РИО2016: Ээжийнхээ мөрөөдлийг биелүүлсэн залуу
Удмаараа хөнгөн атлетикийн тамирчид болох Свартсын гэр бүлийнхний хувьд Олимпийн наадам гэдэг мөрөөдөл мэт санагдаж байв. Арьс өнгөний үзлээс болоод Өмнөд Африкийн иргэн, хөнгөн атлетикийн тамирчин Одесса Свартс үндэсний багийн гишүүн болж чадаагүй юм. Түүний мөрөөдөл Олимпийн наадам үүнээс болж замхран алга болжээ.
Харин өнөөдөр хүү минь дэлхийн тавцан дээр зогсож байна
Харин хүү нь түүний мөрөөдлийг биелүүлсэн юм. Биелүүлэх биелүүлэхдээ эрэгтэйчүүдийн 400 метрийн 16 жилийн турш хэн ч эвдээгүй дэлхийн дээд амжилтыг эвдэж 43,03 секундын амжилт гаргажээ.
Свартсын хүү Уейд ван Ниекерк өчигдөр Риогийн олимпийн эрэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтэд түрүүлж алтан медалийн эзэн болсон юм. Тэрээр "Эхний 200 метрийг өнгөрөх үед миний ойролцоо хэн ч байхгүй юм шиг санагдсан, сүүлийн 100 метр ч гэсэн тийм л байлаа” гэжээ.
Уралдааны дараа дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт түүнд очиж өөрийн биеэр баяр хүргэсэн юм. Өдгөө 24 настай Ниекерк өмнө нь түүнтэй уулзаж байсан бөгөөд Болт түүнд "Чи 400 метрийн дэлхийн дээд амжилтыг эвдэж чадна” хэмээн урамшуулж байжээ.
Тамирчны ээж CNN-д өгсөн ярилцлагадаа "Хүү минь 29 долоо хоногтойдоо дутуу төрсөн. Туранхай яс, арьс болсон түүнийг эмч хараад эхний 24 цагийг давах юм бол хөгжлийн бэрхшээлтэй хүн л болох байх даа гэж хэлсэн. Харин өнөөдөр хүү минь дэлхийн тавцан дээр зогсож байна, хэн ингэнэ гэж төсөөлөх билээ?” гэсэн байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл байхгүй байна.