“Гурван титэм”, “Агч мод”-ны орны шигшээ багууд дараагийн шатанд
Дэлхийн цомын хэсгийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр мөсөн талбайд явагдсан тоглолтуудыг "мөнхийн хөршүүд”-ийн өрсөлдөөн гэж хэлж болно. Тэмцээний В хэсэгт "Гурван титэмт” буюу Шведийн шигшээ баг мөнхийн хөрш Финландчуудтай тоглолоо. Шведүүд хэсгийн эхний тоглолтондоо Оросуудыг хожоод байсан бөгөөд хэрвээ Финчүүдийг буулгаж авбал хэсгээс гарах болзол биелүүлэх байсан. Харин тэдний өрсөлдөгч Финчүүд эхний өрсөлдөгч болох Хойд Америкийн залуучуудын шигшээ багт хожигдоод байсан тул шийдвэрлэх, өөрөөр хэлбэл хожигдох эрхгүй тоглолт байлаа. Хоёр хөршүүд сүүлийн 2 Олимпийн наадамд таарч тоглоход Шведүүд хожоод байсан. Харин ДАШТ-нд 2013 онд Швед, 2011 онд Финланд хожиж байжээ. Харин энэ удаагийн тоглолтонд Шведүүд А.Строльман болон Л.Эрикссон нарын гоолоор өрсөлдөгчөө буулгаж авчээ. Тоглолтын 2-р үед багийн ахлагч Д.Сединий хаалганы араас өгсөн дамжуулалтыг А.Строльман Финландын хаалганд оруулж багтаа тэргүүллийг авчирсан. Шведүүдийн давамгайлал 3-р үед ч үргэлжилж цаг дуусах мөчид Л.Эрикссон Финчүүдийн хоосон хаалганд тоглолтын 2 дахь гоолыг оруулснаар Шведүүд 2 дахь ялалтаа байгууллаа. Финландчууд энэ өдөр өөрсдөд олдсон power-play-г ашиглаж чадаагүй, мөн тоглолтын төгсгөлд хаалгачаа суулгаж 6 дахь тоглогчийг талбайд гаргасан ч тусыг эс олж хаалгандаа нэмж гоол алдснаар тэмцээн өндөрлөсөн. Шведүүд хэсгийн сүүлийн тоглолтоо Хойд Америкийн залуустай хийх бол Финландчууд Оросын шигшээ багтай тоглосноор хэсгийн тоглолт өндөрлөнө.
- Финланд 0-2 Швед (гоол: А.Строльман, Л.Эрикссон)
Мөн л мөнхийн хоёр хөршийн тоглолт А хэсэгт боллоо. "Агч мод”-ны орон буюу Канадууд АНУ-ын шигшээ багийг 4-2 харьцаатай буулгаж авлаа. Уг нь тоглолтын эхлэлийг АНУ-ын шигшээ баг тун дажгүй эхлүүлж, Р.МкДона тоглолтын 5 дахь минутанд оруулсан. Гэвч Нэгдсэн Улсын шигшээ багийн давамгайлал 2 минут ч үргэлжилж чадаагүй. Канадын багаас МДюшен болон К.Перри нар 15 сек-н дотор тус бүр нэг шайбыг Америкийн хаалганд оруулсан. Ийнхүү Канадын шигшээ баг тэргүүллийг тоглолтын турш хадгалсаар өрсөлдөгч АНУ-ын шигшээ багийг буулгаж авлаа. Сүүлийн 7 удаагийн тоглолтоос Канадууд 6 удаа АНУ-ын шигшээ буулган авч байгаа нь энэ ажээ.
- Канад 4-2 АНУ (гоол: М.Дюшен, К.Перри, М.Дюшен, П.Бергерон, Р.МкДона, Ти.Жи.Оши)
Канадын шигшээ ийнхүү 2 хожил авч, дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болж байгаа бол АНУ-ын шигшээ баг хоёр дахь хожигдлоо амсаж, тэмцээнээ өндөрлүүлэхэд хүрч байна. Канадын шигшээ баг хэсгийн сүүлчийн тоглолтоо Европын шигшээ багтай хийх бол АНУ-ын баг Чехтэй тоглоно.
Сэтгэгдэл байхгүй байна.