог байсан бол одоогийн бөхчүүд мөнгөний том цүнх, ууттай явдаг болсон нь ердөө нууц биш. Улсын цолтон бөхчүүдээс цол чухал уу, мөнгө чухал уу гэж ч асуумаар байгаа юм.
3. МОНГОЛ БӨХӨД "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ” ХИЙМЭЭР БАЙНА
Бөхөө хөгжүүлж байна гэсэн цаасан малгай дор олон зуун жилийн түүхтэй, баялаг өв уламжлалтай үндэсний бөх маань бохирдож гүйцлээ. Тэгэхээр яах вэ гэж бодохоор хэд хэдэн санаа байна. Юуны түрүүнд бөхийн барилдааны дүрмээ чангатгая. Алив алдаа дутагдал гаргасан, гэмт үйлдэлд холбогдсон бөхчүүдийн цолыг хураадаг, бууруулдаг болбол яасан юм бэ. Тийм уламжлал байхгүй гэх хүн гарах байх. Тэгвэл уламжлал гэсээр байтал чинь уруудахын дээдээр юм болж байна. Цолыг өгч болсон юм чинь буцаагаад авч болно шүү дээ. Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо хэдэн жилийн өмнө дөө. Даваа үнэлж мөнгө авсан (найраа хийсэн гэсэн үг) бөхчүүдийг сүмогийн хүрээнээс зайлуулсан жишээ бий. Наадам үймүүлээд найраа хийгээд яваа бөхчүүдэд тиймэрхүү арга хэмжээ авбал таарна. Адаглаад цолтнуудыг эрэмбэлэхдээ зөвхөн амжилтыг нь голлох биш тэр сумын заанд, залуу бөхөд тахимаа өгсөн алдааг нь тооцож эрэмбийг доошлуулж болох юм биш үү.
Бас алив барилдаанаар бөхчүүдэд мөнгөн шагнал олгох болсон нь тэднийг угжны хурга шиг байдалд оруулчихаж. Тиймээс шагнахдаа өөрийг санаачилж болно шүү дээ. Энэ санаа маань мөнгөнд дөнгөлүүлсэн бөхчүүдэд "ялын тогтоол” шиг сонсогдох байх даа. Улсын наадмын түрүү бөх 15-хан сая төгрөг гэж чамлах хүн цөөнгүй байдаг. Уг нь зөв. Цаана нь аварга, арслан цол гэдэг аугаа сайхан юм өгч байгаа. Дээр нь япончууд хүртэл зөв санаа гаргаж байна. Энэ жилийн монгол наадмын түрүү бөхөд бүтээгдэхүүнийхээ дээж сайхан "Ланд” машин өгч гялайлгалаа. Энэ мэтээр бөхийг ер нь яаж ч шагнаж болно. Амьдрал ахуйд нь сар жилээр аль нэг бүтээгдэхүүнээр хангаж болох. Тийм шагнал санаачилъя. Ингэх нь зах зээлийн жамаас гажсан хэрэг болохгүй дээ. Нөгөө талаар аймаг, сумын наадам үймүүлж ард олныг цэнгүүлэх биш доромжилсон бөхчүүдэд сахилгын шийтгэл оноосон ч буруудах юун. Барилдах эрхийг нь сар жилээр хассан ч болно. Яадаг юм. Эцсийн эцэст Монгол үндэсний наадмын гол цөм болсон бөхийн барилдааны дүрмийг боловсронгуй болгоход гол нь бөхөө зөв, цэвэр хөгжүүлэхэд төрийн бодлого үгүйлэгдэж байна. Дээрээ ламгүй юм биш гэдэг шиг хариуцсан холбоо гэж байдаг гээд өрнөл хөгжлийг нь анхаарахгүй байсаар бөх иймд хүрлээ. "Их эе” буюу их хурлаа хугацаанд нь хуралдуулж "өөрийгөө засч” чадахгүй байгаа МҮБХ-г хараад суутал хэдэн бөх нь аймаг, сум дамжаад ил цагаан луйвар хийж явдаг болов. Тиймээс чанд төрийн бодлого хэрэгтэй. Үнэнхүү шударга сайхан барилдаан үзэхийг түмэн олон хүсч байна шүү дээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин /Д.ЦЭРЭННАДМИД/
Сэтгэгдэл байхгүй байна.