Аргентин улсын залуус шигшээд шалгарлаа
Талбайн теннисний Дэвисийн цом 2016 оны шигшээ тоглолтонд өрсөлдөх багийн нэрс тодорлоо. Шигшээ багуудын дунд зохион байгуулагддаг талбайн теннисний албан бус багийн Дэлхийн аварга болох Дэвисийн цомын 2016 оны шигшээд Аргентины шигшээ баг болон Хорватын шигшээ багууд шалгараад байна.
Хуан Мартин дел Потрогоор удирдуулсан Аргентин улсын шигшээ баг хагас шигшээд 2015 оны Дэвисийн цомын аварга Их Британи улсын шигшээ багийг 3-2 харьцаатай хожсон. 4 тоглолтын дараах байдлаар тооны харьцаа 2-2 болоод байсан бөгөөд шийдвэрлэх 5 дахь тоглолтоор ялагч тодрох болсон. Ингээд шийдвэрлэх тоглолтыг Их Британий багаас Д.Эванс, Аргентины багаас Л.Майер нар хийсэн бөгөөд Аргентин залуу өрсөлдөгчөө 4 сетэд 3-1 харьцаатай буулгаж авчээ. Ингэснээр Аргентин улсын шигшээ баг 2011 оноос хойш анх удаагаа Дэвисийн цомын шигшээд шалгарч байна. Аргентин улсын шигшээ баг Дэвисийн цомд түрүүлж үзээгүй бөгөөд 1981, 2006, 2008, 2011 онуудад шигшээд шалгарч байсан.
- АРГЕНТИН 3-2 Их Британи (Х.М.дел Потро 3-2 Э.Мюррей, Г.Пелла 3-1 К.Эдмунд,Э.Мюррей/ Ж.Мюррей 3-1 Х.М.дел Потро, Л.Майер, Г.Пелла 0-3 Э.Мюррей, Л.Майер 3-1 Д.Эванс)
2005 оны Дэвисийн цомын аварга Хорватын шигшээ баг хагас шигшээд Францын шигшээ багийг мөн 3-2 харьцаатай хожсон байна. Тус тоглолтонд Хорватын шигшээ багийн лидер М.Чилич багтаа чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр 3 удаа талбайд гарч тоглохдоо бүгдэд нь ялалт байгуулсан нь Хорватыг ялалт байгуулахад хүргэсэн. М.Чилич ганцаарчилсан төрөлд Р.Гаскуэт болон Л.Пой нарыг буулгаж авсан бөгөөд хосын төрөлд И.Додигийн хамтаар Францын хосыг буулгаж авсан. Хорватын шигшээ баг ийнхүү 2 дахь удаагаа Дэвисийн цомын финалд шалгарч байна.
- ХОРВАТ 3-2 Франц (Б.Корич 0-3 Р.Гаскуэт, М.Чилич 3-1 Л.Пой, М.Чилич/ И.Додиг 3-1 П.Херберт/Н.Махут, М.Чилич 3-0 Р.Гаскуэт, М.Драганжа 0-2 Л.Пой)
Ийнхүү энэ оны 3 сард эхэлсэн Дэвисийн цомын тэмцээний шувтаргын тоглолт үлдэж байна. Шигшээ тоглолт 11 сарын 25-27-нд Хорват улсад болно. Шигшээ тоглолтонд Хорватууд ялалт байгуулж чадвал 2 дахь удаагаа Дэвисийн цомыг хүртэх бол харин Аргентинчууд түрүүлбэл анхны цомоо хүртэнэ.