АН-ыг лидерүүд нь “алав”
Б.БАЯР
Энэ жилийн сонгууль дууслаа. МАН ялж, АН ялагдав. Дөрвөн сарын өмнө болсон УИХ-ын сонгуульд МАН илт давуу ялалт байгуулсан. Одоо тэд УИХ-д 65 суудалтай. 2012 онд тэнцүү шахам суудал өгч байсан сонгогчдын санал ингэж савласан нь учиртай. Өнгөрсөн жилүүдэд АН өөрөө буруу ажилласан. Хэт олон бүлэглэлийнх нь зөрчил, тэр бүү хэл нам дамжин гүйдэг, урвадаг, наймаалцдаг, нийлдэг байдал хэт задгайрч, сүүлдээ үүнийгээ ч нууж хүчрэхгүй болсон. Шууд утгаараа, энэ бүхэн нь АН-ыг есхөн суудалтай болтол унагасан. Нөгөө талаар АН гэж бүтэн намаар нь буруутгах аргагүй. Энэ намын толгойд байсан, фракцын толгойлогч хэдэн хүний л толхилцоон ялагдлын эх үндэс болсон. Фракцын толгойлогч гэдэг нь сүүлийн үеийн хэллэгээр АН-ын лидерүүд юм.
Тийм байсных нь лай ланчгийг өнөөдөр АН, энэ намд итгэл үнэмшил, амьдралаа зориулан зүтгэсэн олон хүн үүрч байх шиг байна. Тэр нь сая болж өнгөрсөн Орон нутгийн сонгуулиар илрэв. Үнэнийг хэлэхэд АН энэ сонгуульд ялагдахааргүй байлаа.
МАН засгийн эрхийг авсан цагаасаа хойших хэдэн сард бүгдийг өөрсдийнхөөрөө хийх болсон. Голдуу намынхаа үзэл баримтлалын эсрэг, нийгмийн халамжийг үндсэнд нь үгүй хийв. Ер нь бол АН л хийж болох байсан алхмыг МАН хийсэн. Сонгуулийн амлалтынхаа эсрэг олон шийдвэр гаргасан нь олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн. Энэ байдал одоо ч намдаагүй байгаа.
Үндсэндээ сонгогчид Орон нутгийн сонгуульд МАН-аас өөр улс төрийн хүчнийг дэмжих хөрс суурь бүрдсэн гэсэн үг. Нийтээр биш л дээ, дийлэнх нь ийм бодолтой болоод байв.
Харин Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны АН-ын нөгөө олон "толгойлогч” нараас хэн нь ч үзэгдээгүй. Өнөөдөр УИХ-д сууж байгаа, намын даргын үүрэг гүйцэтгэгч болохоор Д.Эрдэнэбат л ганц нэг аймагт ажилласан байх. Нөгөө л З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар нь хаачсан юм. Бас намаа ялагдахад генсек байсан Ломбын Эрхэмбаяр гэж нөхөр хаана ч үзэгдээгүй дээ. Хаа очиж "хойд захын хар овоохой” С.Эрдэнэ Баянголд "дархан” гэдгээ баталж чадлаа. Хэн ч луйвардаж чадахааргүйгээр ялсан байна лээ. Баянзүрх дүүрэгт Д.Пүрэвдаваагаар удирдуулсан АН-ын залуус чардайтал үзсэн. Бор зүрхээрээ гэдэг байхаа, намынх нь дарга нараас тэнд үзэгдсэн хүн бас л байхгүй. Үнэнийг хэлэхэд Д.Пүрэвдаваа нарыг өнгөрсөн жилүүдэд намынх нь зарим лидер, УИХ-д суусан зарим хүн нь дэмжих биш дарах гэж үзсээр ирсэн юм билээ. Ингээд Баянзүрх дүүргийн АН гурван суудлаар илүү санал авч олонх болсныг Нийслэлийн сонгуулийн хороо зарласан. Гэтэл дараахан нь Тойргийн хороо нь АН-ын авсан зургаан суудлыг хүчингүй гээд МАН-ынхныг дуудаж авчраад үнэмлэхийг нь өгчихсөн байгаа юм. Гээд ч намынх нь лидерүүдээс сураг ч гарсангүй. АН-ын лидерүүд хэмээх хэдэн хүн бүгдээрээ өнөөдөр хуулийнхан хэзээ дуудах бол гээд гар утас, гэрийнхээ хонх хоёрыг чагнаад сууж байгаа гэх ажээ.
Өөр хаана, аль аймаг, дүүрэг хороонд АН-ынхан иймэрхүү байдлаар дээрэлхүүлж суугааг бүү мэд.
Энэ мэтээс үзэхэд өнөөдөр АН-д эзэн алга. Төрийн эрх барьж байхдаа "ЭЗЭН-100” хэмээх үр дүнгээ өгсөн эсэх нь мэдэгдээгүй хөтөлбөр ярьдаг байсан даа, тэд. Түүнийгээ л намдаа хэрэгжүүлэх цаг нь болжээ. Яагаад гэвэл энэ намыг өнгөтэй өөдтэй явахад хамаг эрх мэдэл, албан тушаалын бялууны томыг хүртэж, цээжээ дэлдэж явсан дээр нэр дурдсан нөхдүүд өнөөдөр "...Манай АН, миний нам, журмын нөхөд минь” гээд гараад ирсэнгүй. Яг үнэндээ тэд хэдхэн сарын өмнөх шигээ сагсайгаад гараад ирэх нүүргүй болсон л доо. Учир нь тэд л энэ намыг ийм болгосон гэж жирийн гишүүд нь хүртэл хэлж байна. Чухамдаа АН-ыг тэд л "алчихлаа”, хэрэвзээ олигтойхон ажилласан бол Орон нутгийн сонгуульд ялах л байсан юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин