РИО2016: Бразилийн шинэ БААТАР
Бразилийн жүдоч Рафаела Сильва эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Монголын тамирчин Д.Сумъяаг ялж, аварга болсноор эх орныхоо анхны алтан медалийг авч ирж, үндэсний баатар болсон. Тэгвэл тулгууртай харайлтын эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөж Олимпийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Тиаго Браз да Сильва түүний дараа үндэсний баатар болов.
Тэрээр аваргын төлөө 6,03 метр өндөр дээгүүр харайж олимпийн дээд амжилтыг эвдээд зогсохгүй Лондонгийн олимпийн аварга Францын тамирчин Рено Лавилениг ялж аварга болсон юм.
Хамгийн гол нь дөнгөж 22 настай, Сао Паулогоос гаралтай түүнийг дэлхийн хөнгөн атлетикийн тамирчид байтугай, эх орон нэгтнүүд нь ч сайн танихгүй бөгөөд эрэгтэйчүүдийн хөнгөн атлетикийн төрөлд бүтэн 30 жил тасраад байсан алтан медалийг эх орондоо авч ирж байгаа аж.
Тиаго Сильваг дөнгөж гурван настай байхад нь ээж нь орхиод явжээ. Ингээд хүүг эмээ өвөө нь өсгөсөн бөгөөд тулгууртай харайлтын тамирчин болоход нь ч хоёр хөгшин зоригжуулдаг байсан гэнэ. Тиаго сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Тэд миний эцэг эх шүү дээ, би тэдэндээ хариулж баршгүй өртэй хүн” гэжээ.
Тэрээр 2014 онд бэлтгэлийн үеэр нуруундаа хүнд гэмтэл авсан аж. Харин тэр үед нь тулж, түшиж байсан найз бүсгүй нь өнгөрсөн жил түүнтэй нэг гэрт оржээ. Тиаго өөрийгөө шашинлаг хүн гэж хэлүүлэхээс зайлсхийдэг хэдий ч, ярилцлага бүртээ бурхны тухай дурддаг юм байна.
Италийн нийслэлээс холгүй орших Формиа тосгонд бэлтгэлээ базаадаг тэрээр Өсвөрийн олимпоос мөнгөн медаль хүртэж байсан бол Риогийн олимпоос алтан медаль хүртлээ. Түүний дасгалжуулагч нь Украйны алдарт Витали Петров аж. Витали Петров дэлхийд алдартай тамирчид болох Сергей Бубка, Елена Исинбаева зэрэг олимп, дэлхийн аваргуудыг дасгалжуулж байсан туршлагатай нэгэн.
1984 оны Лос Анжелесийн олимпоос Бразилчууд эрэгтэйчүүдийн хөнгөн атлетикийн анхны алтан медалиа авснаас хойш өнөөдрийг хүртэл энэ төрөлд аваргагүй байсан юм.
Харин бороотой, техникийн сааталтай Риогийн олимпийн 10 дахь өдөр тэд шинэ аваргатай болжээ. Тиаго аварга болохын тулд хувийн дээд амжилтаа 11 см-ээр ахиулсан аж.
Сэтгэгдэл байхгүй байна.